Ж.Ганцэцэг: Прокурорын байгууллага  253 сая төгрөгийн хохирол барагдуулахад хяналт тавьсан

С.УЯНГА

Зөрчлийн хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ж.Ганцэцэгтэй ярилцлаа.

 

-Зөрчлийн хууль хэрэг­жиж эхлээд жил болох гэж байна. Хуулийн нэр томьёо, хүлээлгэх хариуцлагын талаар тодруулахгүй юу?

-Зөрчлийн тухай хууль өнгөрсөн оны дол­дугаар сарын 1-нээс хэ­рэг­жиж эхэлсний да­гуу прокурорын бай­гуул­лага  эрх бүхий байгуул­лагуудын  зөрчлийн  хэрэг  бүртгэх үйл ажиллагаанд  хяналт тавин ажиллаж  байна. Зөрчлийн тухай хууль өмнө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж бай­сан 1992  оны Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбар  220 гаруй  хуулиар   шийтгэл  оногдуулж  байсан  зөрч­лүүдийг төрөлжүүлэн  нэгт­гэж,  хүний хууль ёсны эрх, эрх чөлөөг  хамгаалах бодлогыг шинээр авч үзэх хэрэгцээ шаард­лагад тулгуурлан, үүнд ний­­цүү­лэн шинэчлэн  най­руул­сан  зөрчлийн  ту­хай анхны хууль юм. Харин  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нь эрх бүхий байгууллага, хууль хяналтын  бай­гуул­лагаас  аливаа зөрчлийг  хуульд заасан  үндэслэл журмын дагуу шалгаж тогтоох, зөрчил үйлдсэн бол шийтгэл оногдуулах,   хэрэв зөрчил гаргаагүй бол  шийтгэлээс чөлөөлж  шударга  ёсны зарчмыг  хэрэгжүүлэх, зөрчил шал­­гах  явцад бусдын хууль ёсны ашиг со­нирх­­­лыг хангаж ажиллах зо­рилт бүхий хууль гэж ойлгож болно. Зөрчлийн тухай хуульд  “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оног­дуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж хуулиар тодорхойлсон.   Бид  хууль зөрчсөн  үйлдэл  гэж   юу болохыг амьдрал дээр ойлгож, төсөөлдөг боловч эс үйлдэхүй гэж чухам юуг хэлээд  бай­гааг  тэр бүр ойлгож, мэддэггүй, тиймдээ ч зөрчилд холбогдох  явдал нийтлэг байдаг. Тэгвэл  эс үйлдэхүй  гэдэг нь   тухайн хүн  нийгмийн харилцаанд оролцохдоо  түүнд хүлээлгэсэн ний­тээр дагаж мөрдөх эрх зүйн үүргийн дагуу хийх  ба үйлдэх ёстой  байсан  үйлдлийг  хийгээгүйн  улмаас  гэм хор учирсан, гэм буруутай,  нийгэмд аюултай, хүний идэвхгүй зан үйл гэж  ойлгож  болно. Түүнчлэн эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуу­лахдаа зөрчил  үйл­дэхэд  ашигласан  аливаа  эд зүйл, хэрэгсэл, хууль бус олсон орлогыг  хураах, зөрчлийн улмаас бусдад учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах, албадан эмчилгээ, албадан сургалтад хамруулах зэрэг албадлагын  арга  хэмжээ  хэрэглэж  болохыг  хуу­лиар зохицуулж  өгсөн.

-Хуулийг хэрэгжүүлэ­хэд эрх бүхий байгуулла­гуу­дад тулгарч байгаа бэрх­шээл?

-Хуулиар зөрчил шал­ган шийдвэрлэх эрх бү­хий 28 албан тушаалтан, ул­сын байцаагчийн  бү­рэн эрх, чиг үүргийг тодор­хойлж өгсөн. Тухайлбал, мэргэжлийн хяналтын,  гаалийн, татварын, оюуны өм­чийн, бүртгэлийн , сан­хүү­гийн, хилийн төлөө­лөгч, төрийн тус­гай хамгаалалтын эрх бүхий албан тушаалтан,  консулын ажилтан гэх мэт. Өөрөөр хэлбэл, ямар зөрчлийг харьяалан, хэрхэн шалгаж тогтоох, эрх бүхий албан тушаал­тан хуульд заасан ямар ажиллагааг  бие даан хийх, ямар ажиллагааг  прокурорын  зөвшөөрлөөр явуулах,   нотлох  баримтыг  хэр­хэн цуглуулж, шал­гах, ямар шийдвэр гар­гаж болох  талаар зохи­цуулсан байгаа. Үүнээс гадна  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны  бас нэг хэрэгжүүлэгч бол шүүх байхаар хуульчилсан. Тэгэхээр  зөрчил үйлд­сэн хүн, хуулийн этгээ­дийн гэм буруутай эсэх, түүний үйлдэлд  шийтгэл оногдуулах эсэх асуудлыг  эрх бүхий албан тушаалтны явуулсан зөрч­лийн хэрэг бүртгэлт, түүнд тавих  прокурорын  хяналт, зөрчлийн та­лаар  маргаантай  асууд­лыг шүүхээр хянан шийд­вэрлэх  ажиллагаагаар  шал­гаж тогтоосноор  хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх  Үндсэн хуулийн зарчим, зөрчигдсөн эрх, эрх чө­лөө­гөө сэргээх эрх зүйн бүрэн боломж  энэ хуулиар бүрдсэн гэж үзэж болно. Түүнчлэн зөрчил  шалган шийдвэрлэх ажиллагааг  хэрэгжүүлэгч болох  эрх бүхий албан тушаалтан,  прокурор, шүүгчээс  хууль эрх зүйн хүрээнд зарим нэг шинэчлэл хийх,  захиргааны  байгууллагууд  болон  хууль, шүүхийн байгууллагын  хоорондын  ажлын уялдаа холбоог ойртуулах, зөрчлөөс урьд­чилан сэргийлэх чиглэлээр хууль эрх зүйн хүрээнд захиргааны байгууллагуудтай  хамтарч  ажиллах,  зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг  илүү шинэлэг төвшинд  хүргэх нөхцөл шаардлага бий болж байгаа нь өнөөдөр бидний өмнө тулгамдсан  асуудлын  нэг  юм.

-Прокурорын байгуул­лага  зөрчлийг арилгуулах, түүнээс урьдчилан сэр­гий­лэх, эрх бүхий ал­бан тушаалтны үйл ажил­лагаанд хуулийн заалтыг хангуулах талаар хэрхэн хяналт тавьж, ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Прокурорын тухай хуульд зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд прокурор хэрхэн хяналт  тавих эрх хэмжээг тодорхойлсон байдаг. Чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахдаа Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомж, мэргэжлийн байгууллагатай хамтран гаргасан тушаал шийд­вэрүүд болох эрх зүйн баримтуудыг удирдлага болгон хяналт тавин ажиллаж байна.

Прокурорын байгуул­лагад хянагдаж буй хэрэг материалыг прокурор хянаж шийдвэрлэх явцад гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн шалтгаан нөхц­лийг тогтоож,  дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх зо­рил­гоор холбогдох хуулийн этгээд, төрийн байгууллагуудад шаардлага хүргүүлж зөрчил дутагдлыг тухай  бүр нь  засуулах арга хэмжээ авдаг. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж  эхэлснээр  прокурорын  байгууллагаас тус   хуу­лийн хэрэгжилтэд  хяналт тавих, зөрчлийн хэргийн дугаар олгох, эрх бүхий албан тушаалтнаас зөрчил  шалгах  ажиллагаа  хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тавих хяналтын ажлын  ачаалал, үүрэг хариуцлага нилээд нэмэгдсэн гэж үзэж бол­но. Прокурорын байгуул­лагын мэдээ  тайлангаас  үзэхэд  гарч байгаа зөрч­лийн тоо өндөр байгаа харагддаг. Энэ нь урьд  өмнө бусад холбогдох хуу­лиудад зөрчил гэж үздэггүй байсан үйлдлийг зөрчилд тооцож шалгадаг болсон, мөн  зөрчил гэж үзэж байсан үйлдлүүд нь бүрэн  бүртгэгдэж,  шалгагдаж  байгаагүйтэй  холбоотой.

Ингэснээр зөрчлийг  багасгахад хууль хяналтын байгууллага, иргэдийн оролцоо чухал  болсныг  харуулж  байгаа  юм. Тухайлбал, Нийслэлд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар  зөрчлийн шинжтэй 249530 гомдол мэдээлэл хүлээн авч, 9848 нь татгалзаж, 4548-д нь зөрчлийн хэрэг нээ­сэн. Мөн 233615 гом­дол мэдээллийг хялбар­шуулсан журмаар шал­ган шийдвэрлэж, про­ку­рор  зөрчлийн ул­маас иргэд, хуулийн эт­гээ­дэд учруулсан 253387180 төгрөгийн хохир­лыг барагдуулах үйл ажил­лагаанд хяналт тавилаа. Мөн эрх бүхий албан ту­шаалт­ны зөрчил шал­ган шийдвэрлэх үйл ажиллагаан дахь хууль тогтоомжийн хэрэг­жилтийг  30 удаа шалгаж, 74 зөрчил  илрүүлж, 25 шаардлага бичиж, 28 хүний зөрчигдсөн  эрхийг  сэргээсэн. Мөн зөрчлийн хэрэг бүртгэлтийн яв­цад эрх бүхий албан тушаал­танд зөрчил шалгах ажил­лагааны талаар 540 даал­гавар бичиж, биелэлтийг нь тооцож  ажилласан.

Хуулийг  практик үйл ажиллагаанд хэрэгжүүлж  эхлэхэд хүндрэл  бэрх­шээл, тулгамдсан шийд­вэр­лэх асуудлууд нэлээд гарч байгаа. Зөрчлийн тухай хуулийн  ач хол­бог­дол, давуу  талыг дээр дурьдсанчлан  бид үгүйсгэж  болохгүй.  Харин засч залруулах өөрчлөн ши­нэч­лэх заалтууд ч  н­э­­лээд­­гүй байгаа. Бид энэ тохиолдолд хууль хэ­рэг­­­лээний  явцад гарч буй  нөхцөл байдал, зөрчилдөөнтэй асуудлуудыг  тухай бүр нь дээд шатны прокурорт  танилцуулж, хууль тогтоох байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулж  байна.

-Гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх нь хувь хүний ухамсартай холбоотой. Түүнчлэн хууль, хяналтын байгуул­лага урьдчилан сэргийлэх ажлыг олон нийтэд мэдээ­лэх хэрэгтэй болов уу?   

-Гэмт хэрэг, зөрчил хоёр нь  нийгэмд аюултай байдлын шинж чанараараа  ялгагддаг. Өөрөөр  хэлбэл,  гэмт хэргийн  улмаас учирч байгаа хор уршиг, хохирол зөрчлийнхөөс  илүү байдаг онцлогтой.  Хүн бага  багаар зөрчил гаргасаар байгаад гэмт хэрэг үйлдсэн  тохиолдол цөөнгүй байдаг.  Жишээлбэл, Ой модыг хууль бусаар огтлох зөрчил бага хэмжээний зөрчил мэт харагдавч учруулсан хохирол нь их хэмжээтэй бол эрүүгийн гэмт хэрэг болдог. Ер нь хүн амьтнаас ялгагдах хамгийн том ялгаа буюу  аспект, хүчин зүйл нь  ёс суртахуун /moral/ юм. Зөрчилд холбогдохгүй, зөрчил үйлдэхгүй байна гэдэг хүний ухамсар, ёс суртахуунаас ихээхэн хамаа­ралтай. Тиймээс бид  али­ваа  зүйлд  ёс сурта­хуунтай  хандаж,  хууль дүрмээ биелүүлж явах нь чухал.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин