Д.Хаянхярваа: Ерөнхийлөгч Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарыг дэмжинэ гэж тохиролцсон юм билээ

С.САРУУЛ

Япон, Канадад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарыг томилохоор Их хурлаар хэлэлцэж дэмжсэн ч  Ерөнхийлөгч батламжлахгүй жил тойрч байгаа юм. Ерөнхийлөгч тэднийг гадаадад Монгол Улсыг төлөөлөх туршлага дутна гэж үзсэн байдаг. Гэтэл өчигдөр /2018.05.15/ МАН-ын бүлэг Элчин сайд нарыг томилуулах асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарыг яаралтай томилуулах талаар ярилцжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа  сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “ Австрали болон Тайланд улсад суух Элчин сайдыг Ерөнхийлөгч дэмжээгүй гэсэн асуудал бүлгийн хуралдаанаар яригдаагүй. Засгийн газартай Ерөнхийлөгч ярихдаа “Дэмжинэ. Гэхдээ цаг хугацааны хувьд ярилцъя” гэсэн тохиролцоонд хүрсэн юм билээ. Ер нь Элчин сайдыг томилох асуудлаар Монгол Улсын түүхэнд анх удаа ийм ойлгомжгүй асуудал гарч байна. Өмнө нь Япон, Канад Улсаас Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарыг Элчин сайдаар суулгахыг дэмжсэн албан бичгээ явуулсан. Дээрх хоёр хүн Гадаад харилцааны салбарт олон жил ажилласан, туршлагатай хүмүүс тэд хариуцсан ажлаа сайн хийгээд явж чадна гэж бодож байна” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn