Б.Саранчимэг: 2.5 тэрбумын орлоготой бол нэг хувийн татварт хамруулна

С.САРУУЛ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-МАН-ын бүлэг Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих хуулийг хэлэлцэж дэмжсэн гэсэн. Хуулийн талаар мэдээлэл өгнө үү?

-Намын бүлэг Улсын бүртгэлийн ерөнхий хуультай холбоотой багц хууль, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, зарим оронд Элчин сайдуудыг томилох тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцсэн.  Засгийн газраас боловсруулж, гишүүдийн саналыг тусган оруулж ирсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд явах нь зүйтэй гэдэгт бүлгийн гишүүдийн олонхи нь санал нэгдсэн.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилсан Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хуулийн гол зорилго нь орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Уг хуульд зааснаар 9-200 хүртэлх ажилтантай 2.5 хүртлэх тэрбумын орлоготой аж ахуйн нэгжүүдийг жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний байгууллага гэж үзэхээр тусгасан байна.

-Эдгээр аж ахуйн нэгжүүд хэдэн хувийн татвар төлнө гэсэн үг үү?

-Дээрх тодорхойлолтод багтаж байгаа аж ахуйн нэгжүүд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авах боломжтой. Жилд нэг удаа тайлан гаргаж, нэг хувийн татвар төлдөг болох зохицуулалт хийхээр заасан. Бүлгийн гишүүдийн зүгээс ойрын хугацаанд Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийг сайтар хэлэлцэж, цаг алдахгүй батлан 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөх нь зүйтэй гэсэн санал гаргасэн.

-Элчин сайдуудын томилгооны асуудал дээр санал нэгдсэн үү. Тухайлбал, Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нар  туршлага муутай учраас Ерөнхийлөгч дэмжихгүй байгаагаа хэлсэн?

-Дөрвөн Элчин сайдтай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Шведэд суух Элчин сайдаар О.Энхцэцэг, Японд суух Элчин сайдаар Д.Батжаргал, Канад Улсад суух Элчин сайдаар Я.Ариунболд, Их Британид суух Элчин сайдаар Н.Тулга нарыг нэр дэвшүүлснийг хэлэлцэж, хуулийн дагуу байнгын хороогоор хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзлээ.

Австрали болон Тайланд улсад суух Элчин сайдыг Ерөнхийлөгч дэмжээгүй гэсэн асуудал бүлгийн хуралдаанаар яригдаагүй.

-Нэг хувийн татварт ямар аж ахуйн нэгжүүд хамрагдах вэ?
-Барилгын салбар болон сүлжээ дэлгүүрүүд нэг хувийн татварт хамрагдахгүй. 9-200 хүний ажлын байр бий болгосон 2.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдийг үүнд хамруулна. Энэ хуулийн агуулга нь иргэдийг ажлын байртай болгоход анхаарч байгаа.
– Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл Татварын хуультай хэрхэн уялдаж байгаа вэ?
-Хэлэлцүүлгийн явцад хоёр хуулийн ялгаа, давхцлыг арилгахад анхаарч ажиллана. Одоогийн жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл олгож байгаа байдлыг харахад хуулийн зохицуулалт бүрхэг байна. Бүлэг дээр жижиг, дунд үйлдвэрлэл нэрийн дор том аж ахуйн нэгжүүд зээл авч байна гэсэн шүүмжлэл гарч байна. Хөрөнгийг хэрхэн яаж зарцуулах вэ гэдгийг тодорхой болгох санал гарсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг банкаар дамжуулах уу, сангаар уу эсвэл агентлаг байх уу гэх мэтчилэн ярилцсан байгаа.

Эх сурвалж: www.polit.mn