Богдын музейн газарт үндэсний урлагийн театр байгуулахыг шаардав

С.САРУУЛ
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан, Г.Мөнхцэцэг, Ж.Мөнхбат нарын гишүүд Богд хааны ордон музейтэй холбогдуулан мэдээлэл хийв. Тэд Богд хааны ордон музей болон Дондогдулам хатны бунханы эргэн тойрны газрыг бусдад олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах болон цаашид хамгаалах асуудлаар Ерөнхий сайд, салбарын яам, хотын удирдлагад шаардлага хүргүүлжээ. Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Богд хааны ордон музейн талбайг 5.7 га байхаар тогтоосон байдаг. Гэтэл өнөөдөр дээрх талбайд зориулалтын бусаар хэд хэдэн барилга баригдсан. Богд хааны ордон музейн эзэмшил, хамгаалалтын бүсэд түүх, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглосон Засгийн газрын тогтоол байдгийг гишүүд онцоллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Нэгдүгээрт, Засгийн газрын 96 тогтоолыг зөрчин музейн эзэмшил газарт барилга байгууламж барьж байгаа асуудлыг нэн даруй зогсоож, тухайн газрыг нөхөн сэргээлгэх ёстой. Хоёрдугаарт, Богдын музейн эзэмшил газарт баригдсан барилгуудыг татан буулгах, тусгай зөвшөөрлийг цуцлаж, нийт талбайг 5.7 га байхаар гэрчилгээ олгож, дархлах хэрэгтэй. Гуравдугаарт, Богд хааны ордон музейн газарт байнгын харуул хамгаалалт бүхий түүх соёлын цогцолбор барих, орчин үеийн стандартад нийцсэн сонгодог музей бүхий үндэсний урлагийн театр барьж байгуулах тухай шийдвэрийг нэн даруй гаргах,
Дөрөвдүгээрт, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монголын сүүлчийн хатан Дондогдуламын бунханг эвдэн зайлуулж, зуслангийн байшин барих зөвшөөрөл олгосныг яаралтай цуцлаж, тус газрыг тусгай хамгаалалтад авч соёлын өвд бүртгүүлэхийг шаардаж байгаа. Богд хааны ордон музейн газрыг хамгаалах нэрийдлээр газар авсан компаниуд үнэхээр хамгаалах гэж авсан уу, ямар учраас нэр дээрээ байлгаад байгааг тодорхой болгох хэрэгтэй. Цаашид Монголын түүх соёлыг дэлхийд сурталчлах зорилгоор төр өөрийн хөрөнгөөр барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулмаар байна.  УИХ-аас гарсан ажлын хэсэг соёлын өвийг хамгаалж буй барилга байгууламжуудтай танилцаад дүгнэлтээ гаргасан. Байнгын хорооны хуралдаанаар танилцуулаад явна. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд барилга байгууламжийн талаар 24 заалт тусгасан байдаг. Гэтэл эдгээр заалтуудын заримтыг батлаагүй явчихсан байдаг. Иймд бид нэмж батлах 10 гаруй заалт байна. Өнөөдөр түүх соёлоо хамгаалж үлдэх нь чухал асуудал болоод байна. Иймд хэвлэл мэдээллийнхэн болон соёлын өвийг хамгаалагчидтай энэ чиглэлд тууштай хамтарч ажиллах болно” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn