“Монголд ажиллаад ядуу байж болохгүй”

 

Р.Оюун

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтын өмнөх суултыг Сүхбаатарын талбайд зарлалаа. Монгол Улсад өнөөдөр хөдөлмөрийн мөлжлөг явагдаж байна. Энэ мөлжлөгийг халж шударга үнэлэмжийг тогтоох ёстой. Өнгөрсөн баасан гаригт Эрүүл мэндийн яамнаас шаардлагын хариу ирүүлсэн ч үр дүн гарахуйц хариу биш болохоор суултаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Бид суултаа ажил хаялт хийх хүртэл үргэлжлүүлнэ. Харин энэ тэмцлээс бодит үр дүн гарах хэрэгтэй. 2014 оноос хойш цалин нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. 2018 оны II улиралд багтааж 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Ажилтай ядуусын эгнээнд эрүүл мэндийн салбарынхан шилжээд байна хэмээн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллагууд болон анхан шатны Үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга нар ярьж байлаа.

 

Энэ үеэр холбогдох албаны хүмүүсийн сэтгэгдлийг сонирхлоо.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Цогтбаатар: Хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэх шаардлагатай гэдгийг ярьж байгаа

 

-Энэ сарын 8-нд манай салбарын эмч, сувилагч нар хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлс хүнд байгаа талаар жагсаал хийж, таван тодорхой шаардлагыг ЭМЯ болон төр, засагт хандаж тавьсан байгаа. Үүний дагуу гурав хоногийн хугацаанд асуудлыг судалж, тодруулаад ямар үйл ажиллагаанууд хийсэн. Цаашид ямар бодлого, шийдвэрүүдийг гаргуулахаар эрүүл мэндийн салбар ажиллаж байгаа гэдгийг холбогдох мэдээлэл, тодруулгыг хуулийн хугацаандаа багтаж өгсөн. Засгийн газрын 150 дугаар тогтоолоор хөдөлмөрийн үнэлэмж, ур чадвар, ажлын гүйцэтгэлээс нь хамаарч улиралд 10-15 хувийн нэмэгдэл олгох журам байдаг. Энэ журмыг шинэчлэхээр 2018 оны нэгдүгээр сараас эхлэн ажил зохион байгуулагдаад Засгийн газрын тогтоолын саналыг боловсруулаад бүх яаманд хүргүүлээд саналаа авч байгаа. Дараагийн шат нь Засгийн газар хуралдаанаар оруулаад нэмэгдлийг 10-15 хувь байсныг 15-20 хувь буюу улиралд 60 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ гэсэн асуудал явж байгаа. Таван шаардлагын дөрөв дэх нь энэ асуудал байгаа. Эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэх шаардлагатай гэдгийг ярьж байгаа. Эрүүл мэндийн салбар, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар хамтраад 2017 оны I улирлаас эхлээд хөдөлмөрийн үнэлэмжийг дөрвөн хүчин үндсэн зүйл буюу ажлын байрны орчин нөхцөл, ажлын гүйцэтгэл, ажлын ачаалал, ур чадварт үндэслээд шинчэлэн тогтоох ажилд үнэлгээ хийж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын аргачлалын дагуу хийсэн үнэлгээ. Үүний үр дүн, зөвлөмж дээр суурилаад ХНХЯ асуудлаа боловсруулаад Засгийн газрын төвшинд асуудлыг оролцуулж хэлэлцүүлснээр хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэх, шатлал зэрэглэл ахих боломж бий. Үүний дагуу тодорхой мэргэжлийн сувилагч нарын цалин ТҮМ2-оос долоо хүртэл ахина. Сувилагч нар 2000 оноос эхлээд бакалавр зэрэгтэй, дээд боловсролтой мэргэжилтэн болоод явж байгаа. Тиймээс үүндээ дүйцсэн цалин авах боломж нь бүрдэнэ гэсэн үг.

Нийгэм, хөдөлмөрийн салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хорооны зохицуулагч Д.Бямбаа: Төсвийн хомсдол үүслээ гээд дөрвөн жил цалинг хөдөлгөөгүй

-2000 он хүртэл цалингийн бодлогыг барьж байхдаа нийтэд зарладаггүй, аядуу аргаар жилд хоёр удаа нэмдэг байсан. Ийм аядуу зөөлөн бодлого хүмүүсийг доройтолд оруулдаггүй юм байна. Яагаад гэвэл худалдан авах чадвар нь хадгалагддаг. Манайхан сүүлийн үед хэтэрхий улстөржингүүт аль ч намд нялцаах хэрэггүй. Том улстөрчид цалинг 20 хувь нэмлээ гэхэд талх, шатахууны үнэ нэмэгддэг. Гэтэл сүүлийн үед төсвийн хомсдол үүслээ гээд дөрвөн жил цалинг хөдөлгөөгүй. Манай ЭМЯ-ныхан сүүлдээ юу ярьж байна гэхээр олон хувилбарт норматив цалингийн тогтолцоог ярьдаг болсон. Энэ нь эдийн засгийн боломжтой хүмүүсийн цалин өндөр өгч байгаа үед хөгжсөн орнууд хэрэглэж болно. Түүнээс хүртэж ядсан мөнгөн дээр жижиглэсэн норматив олон тогтолцоо бүтэхгүй. Нөгөө Баярцогтын 20 мянган хувьсагчтай гэрээ гэдэг шиг юм болно. Өнөөдөр цалингийн бодлогыг Сангийн яам барьж байна. Би Хөдөлмөрийн яаманд 30 гаруй жил ажилласан. Дараа нь ЭМЯ-тай нэгдсэн үед энэ яамны нэгдүгээр газрын дарга байсан. Тэгэхээр цалингийн бодлогоо тавиад туучихсан засагт өнөөдөр энэ тэмцэгчдэд хэлэх үггүй болчихоод байна. Үүний хариуцлагыг хэн үүрэх ёстой вэ гэхээр нэгдүгээрт, Хөдөлмөрийн сайд үүрэх ёстой. Ингээд салбарын, эрүүл мэндийн сайд нар тодорхой үүрэгтэй нийгмийнхний асуудлыг шийдэхгүй бол ялангуяа, төрийн үйлчилгээний гэдэг статустай улсууд доод төвшинд уначихлаа. Хувийн хэвшлийн салбарын дундаж цалингийн судалгаагаар 950 мянгаас нэг сая төгрөг байхад эрүүл мэндийн салбарынхных 2-3 дахин бага байна. Тиймээс нутагтаа мэргэшсэн хүмүүс ажиллахаа больжээ. Монголд ажиллаад ядуу байж болохгүй. Ажиллаж байгаа хүн амьдралаа авч яваад өлсөхгүй байх ёстой. Хөдөлмөр нь үнэлэгдэж бий болгосон улс хөгждөг. Хөдөлмөрлөөд байгаа хүнийг үнэлэхгүй, цалин орлогогүй байлгахаар хөдөлмөрийн нөөц нь урсдаг. Лангууны ард хэчнээн алтан гартай багш, эмч нар байна вэ. Үнэхээр харамсмаар, хэчнээн жил бэлтгэсэн үнэт капитал хүнийхээ нөөцийг ашиглаж чадахгүй байгаа болохоор энэ хүмүүсийн зөв. Цалингийн үнэлэмж байхгүй болсон. Чадалтай эмч нар нь хувийн эмнэлгүүдэд давхар ажилладаг болж.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа: Бидэнд сайдтай л уулзах хүсэл, мөрөөдөл байна

-Манай эрүүл мэндийн салбарынхан салбарын яамтайгаа хамтарч ажилладаг. Гэсэн хэдий ч дорвитой үр дүнд хүрдэггүй, асуудал цаасан дээр бичигддэг. Бид эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг энэ оны II улиралд багтаан 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх, хоёрдугаарт, сувилагчийг төрөөс дэмжих, нийгмийн хамгаалал, хүний нөөцийг тогтоон барих, хүний нөөцийн бодлого, бүтэц үйл ажиллагааны стандартын дагуу орон тоогоор ажиллуулахад шаардагдах хөрөнгийг 2019 оны төсвийн тодотголд бүрэн тусгаж, хэрэгжүүлэх. Гуравдугаарт, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлд хамрагдаагүй ажил, мэргэжлүүдийг бүрэн хамруулж, 2018 оны гуравдугаар сарын 16-нд ХНХЯ, ЭМЯ-тай хамтран, нийслэл, 21 аймгийн төлөөллийн оролцоотой зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан саналыг бүрэн тусгаж, III улиралд багтаан батлуулж шаардагдах хөрөнгийг төсөвт тусгаж хэрэгжүүлэх. Дөрөвдүгээрт, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэн нэмэгдүүлэх, нэмэгдэл хөлс, урамшуулалтай холбоотой журмуудын нөхцөл, шаардлагыг шинэчилж, хамрах хүрээг өргөжүүлэх. Тавдугаарт, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлсийг олгож, 2018 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих санхүүжилтын 3.2 тэрбум төгрөгөөр ажилчдын цалинг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн шаардлагыг УИХ, Засгийн газар, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, Төсвийн байнгын хороо, ЭМЯ-нд хүргүүлсэн байгаа.

-Зэрэглэлд хамрагдаагүй ажил, мэргэжлүүдийг бүрэн хамруулах гэж байна. Үүнд яг ямар хүмүүс байгаа юм бэ?

-Эрүүл мэндийн салбар гэж ярьдаг хэрнээ ЗӨСҮТ-ийн биологич нар эрүүл мэндийн салбарт хамрагддаггүй. Гэтэл хамгийн хүнд оношилгоо хийдэг хүмүүсийг оруулахгүй байна гэж саналаа хэлсэн. Мөн уламжлалтын болон арьсны эмч нарын  үнэлгээ доогуур гарч ирсэн байх жишээтэй. Үүнийг салбар дотроо яриад шийдье гэхээр шийдэхгүй байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас цалингаа 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардсан. Гуравдугаар сарын 16-нд хэлэлцүүлэг зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 6-нд салбарын үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга, идэвхтэн сонгуультнуудын улсын зөвлөгөөнөөр энэ асуудал шийдэгдэхгүй байна. Ажил хаялт зохион байгуулъя гэсэн шийдвэр гарсан. Гэхдээ бид хүний алтан амьд хариуцсан, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг турхирч байгаа юм шиг ажил хаяна гэж байхгүй. Хоёрдугаарт, ажил хаялт маань хуулийн дагуу хугацаатай явагддаг үйл ажиллагаа. Тиймээс ажил хаялтын өмнө энэ асуудлаа шийдчих боломж, гарц нь байна уу гээд суулт хийж байна. Ажил хаялтын суултыг өдөр бүр нэг цагаар ахиулахаас гадна хүмүүсээ бас өдөр өдрөөр нь нэмнэ.

-Шаардлагын хариу ирсэн үү?

-Төсвийн байнгын хорооноос хариу ирсэн. Гэхдээ тэр хариу нь Сангийн яам руу энэ асуудлыг шийдэх талаар судалгаа, шинжилгээ хийгээчээ гэсэн бичиг байсан. ЭМЯ-наас Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Содномжамцын гарын үсэгтэй бичиг ирсэн. Бид Д.Сарангэрэл сайдын нэр дээр энэ шаардлагыг явуулсан. Сайд яагаад өөрөө гарын үсгээ зураад шаардлагын хариуг ирүүлдэггүй юм бэ. Ер нь ирж байгаа бичгүүд дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй ирж байна. Сайд яагаад үүнд оролцдоггүй юм бэ. Сайд Засгийн газрын бүрэн эрхийг хангасан хүн хэрнээ шаардлагад гарын үсэгтэй хариугаа ерөөсөө ирүүлдэггүй. Хоёрдугаарт, бид яамнаас бичгээр ирсэн хариунуудыг хариу гэж тооцохгүй. Сайдыг бидэнтэй нүүр тулан уулзаж асуудлаа шийдье гэсэн саналыг тавьж байгаа.

-Сая яамнаас гурван хүн ирлээ. Та нартай юу шийдэв?

-Сая ирсэн гурван хүн удирдлагын төвшинд бид хамтарч ажилладаг учраас яамны удирдлагын багийн бүрэлдэхүүнтэй уулзаач гэсэн санал тавьсан. Бид сайдаас доошоо төвшний хүмүүстэй өнгөрсөн жил их ажилласан ч үр дүнд хүрдэггүй. Тиймээс одоо сайдтай яг тулж уулзаж асуудлаа, зовлон жаргалаа яриад ингэе, тэгье гэсэн гарц гаргалгаагаа яриад шийдэх асуудлыг тавьж байгаа. Бидэнд сайдтай л уулзах хүсэл, мөрөөдөл байна.

Эх сурвалж www.polit.mn