АН: Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох асуудлаар цэцэд хандана

С.САРУУЛ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн  /2018.05.14/ хуралдаанаараа  Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. АН-ын бүлгээс хүүхдийн мөнгийг ялгаварлан гадуурхаж болохгүй. Тиймээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохгүй бол хүүхдийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж, Үндсэн хуулийн цэцэд  хандана гэж мэдэгдлээ.

Мөн сөрөг хүчин Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулах асуудлаар Засгийн газарт хоёр ч удаа хандаж шаардлага хүргүүлээд байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөхгүй байгаа учраас дахин сануулж байгаа гэлээ.

Энэ үеэр бүлгийг дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар болон бусад гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Дараагийн хүмүүсийг томилох асуудлыг УИХ болон холбогдох байгууллагууд хэзээ томилох вэ. АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцсэн үү? 

-Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хугацаа дуусгавар болсон. Хугацаа дууссан зайлшгүй солих ёстой. Ерөнхийлөгч, УИХ-аас дараагийн хүмүүсийг нэр дэвшүүлж, өргөн барих ёстой.

-Ерөнхийлөгчөөс АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох шийдвэр хүргүүлсэн ч байнгын хорооны зүгээс дэмжихгүй буцаасан. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл мөн үү?

-АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлсэн асуудлыг Хууль зүйн байнгын хороо буцаасан нь хууль зөрчсөн гэх үндэслэлтэй байгаа юм.  Хууль зүйн байнгын хороо хүсэлтийг хүлээж аваад дэмжсэн, дэмжээгүй ч УИХ-ын чуулганд танилцуулах ёстой үүрэг нь зөрчигдсөн гэж үзэж байна. Энэ хуулийн зөрчлийг арилгах ёстой гэж УИХ-ын даргаас шаардана. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан үйлдэл болно.

-С.Зоригийн хэргийн асуудлаар УИХ-ын зарим гишүүнд хэрэг үүсгэн  шалгаж магадгүй гэсэн мэдээлэл ч байна?

-УИХ шүүх байгууллага биш. С.Зоригийн хэргээр энэ УИХ, улс төрийн намууд олон жил улс төрийн ашиг хонжоо харж ажиллаж байгаа. Тэр хүний асуудлыг хууль дээдлэх зарчим байгуулдаг улс юм бол хуулийн байгууллага шийдвэрлэх ёстой. Хөндлөнгөөс улстөрчид орж, УИХ-ын гишүүд хөндлөнгөөс оролцох нь буруу юм. УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхээ биелүүлэхгүй байж бусдын хэрэгт оролцоно гэдэг нь ямар нэг барьцаалагдсан асуудал байгаа гэдэг хардлагыг нийгэмд бий болгоно. Тиймээс хуулийн байгууллага шийдвэрлэх эрхийг нь олгох ёстой.

Эх сурвалж: www.polit.mn