Ч.Очгэрэл: Эсрэг дүр илүү авьяас шаарддаг

Ч.ГАНТУЛГА

“Утасны анд” энэ удаад дуучин, жүжигчин Ч.Очгэрэлтэй холбогдлоо. Тэрээр хамгийн сүүлд “Говийн домог” кинонд дүр бүтээсэн бөгөөд одоогоор “Яг түүн шиг” шоугаар үзэгчидтэй уулзаж байна.

 

-Сайн байна уу. Өдрийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе.

-“Яг түүн шиг” шоугаар үзэгчидтэйгээ мэндчилсэн. Шоунд оролцох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Үнэхээр догдолсон. Гэхдээ залуу уран бүтээлчийн хувьд өөрийгөө сориод үзэхээр шийдсэн. Өөрийгөө ч танихааргүй өөрчлөгдөж, үзэгчдэд жинхэнэ шоу үзүүлмээр байна.

-Үүнээс гадна та “Говийн домог” кинонд  дүр бүтээсэн?

-“UBS” телевизтэй хамтарч гурав дахь дэлгэцийн уран бүтээлээ өлгийдөж авлаа. Энэ бүтээл домгийн сэдэвтэй. Тиймээс илүү тоглолт, ур чадвар шаардсан. Бид жилийн дөрвөн улиралд зураг авалт хийлээ. Үүнээс гадна Буриадын алдартай жүжигчинтэй хамтран тоглож, их туршлага хуримтлууллаа.

-Дүрийнхээ тухай тодотгооч. Үзэхэд их хурц, ширүүн төрхтэй харагдаж байсан?

-Исэргэн хатны дүр их өвөрмөц. Хааны ордонд, ямар ч аз жаргал, үр хүүхэдгүй залуу насаа үдэж буй бүсгүй. Хэдийгээр анх харахад их ширүүн, хүйтэн хөндий юм шиг боловч киноны төгсгөлд хувирдаг.

-Таныг эсрэг дүр сайн бүтээдэг гэх юм билээ?

-Эсрэг дүр тухайн жүжигчнээс илүү авьяас, ур чадвар шаарддаг юм билээ. Тиймээс дүрээ сайн судалж, чадахаараа бүтээхийг хүсдэг. Хэдийгээр би мэргэжлийн жүжигчин биш ч оролцсон уран бүтээл бүртээ өөрийгөө дайчилж, хариуцлагатай хандахыг хичээдэг.

-Та МУИС-ийг дипломатич мэргэжлээр төгссөн. Яагаад урлагт дурласан юм бэ?

-Анх “Universe best songs” наадамд оролцсоноор урлагт илүү дурлах болсон. Удалгүй “Мартагдашгүй намар”, “Содура” гэсэн бүтээлд тоглох боломж олдсон. Мэргэжлийн уран бүтээлч биш ч надад тэр итгэлийг хүлээлгэсэн болохоор би алдахгүйг хичээсэн.

-Киноны санал их ирдэг үү?

-Уран бүтээлийн санал ирдэг ч одоогоор нялх хүүхэдтэй болохоор тэр бүр анхаарал хандуулж чадахгүй л байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин