Г.Баярцогт: Эрчим хүчний алдагдлыг 13.9 хувь бууруулсан

Д.ОЮУНЧИМЭГ

“Бизнес, хөгжил” булангийн зочноор “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярцогтыг урилаа.

 

-Энэ жилийн “ТОП 100” аж ахуйн нэгжийн нэгээр танай компани шалгарлаа. Өнгөрсөн онд хийсэн ажлынхаа талаар ярилцлагаа эхэлье?

-Манай компани өнгөрсөн онд хийхээр төлөвлөсөн ажлынхаа зорилтыг биелүүлсэн. Тухайлбал, цахилгаан борлуулалтын төлөвлөгөөгөө 102, орлого төлөвлөлтийг 101 хувиар биелүүлсэн. Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос алдангийг 15.5 хувиар бууруулах үүрэг өгснийг 13.9 хувь болгосон. Мөн манай компани өнгөрсөн жил 110 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласан. Түүнээс гадна авто паркийн шинэчлэл хийхийн зэрэгцээ 30 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмлээ. Манай компани нийт 11 аймгийн 124 сум, Монгол Улсын газар нутгийн 4/1, сум суурин газрын 3/1-ийг цахилгаан, эрчим хүчээр хангадаг. Бид ирэх өвлийг хүндрэлгүй давах бэлтгэлээ хангах үүднээс өвөлжилтийн бэлтгэл ажлаа хийгээд эхэлсэн. Одоогоор 30 хувьтай явж байна.

-11 аймаг, 124 сумын айл өрхийг цахил­гаанаар хангадаг гэж байна. Тодруулбал, аль аймгийн ямар сум хамрагддаг вэ?

-Баянхонгор, Өмнөговь, Төв аймгийн сумдууд хамрагдана.

-Цахилгаан түгээх компаниуд хэрэглэгчид цахилгааны мөнгөө төлөөгүйгээс алдагдалд орж байна гэдэг. Үүнийг бууруулах ямар шийдэл байна вэ?

-Бид нэн тэргүүнд цахилгаан эрчим хүчний алдангийг бууруулахад анхаарлаа хандуулдаг. Алдагдлыг бууруулахын тулд эрчим хүчний зохицуулах хорооноос ямар хэмжээгээр бууруулах вэ гэдэг төлөвлөгөө өгдөг. Өнгөрсөн жилийн тухайд манай компани алдангиа 15.5 хувь хүртэл бууруулах төлөвлөгөө өгснийг 13.9 хувьд хүргэсэн нь энэ жилийн ТОП 100” аж ахуйн нэгж болоход нөлөөлсөн хэмээн харж байна. Алдангиа бууруулахын тулд их засвар болон төлөвлөгөөт ажлыг хийсэн. Тухайлбал, аль шугам дээр илүү алдагдалтай байгааг нарийвчлан тогтоож түүнийг засварлах, бүхий л техникийн шийдлүүдийг хийх замаар алдагдлаа бууруулсан.

-Их засвар болон бусад ажилд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан бэ?

-Өнгөрсөн жил 6.7 тэрбум төгрөгөөр их засвар болон бусад ажлыг хийсэн. Энэ хөрөнгийг тарифаар зохицуулдаг. Үүнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос тарифт суулгаж өгнө.

-Тарифт мөнгө суулгана гэхээр өрх болон байгууллагуудад үнийн дарамт үүсэх үү. Эсвэл улсын төсөвт суулгаж өгдөг юм уу?

-Нэгдүгээрт, өрх болон байгууллагуудад цахилгааны төлбөрт дарамт үүсэхгүй. Хоёрдугаарт, улсын төсөвт ч суулгадаггүй. Цахилгаан эрчим хүчний өртөгт их засвар болон бусад засвар үйлчилгээнд зарцуулах хөрөнгийг шингээсэн байдаг юм. Түүнээс айл болон аж ахуйн нэгжээс авдаг цахилгааны төлбөр тогтмол байна. Үүнийг нэмж, хасах боломжгүй. Бидэнд нэмэх эрх ч байхгүй. Манай компа­нийн шугам нэлээд хол байрладаг. Жишээлбэл, 35-ын шугам 2900, 15-ынх 500, 10-ын шугам 2700, 0.4-ынх нь 700-800 км-т байрлана. Нийт 6000 гаруй км цахилгааны шугамыг хариуцаж байна.

-Сүүлийн үед техник, технологийн хэрэглээ өндөр байхын хэрээр цахилгааны хүчин чадал хүрэхгүй байна гэх шүүмжлэл гарах болсон. Танай компанийн хувьд?

-Манайх Диспет­черийн үндэсний төвтэй гэрээтэй ажилладаг. Тэгэхээр хэрэглэгчийн тоо өсөх нь бидэнд илүү ашигтай. Учир нь аль болох хүртээмжтэйгээр олон хэрэглэгчид цахил­гаан түгээж түүнээс олсон орлогоор зардлаа нөхнө шүү дээ. Тиймээс дараа сарынхаа борлуулалтыг хэрэглэгчээс урьдчилан авч, түүнийгээ хэрэг­лэгчийн үндэсний төвд мэдээлж, захиалга өгнө. Энэ байгууллагаас зохицуулалт хийдэг. Өөрөөр хэлбэл, тус төв тухайн сарын хэрэглээнд тохируулан дулааны станцыг ажиллуулах эсэхийг шийдэхийн зэрэгцээ эх үүсвэрүүдээсээ цахилгаанаа авдаг.

-Танай компани шинээр өргөтгөл хийж цахилгаан түгээх газруудаа нэмэх боломжтой юу?

-Боломж бий. Манайх Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлэн шугамын шинэчлэл хийж байгаа. Тиймээс хэрэглэгчийнхээ тоог өсгөх бүрэн боломжтой.

-Энэ жил хийхээр төлөв­лөсөн ямар ажил байна вэ?

-Энэ өвлийг гэмтэл, сааталгүй давахын тулд их засварын ажилд 7.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Түүнчлэн 16.2 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Дэлхийн банкны төслийг дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа. Эхний ээлжинд Эрдэнэт, Булган, Хангай гэсэн гурван том салбартаа тодорхой ажлуудыг хийж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Өвөрхангай, Хархорин салбарт ажиллах бөгөөд үүний үр дүнд ямар нэг гэмтэл согог гаргахгүй, алдагдалгүй ажиллах боломж бүрдэх учиртай.

-Цахилгаан дамжуулах шугамын тулгуур нь ихэвчлэн модон байгаа нь эрсдэлийг нэмдэг хэмээн салбарын мэргэжилтнүүд ярьж байсан?

-Манай компанийн эзэмшлийн цахилгаан дамжуулах тулгуурын 80 хувь нь хөгширөлттэй, ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрсэн. Тиймээс эхнээс нь үе шаттайгаар бетон шонгоор солих ажлыг хийж байгаа. Ингэснээр алдагдал хүлээх, гэмтэл гарах зэрэг эрсдэл буурч илүү найдвартай ажиллах боломжийг бүрдүүлж байна.

-Бетон тулгууртай болохын тулд зардал өндөр гарч байгаа талаар мэргэжилтнүүд хэлдэг. Таны хувьд?

-Сүүлийн 3-4 жилийн хугацаанд бетон тулгуурт шилжүүлэх ажлыг хийж байгаа. Мэдээж өртөг зардал нь өнөөгийн үнэ цэнээр тодорхойлогдоно. Ингэхдээ нээлттэй тендер зарлаж энэ ажлыг хийх компанийг шалгаруулдаг. Жишээлбэл, 9-12 метр урттай бетон тулгуур үйлдвэрлэдэг дотоодын компаниудын дунд тендер зарлан тендерийн нөхцөл хангасан компаниас бү­тээг­дэхүүнээ авч байна. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд модон тулгуур шаардлага хангахгүй байгаа нь үнэн. Гэсэн хэдий ч модон тулгуурыг солихын тулд тодорхой цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардлагатай. Үүнийг шийдвэрлэхийн тулд жил бүр зорилтот төвшиндөө тусган ажиллаж байна.

-Төрийн өмчит компа­ниуд тодорхой хэмжээгээр улсаас татаас авдаг гэсэн ойлголт бий. Танай компанийн тухайд?

-Манай компани цахилгаан эрчим хүч борлуулах өртөгтөө бүх зардлаа суулгасан байдаг. Тиймээс улсаас ямар нэг хэлбэрээр татаас авдаггүй. Мөн манайх цахилгаан эрчим хүчний болон бусад байгууллагаас авсан өр зээл байхгүй.

-Хэрэв танайх өргөтгөл хийх шаардлагатай бол­бол өөрийн хөрөнгөөр сан­хүүжүүлэх боломжтой юу?

-Ямар ч боломжгүй. Цахилгаан эрчим хүч борлуулах үнийг улсаас тогтоож байгаа болохоор том хэмжээний бүтээн байгуулалт хийх хөрөнгийг өөрийнхөө эх үүсвэрээр шийдэх боломжгүй. Хэрэв чөлөөт зах зээлийн зарчмаар ажилладаг бол зохицуулалт хийж болно. Гэхдээ ард түмний эрх ашгийн төлөө, нийгмийн хариуцлага хүлээдэг сал­бар учраас төрөөс эр­чим хүчний үнийн зохи­цуулалтыг хийж байгаа юм.

-Танай салбарт мэргэ­жилтэй боловсон хүчний асу­у­дал ямар төвшинд байна вэ?

-Манай компанийн тухайд мэргэшээгүй бо­лов­сон хүчин байхгүй. Түүнч­лэн энэ салбарт мэргэжилтэн бэлтгэдэг хувь, хувьсгалын их, дээд сургуулиуд бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин