24500 хүнийг залилсан Д.Алтанхуягт хариуцлага тооцохыг шаардав

Д.ОЮУН

“Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл болон “Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо” хамтран 24500 хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг “Зэс эрдэнийн хувь” компанийн захирал Д.Алтанхуяг хэрхэн зөрчиж буй талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус холбооны дарга Д.Батбаяр “Найман жилийн өмнөөс Эрдэнэт үйлдвэрээс гарч буй овоолгийг ашиглах үйлдвэр байгуулан 150-180 хүний ажлын байрыг бий болгож, Орхон аймгийн иргэд хувьцаа эзэмшиж өндөр хэмжээний ногдол ашиг авах боломжтой хэмээн 24500 хүнээс 600 сая төгрөгийг төвлөрүүлсэн. Гэвч одоог хүртэл нэг ч ажил хийгээгүй, үйлдвэрийн барилгаа ч бариагүй байгаа. Тиймээс бид СЗХ, ҮЦТХТ-д хүсэлт гаргаж мэдээллийг нь авсан. Гэтэл тус компани хэлбэр, төрөл нь тодорхойгүй, ойлгомжгүй байдалтай байгааг СЗХ-нд гаргасан хүсэлтийн хариу болох албан бичигт дурдсан байгаа. Түүнчлэн ҮЦТХТ-д “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн нэрээр данс нээгдээгүйгээр барахгүй бүртгүүлэх хүсэлт ч ирээгүй гэдэг хариу ирсэн” гэв. Энэ тус компанийн хувьцаа эзэмшигчдийг үл тоомсорлож буй нэг жишээ. Тэр ч бүү хэл, үйлдвэр барихаар “Блюмон” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан 8.2 тэрбум төгрөгийг авсан боловч нэг ширхэг тоосго ч өрөөгүй гэдгийг тэрээр онцлов. Нөгөөтэйгүүр үйлдвэр барих ТЭЗҮ бэлэн атал дахиж боловсруулна хэмээн зургаан тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн талаар хурлыг зохион байгуулагчид ярилаа. “Блюмон” компаниас хөрөнгө оруулалтаар орж ирсэн мөнгийг буцааж өгч чадахгүй болсон гэх нэрийдлээр “Зэс эрдэнийн хувь” компанийг шилжүүлэхээр оролдож элдэв арга саам хийж байна хэмээн “Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо”-ны гишүүн Н.Түвшинбаяр хэлсэн юм. Энэ мэт хууль бус, илт залилан хийж буй Д.Алтанхуягтай холбоотой асуудлаар орон нутгийн хууль, хяналтын байгууллагад өргөдөл гаргасан ч дорвитой шийдэлд хүрэхгүй байгаа тул Эрүүгийн цагдаагийн газар, Улсын ерөнхий прокурор болон Ардчилсан намд шаардах бичиг хүргүүлэхээр болжээ. Эцэст нь “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмших эрхийн бичиг хуурамч цаас гэдгийг хурлыг зохион байгуулагчид тодотгосон юм. Тиймээс Эрдэнэтийн 24500 иргэнийг залилсан Д.Алтанхуягт хариуцлага тооцохыг шаардаж буй аж.

Эх сурвалж: www.polit.mn