Х.Амгаланбаатар: Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой

Д.ОЮУНЧИМЭГ

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.

 

Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 5.1 хувьд хүрсэн. Тиймээс дунд шатны ажилтнуудын цалинг нэмэх шаардлага тулгарч байгаа талаар ярьж эхэлснийг та юу гэж үзэж байна?

-Төрийн 180 мянга орчим албан хаагчдын 70 орчим хувийг эмч, багш, соёл урлаг зэрэг төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг салбарынхан эзэлдэг. Төрийн албан хаагчдыг цалинг нэмэх тухай ярих­аар дарга нарынхыг өсгөх нь гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ төрийн албан хаагчдын дотор нь хэд, хэд ангилж үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний салбарын ажиллагсдад хэн хамаарах вэ гэдгийг тодорхой болгох цаг нь бол­жээ. Хэрэв бид эрх мэдэлтэй албан тушаал­тан, үйлчилгээний ажил­тан хоёрыг ялгавал аль салбарын цалин хөлсийг нэмүүлэх тухай ярьж байгааг олон нийт мэдэх болно. Үндэс­ний статистикийн хороо­ноос гаргасан цалин хөлсний дундаж хэмжээ бодит байдалтай төдийлөн нийцэхгүй байна. Судалгааны арга барил­ыг нь үгүйсгэхгүй. Гэтэл тэдний зарласан 900 мянган төгрөгийн дундаж цалин сувилагч, багш, цагдаа гээд төрийн үйлчилгээг иргэдэд үзүүл­­дэг салбарын ажилт­нуудын цалингаас өндөр байгаа юм. Тэр ч бүү хэл зарим сум, орон нутагт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авч байгаа иргэд ч бий. Тиймээс МҮЭХ-ноос төрийн албанд ажил­лаж буй 180 мянган хүнээс 120 мянгынх нь цалинг нэмэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа тул холбогдох газруудад санал, шаардлагыг хүр­гүүлсэн.

Цалин их, бага бай­гаа тухай асуудал зөв­хөн төрийн албанд ажил­лаж байгаа хүмүүст ч хамааралтай зүйл биш. Хувийн хэвшилд ажил­ладаг хүнд ч хамаатай. Гэтэл зөвхөн төрийн албан хаагчийн цалин нэмэгдээд хувийн хэвшил орхигдож байна гэдэг шүүмжлэл гардаг. Энэ талаар?

-Бидний тавьсан шаард­лага зөвхөн төрийн албан хаагчид хамаарал­тай гэж өрөөсгөлөөр ойл­гож болохгүй. 120 мянган дунд шатны ажилтнуудын цалин өсвөл худалдан авал­таар дамжуулан хувийн хэвш­лийнх­ний цалинд шууд нөлөөлдөг юм. Өөрөөр хэлбэл, сард хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээ болох 240 мянган төгрөг авдаг хүний цалин 500 мянга болж өсөхөөр тэр өрхийн хэрэг­лээ ч нэмэг­дэнэ. Энэ нь хувийн хэвшлийн бараа эргэлтийг нэмж байгаа нэг алхам. Энэ бол бодит гаргалгаа. Цаашилбал, орлого нь өсч байгаа аж ахуйн нэгж ажилтныхаа цалинг нэмэх замаар тогт­вор суурьшилтай ажил­луулахыг бодно шүү дээ. Учир нь бага цалинтай хувийн хэвшилд ажиллах уу, өндөр цалинтай төрийн бай­гууллагад ажиллах уу гэдэг сонголтыг хийх боломж бүрдэж байна. Тиймээс төрийн албан хаагчийн цалингийн асууд­лыг шийд­вэрлэхэд ху­вийн хэвш­лийнхэн орхиг­­доггүй гэсэн үг.

Багш, эмч нар цалин­гаа нэмүүлэх шаардлага байхгүй гэх нь бий. Ер нь цалин нэмэх боломж бий юү?

-Бодит шаардлага бай­на. Цалингийн доод хэмжээ салбар салбараар өөр байгаа хэдий ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг. Хэдийгээр хувь хэм­жээ нь бага  ч 240 мян­ган төг­рөгөөр айл өрх­үүд яаж амьдрах вэ. Тийм­ээс Мон­гол хүний хөдөл­мөрийн үнэлэмж маш доогуур байгааг бид хүлээн зөвшөө­рөх ёстой. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд боди­той арга хэмжээ авч чадаагүй байна. Хөдөл­мөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрээр цалин, тэтгэвэр, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхээр хүлээсэн үүргээ Засгийн газар эдийн засаг хүнд байна, ОУВС-тай өөр нөхцлөөр тохиролцоо хийсэн. Эс бөгөөс улс дам­пуурлаа зарлах нь гэх шалтгаанаар үүр­гээ биелүүлдэггүй. Сүүл­ийн дөрвөн жилийн хуга­цаанд дөрвөн Засгийн газар солигдлоо. Тэгэх­ээр бидний хийсэн хэлэл­цээрийн хэрэгжилт бие­лэх­гүй байна гэж үзэж болно. Гэхдээ гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь Засгийн газрын үүрэг. Тиймээс МҮЭ-ийн хол­боо уйгагүй шаардах болно.

Эдийн засаг 5.1 хувийн өсөлттэй байгаа хэдий ч цалин нэмэх хэмжээнд хүрээгүй гэдгийг зарим эдийн засаг сануулж байгаа. Манай улсын төсөвт төрийн байгууллагын дунд шатны ажилтнуудын цалинг нэмэх “тэнхээ” бий юү?

-Өнөөдрийн байдлаар цалин нэмэх бодит бололцоо байгаа. Үүнийгээ Монгол Улсын Засгийн газрын тэргүүн “Эдийн засагт гэрэл гарлаа” гэсэн шүү дээ. Нөгөөтэйгүүр Засгийн газартай хамтран ажиллаж байгаа ОУВС-гийн суурин төлөө­лөгч “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр үр дүнгээ өгч Монгол Улс­ын эдийн засаг өсч байна. Гол, гол салбар­уудад тодорхой хэмжээ­ний дэвшил гарлаа” гэх мэдээллийг хийсэн. Тиймээс эдийн засгийн өсөл­тийг хувь хүн болон өрх рүү чиглүүлэх нь төрийн бодлогын салшгүй хэсэг байх ёстой. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энх­болд нар хаврын чуул­ганы нээлтийн үеэр “Эдийн засгийн бодит хүртээмжийг айл өрхийн хаалгаар оруулъя. Эдийн засаг өсч байгааг хувь хүний цалин, орлогоор нь харуулъя” гэж хэлс­эн. Тиймээс МҮЭ-ийн холбоо гэрээ хэлэлцээ­рийн хэрэг­жилтийг хан­­гуула­хыг шаардаж энэ долоо хоногт багтаан Хөдөмөр, нийгмийн зөвшлийн гур­ван талт Үндэсний хороог хуралдуулъя гэсэн саналаа тавьсан. Энэ хурлаас Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрийг эхлүүлэх шийдвэр гарах учиртай. Улсын хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар хоёр асуудлыг тодорхой болгох ёстой.

Ямар?

-Нэгдүгээрт, 2018 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхэд зориулж  56.5 тэрбум төгрөгийг энэ оны улсын төсөвт суулгаж өгсөн. Үүнийг салбарын хэлэлцээрээр шийднэ хэрхэн зарцуу­лахаа шийднэ гэдгээ Сангийн дэд сайд хэл­сэн шүү дээ. Гэтэл сал­барын хэлэлцээрийг хэзээ эхлүүлэх вэ гэдгийг Үндэсний хороо­ны хурлаас гаргах ёстой. Хоёрдугаарт, өнгөр­сөн оны аравдугаар сард Улсын нэмэлт хэлэлцээрийг эхлүүлсэн. Үүгээр энэ оны II улиралд багтаан цалинг нэмэг­дүүлэх нэмэлт хэлэл­цээрийг хийж, шийд­вэр­лэнэ гэд­­гээ албан ёсоор тохиролц­сон. Тэгэхээр тохиролцсон хугацаа аль хэдийнэ болсон тул манай байгууллагын зүгээс Үндэсний хороог яаралтай хуралдуулах асуудлаар хоёр ч удаа Хөдөлмөр, нийгмийн хам­гааллын сайд, Хөдөл­мөр нийгмийн зөвшлийн Үндэсний хорооны даргад санал шаардлага хүргүүлсэн ч хариу ирээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруул­гын төслийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Танайхаас хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан. Үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Гурван талын ажлын хэсэг есөн жилийн өмнөөс Хөдөл­­мөрийн тухай хуул­ийг шинэчлэхээр ажил­ласан. Тус хууль батлагдсанаас хойшх хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэрүүд бий болсон учраас хуулийн зохицуулалт алдагдаад байгаа юм. Түүнээс гадна албан бус салбарын хөдөл­мөр эрхлэлт ямар нэгэн зохицуулалтгүй байна. Тэгэхээр энэ сал­барыг зохицуулалттай болгох хэрэгтэй. Хуулийн төслийн хэд хэдэн заалт дээр МҮЭ-ийн холбоо санал нэгдэхгүй байгаа. Тиймээс Үндэсний хо­роо­­гоор дахин хэлэлцэх шаардлагатай гэдгээ илэр­хийлж, санал тавьсан.

Тухайлбал, ямар заал­­тыг эсэргүүцэж бай­гаа?

-Хуулийн төсөл дээр хамтран ажиллахдаа л баримт­лах зарчмаа алба­жуулсан. Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөл­дөр мөр­дөгдөж байгаа Хөдөл­мөрийн тухай хуул­ийн үйлч­лэлийг дордуулах­гүй байх ёстой. Хэрэв дордуулсан заалт оруулбал үүнийг шинэчлэл гэж үзэх боломжгүй. Харам­салтай нь УИХ-д өргөн барьсан хуулийн төсөлд өмнөх хуулийн хэд хэдэн заалтыг дордуулсан байд­лаар оруулчихсан байгаа.

Тухайлбал?

-“Салбарын хамт­ын хэлэлцээрт ажил олгог­чийн хувьд салбарын яам нь хэлэлцээрийн нэг тал болж орохгүй байх” гэсэн зохицуулалтыг Засгийн газраас санал болгоод хуулийн төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарын цалин хөлсний асуудлаар хэлэлцээр байгуулахад БСШУСЯ оролцохгүй байх, оролцохоор бол нээлт­тэй хэлбэрээр оролцох зохицуулалтыг хийсэн. Мөн суманд хамтын хэлэл­цээр байгуулахгүй, айм­гийнхаар шийднэ гэж заасан байгаа. Үүнийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

УИХ-аар хуулийн төс­­лийг хэлэлцэхээр бол­чихлоо. МҮЭХ-ны санал зөрүүтэй байгаа дээрх заал­тууудыг эргэн харж өөрчлөх боломж бий юу?

-Сүүлийн есөн жил хуулийн төсөл дээр ажил­ласан Ажлын хэсгийнхэн хоорондоо ярья гэсэн зарчмын саналыг УИХ-ын НББСШУ-ны байнгын хороонд чиглэл болгосон. Харамсалтай нь Үндэсний хороог хурал­дуулъя, асуудлын гарцыг ярья гэсэн боловч Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ямар нэгэн хариу өгөхгүй байна. Энэ нь цаг хугацаа хожих нэг арга гэж харж байна. Үндэсний хороог ойрын хугацаанд хуралдуулж тодорхой шийдэл гаргахгүй бол бүх салбаруудаа нэгдсэн зохион байгуулалтад оруулж тэмцлийн үйл ажиллагааг эхлүүлэхээс өөр аргагүй болж байн

Эх суравлж: “Зууны мэдээ” сонин