С.Зориг агсны эхнэр Д.Булганаар нууцын баталгаанд гарын үсэг зурууллаа

Б.ТӨГС

Өнөөдөр 14 цагийн орчимд Тагнуулын ерөнхий газраас С.Зориг агсны эхнэр Д.Булганыг өмгөөлөгчийн хамт дуудаж цаг гаруй хугацаанд уулзлаа. Албан бус  эх сурвалжийн мэдээлснээр Д.Булганыг яллагдагчаар татаж, байцаалт, тайлбар авсан гэсэн боловч түүний өмгөөлөгч Ц.Гүенбат энэ мэдээллийг үгүйсгэлээ. С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг задруулахгүй гэсэн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарлав. Д.Булган хэвлэлийнхэнд яриа өгөхөөс эрс татгалзсан юм. Харин түүний өмгөөлөгч Ц.Гүенбат дараах тайлбарыг өгөв.

-Д.Булганыг Тагнуулын ерөнхий газраас ямар асуудлаар дуудсан юм бэ?

-Нууцын баталгаан дээр гарын үсэг зуруулсан учраас ямар ч мэдээлэл өгч чадахгүй шүү дээ.

-Яллагдагчаар татсан юм биш үү?

-Та нар өөрсдөө байгууллагынх нь хүмүүсээс л асуу. Бид юм ярих боломжгүй.

-Д.Булган мэдүүлгээ янз янзаар өгөөд энэ хэргийг нуун дарагдуулаад байна гэсэн мэдээлэл байна?

-Үгүй тийм юм байхгүй шүү дээ. Анх ямар мэдүүлэг өгсөн. Тэрүүгээрээ л байгаа.

-Сая ямар асуудлаар дуудсан юм бэ?

-Байцаалт өгөөгүй, тайлбар ч өгөөгүй. Нууцын баталгаан дээр гарын үсэг зурсан. Нотлох баримтуудтай холбоотой нууцыг задалж болохгүй гэсэн баталгаан дээр. Тийм учраас та нартай ярьж болохгүй байна.

-Нууцыг задруулах оролдлого хийсэн юм уу. Мөрдөн байцаалтын нууцыг задруулсан болоод гарын үсэг зуруулсан юм биш үү?

-Энэ чинь тагнуул шалгаж байгаа хэрэг учраас хамаагүй ярьж болохгүй байна. Задалсан биш задалчих вий дээ гэж зуруулж байгаа. Задалсан хойно нь зуруулаад байх шаардлага байхгүй шүү дээ.

Эх сурвалж: www.polit.mn