Нийслэлийн МАН-ын Бага хурлыг энэ долоо хоногт товлоно

Б.ДАМДИН

2016 оны УИХ-ын болоод Орон нутгийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа талдаа орж намууд хөдөлгөөнд орж эхлээд байна.

Эрх баригч МАН-ын хувьд нөлөө бүхий улстөрчдийнх нь “зодоон” далдуур үргэлжилж байна. Үүний зэрэгцээ Нийслэлийн МАН-ыг тойрсон асуудал сүүлийн өдрүүдэд энэ намын гишүүдийн анхаарлын төв байгаа юм.

Тодруулбал, Монгол Улсын хүн амын тал нь шахам амьдардаг Улаанбаатар хотыг хариуцан ажилладаг МАН-ын нэгж болох Нийслэлийн МАН өдгөө даргагүй байгаа юм. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй 2017 оны аравдугаар сард ажлаа өгсөн. Ингэхдээ  Нийлэлийн МАН-ын тэргүүлэгч 11 хүний шийдвэрээр Нийслэлийн Засаг дарга Су.Батболдод шилжүүлээд явсан байдаг.

Ийнхүү Су.Батболдод тамга хүлээлгэж өгснөөс хойш Нийслэлийн МАН албан ёсны даргагүй болж, өнөөдрийг хүртэл явж байгаа юм. Уг нь МАН-ын Үндсэн дүрмийн дагуу бол Нийслэлийн МАН-ын Бага хурал болж, тэр хурлаас даргыг сонгох ёстой юм байна.

МАН-ын Үндсэн дүрмийн 4-ийн 11.3-т “Аймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид нь Удирдах Зөвлөлөөс өгсөн чиглэлийг үндэслэн Бага хурлын тов, төлөөлөгчийн тоог Бага хурал хуралдахаас 30 хоногийн өмнө тогтоож. төлөөлөгч сонгох журмыг батална” гэж заажээ. Тэгэхээр Бага хурал нь товлогдсоноос хойш сарын дараа болно гэсэн үг.

Ц.Сандуй ажлаа өгч, Су.Батболд тамга авснаас хойшх зургаан сар бол Нийслэлийн МАН-ын Бага хурал болж, албан ёсны дарга тодорчих хангалттай хугацаа юм. Гэтэл ямар ч шалтгаанаар юм, Бага хурлын сураг гаралгүй байсаар өнөөдрийг хүрчээ.

Харин сүүлийн өдрүүдэд “…Бага хурал хэзээ болох нь вэ “ гэж асууж сурсан, амбиц гаргасан хүмүүс олон гарч ирээд байгаа гэнэ.

Эх сурвалжийн мэдээллээр Нийслэлийн МАН-ын Бага хурлыг энэ долоо хоногт товлохоор болжээ. Тэгэхээр тавдугаар сарын дундуур Нийслэлийн МАН-ын шинэ дарга тодорно.

Түүнчлэн Нийслэлийн МАН-ын Бага хурал 2012 оны наймдугаар сараас хойш зургаан жил шахмын дараа хуралдана гэсэн үг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин