Авьяаслаг сурагчид уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

М.БААСАНДЭЛГЭР                                       

Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагчид өөрсдийн гараар хийсэн уран бүтээлийн үзэсгэлэнгээ өнгөрсөн амралтын өдөр эцэг эх, багш нартаа дэлгэн үзүүллээ.

Үзэсгэлэнгийн үеэр тус сургуулийн Сургалтын менежер Г.Энхтогоо “Манай сургууль сурагчдын зохион бүтээх авьяас чадвар, техник сэтгэлгээг  хөгжүүлэх архитектур  интерьер дизайн, компьютер программчлал, хими технологи, хувцас загварын төрөлжсөн сургалт, авто,  нисэх, усан загвар, робот электроникийн дугуйлангийн хичээл үйл ажиллагаа болон математик, хими, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг. Сурагчид  монгол хэл, математик, англи хэлний шалгалт өгч  элсэн  орж төрөлжсөн сургалтаас нэгийг сонгон суралцаж хичээлийн бус цагаар зохион бүтээх дугуйланд хичээллэдэг. Энэ үзэсгэлэн нь Техник Технологийн Тэнхимийн багш нар, сурах бүтээх тэмүүлэлтэй, авьяаслаг, хөдөлмөрч шавь нарын  маань “Бүтээлийн баяр”-ын өдөр” гэв.

9-а ангийн сурагч Б.Уянга: Загвар зохион бүтээгч болно гэж мөрөөддөг.           

Би ийм сургууль байдаг гэж мэдээд дизайн технологийн ганцаарчилсан сургалтад орж байлаа. Өмнө жилээс эхлэн өөрийн гараар хувцас хийж эхэлсэн. Эхний жил өөрийн сонирхдог аниме хүүхэлдэйн киноны сэдэвтэй кимоно хийж байсан. Харин энэ жил монгол үндэсний хувцасыг хар цагаанаар урласан байгаа. Би бага байхаасаа зураг зурж, загвар зохиох дуртай байсан. Хүмүүст энэ мэргэжил хэцүү санагддаг байж магадгүй. Харин би бүр цаанаасаа хийх дуртай болохоор огтхон ч хэцүү байдаггүй. Ирээдүйд маш сайн загвар зохион бүтээгч болно гэж мөрөөддөг.

Авто загварын багш Х.Тилеуберди: Манай хүүхдүүд бүх эд ангийг нь гараараа хийдэг

Манай хүүхдүүд төрөл бүрийн материалаар бүтээлээ хийдэг. Ихэвчлэн төмөр ашигладаг. Харин бага ангийн хүүхдүүд цаасаар хийнэ. Жишээ нь энэ ЗИЛ-130 машин. Үүний бүх деталыг төмрөөр хийсэн. Бодит машины загварыг 14 хуваасан хэмжээ гэсэн үг. Том машин ямар байдаг, яг адилхан бүтэцтэй. Бүх эд ангийг нь гараараа хийсэн. Дугуйг нь силконоор, кабиныг нь хөөмөлийн аргаар гэх мэт.

12-д ангийн сурагч Б.Билгүүн: IT, компьютерт их сонирхотой учраас энэ дугуйланг сонгосон

Би робот электроник чиглэлийн дугуйланд гурван жил сурч байна. Би өөрөө IT, компьютерт их сонирхотой учраас энэ дугуйланг сонгосон. Маш олон бүтээл хийдэг. Жишээ нь цагаан зураас дагадаг робот, зай мэдэрдэг робот гэх мэт олон төрлийн бүтээл хийж байна. Тойрог замын чиглэлээр улсын аваргын тэмцээнээс хүрэл медаль авч байсан. Ардиона гэж программчилсан процессор ашиглаж, түүндээ код сануулж ашигладаг. Зайрмагны модноос эхлүүлээд гарын доорх бүх зүйлээр бүтээл хийж болно. Би төгсөөд программ хангамжийн мэргэжилтэн болохыг хүсдэг.

Энэ жилийн тайлан үзээсгэлэнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Улсын тэргүүний бүрэн дунд сургууль, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын III сургуулийн багш сурагчид, Булган аймгийн Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургууль, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сургуулийн удирдлага, багш  нар оролцож байгаагаараа онцлогтой аж .

Эх сурвалж: www.polit.mn