Б.Бат-Эрдэнэ: Л.Чинбатын хөлсөлсөн хүмүүс Монголчуудын хийморийн өргөөг сүйтгэлээ

С.САРУУЛ

Монгол бөхийн холбоо хоёр тэргүүнтэй болчихоод буй. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон Гачуурт компанийн Л.Чинбат нар бөхийн холбоо, бөхийн өргөөг булаацалдаж бөхчүүдээр ээлжлэн хэвлэлийн хурал хийлгэж байсан бол баасан  гаригийн шөнө байдал хурцдаж үймээн самуун дэгдээжээ.  Бөхийн холбооны  хуваагдал хурцадсанийг харуулсан  Х.Баянмөнх аваргын хүү Б.Гантогтох гарьд,  А.Сүхбат аварга болон Ч.Бүрэнтөгс, Н.Батсуурь Ө.Бат-Орших нарын  Увс нуур дэвжээний бөхчүүд Бөхийн өргөөнд очиж бужигнаан үүсгэсэн бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан нь бөх сонирхогчдыг ихээхэн бухимдуулаад байна. Үймээн даамжирч сүүлдээ Баянзүрх дүүргийн цагдаа нар бөхийн өргөөг хамгаалалтдаа авчээ.

Үймээний талаар Дархан аварга Б.Бат-Эрдэнэ “Мөөеө аваргыг нутаглуулсан шөнө Баянаа аварга хүүхдүүдтэйгээ бөхийн өргөө рүү дайрлаа. Баянмөнх, Сүхбат аваргуудын авчирсан хамгаалалтын залуус бөхийн өргөөний хаалгыг ийн эвдэж, дайрсан ч цагдаагийнхан таслан зогсоож улмаар бөхийн өргөөг хамгаалалтад авлаа…Гачуурт компаний захирал Л Чинбатын мөнгөөр хөлсөлсөн хүмүүс Монголчуудын хийморийн өргөөг дайрч зэрлэг балмадаар эвдлэн сүйтгэлээ” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

 Эх сурвалж: www.polit.mn