Домог амилав

Монгол киног дэлхийн брэнд болгоё

Ч.Гантулга

Домгийн цагаан шувуу мөнх тэнгэрээс бууж, хан хуурын сүүлчийн удмыг хамгаалж үлдэх зарлиг тараав. Ингэж дромог амилав. Домог ингэж өрнөв.  Дээд тэнгэрээс заяатай монгол түмэн морин хуураа дээдлэн шүтэж, хосгүй тансаг аялгуунд нь хорвоогийн жаргал зовлонгоо багтаасаар ирсэн түүхтэй. Гэтэл тэнгэрт хар үүл нөмрөв. Хан хуурын сүүлчийн удмыг таслах харис хааны зарлигаар дуу хуур тасарч, 20 намрыг үдэв. Монгол хүмүүн туйлдаж, талаар нэг тарав. Яруу эгшиглэн тасладаж, мартагдахын ирмэгт тулжээ.

Говь өөрөө домгийн ертөнц юм. Хүний сэтгэлийг татах далдын хүчтэй. Говьд анх үүссэн гэдэг морин хуур хөгжмийн тухай нэгэн шинэ бүтээл мэндэллээ. Өмнийн шаргал говьд зураг авалтаа хийсэн “Говийн домог” кино нь “UBS” телевизийн долоо дахь бүрэн хэмжээний дэлгэцийн уран бүтээл юм. Киноны зохиолыг С.Сумъяа бичиж, найруулагчаар О.Эрдэнэ ажиллажээ. Киноны зураг авалтыг Өмнөговь аймаг, Хэрмэн зав, Баянзаг, Хонгорын элс, Ёлын ам, Мухар шивэрт гээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн газруудад авчээ. Зураг авалт хоёр жилийн турш үргэлжилсэн бөгөөд жилийн дөрвөн улирлыг харуулснаараа онцлог байв. Домгийн сэдэвт багтах тус бүтээлд 500 хүний хүч хөдөлмөр шингэсэн юм. Тиймдээ ч кино үзүүштэй, чансаатай бүтээл болсныг энд дурьдая.

Киног чимсэн Тува жүжигчин

“Говийн домог” киноны харгис хэрцгий Иглэр хааны дүрийг ОХУ Тува улсын Ардын жүжигчин, Азидаа олон кинонд амжилттай тоглосон Эдуард Ондар бүтээсэн юм. Түүний европжуу төрх чиног чимж байв. Тэр хаан болохыг хүссэн. Хан хуурын удмыг голомтоор нь таслаж, хааны сэнтийд заларах нууцхан хүслийг тээв. 16 –хан настай балчир гүнжийн сэтгэлийг эзэмдэж, нуган үртэй болох хэтийн бодлыг өвөртөлдөг. Гэвч киноны төгсгөлд юу болох бол. Жүжигчин гэдэг киноны амин сүнс, гол шугамыг чиглүүлэгч байдаг. Тэгвэл Эдуард Ондарын хувьд нүдний харц, эрэлхэг байдал, тулааны эрдэм нь энэ бүтээлийг төгс амилуулж, чимж чадсан юм. Тэрээр “Монгол улсад ирж домгийн сэдэвтэй энэ бүтээлд тоглосондоо сэтгэл хангалуун байна. Юуны өмнө халуунд халж, хүйтэнд хөрж, бэрхшээл бүхнийг даван туулж чадсан кино багийнхандаа баярласнаа хэлье. Энэ бол та бүхний бүтээл юм шүү. Намайг монголд байх хугацаанд гэргий минь надад удам залгах хүү төрүүлж өгсөн. Хайртай ханьдаа баярлалаа гэж хэлье” гэсэн юм.

Мэргэн гүнж Эгээрэл

Киноны өөр нэгэн шигтгээ нь онилсон байгаа алдалгүй харвадаг, үзэсгэлэн гоо 16 настай Эгээрэл гүнж юм. Тэр Хан овгийн эзний охин. Гэвч харгис хааны өврийг дулаацуулж, хаан удмыг үрийг тээх хувьтай төрсөн нэрээр ордонд ирэв. Ижий аавыгаа алдсан их хорсол охиныг нөмөрдөг. Бяцхан биедээ баймгүй хүчтэй, удам сайт гоо гүнж хан хуурын сүүлчийн удмыг хэвлийдээ тээж, тасалдах гэж байсан монгол түүхийн дөлийг ноцоож, эргэн амилуулсан гавьяатай. Эгээрэл гүнжийн дүрийг төгөлдөр хуурч, дуучин Б.Замилан бүтээсэн юм. Тэрээр “Би СУИС-ийн жүжигчний гуравдугаар дамжааны оюутан. Жүжигчний анхны гараагаа домгийн сэдэвтэй энэ мундаг бүтээлээр эхэлж байгаадаа баяртай байна. Миний хувьд дэлгэцийн анхны бүтээл байлаа. Мэдэхгүй, чадахгүй олон бэрхшээлтэй тулсан. Тэр бүхэнд дэм болж, надад зааж зөвлөсөн UBS телевизийнхээ чадварлаг хамт олонд барялсанаа илэрхийлье” гэсэн юм.

Ухаант хатан Исэргэн

Исэргэн бол Иглэр хааны их хатан. Эгээрэл гүнжээс ч балчирдаа хүйтэн хөндий энэ ордонд ирж, хаан заяаг түшилцдэг. Гэвч түүнд үрийн заяа хайрласангүй. 20 жилийн турш сэтгэлийн шархтай амьдарсан эгэл нэгэн бүсгүй. Тэрээр хан хуурын удмыг авч үлдэх их үйлсэд нууцхан оролцдог байсныг хаан мэдээгүй. Исэргэн хатны дүрийг залуу жүжигчин С.Очгэрэл бүтээсэн юм. Тэрээр “Энэ миний UBS телевизтэй хамтарч байгаа гурав дахь уран бүтээл. Өмнө нь домгийн сэдэвтэй бүтээлд тоглож байсангүй.  Их туршлага хуримтлуулж, олон зүйл сурсан гайхалтай бүтээл боллоо. Эсрэг дүр уран бүтээлчээс илүү хөдөлмөр, мэдрэмж шаарддаг юм байна” гэв.

Говь нутагт зураг авна гэдэг том шалгуур байдаг тухай ерөнхий зураглаач Д.Цэрэнчимэд онцолсон юм. Киног орчин үеийн шинэ технологит суурьлан хийжээ. Тиймээс ч зураг авалт өвөрмөц юм. Ялангуяа тулаан болон нум сум харвах хэсгүүд. Нэг бүрчлэн детальчилж авсан учир илүү чимэгтэйгээс гадна, зураглаачаас мэргэжлийн ур чадвар шаардсан нь харагдаж байв. Энэ бүтээлд компьютер график түлхүү хэрэглэсэн ч “амьд” чанараа алдаагүй нь сайшаалтай. Кинонд зөвхөн зураачийн группт 30 гаруй хүнм ажиллажээ. Тэд бүтээлдээ зориулж олон павилон босгосон бөгөөд хааны ордон, дүрүүдийн хувцас хэрэглэл XIII зуунд очсон мэт үнэн мэдрэмжийг төрүүлж байв.

Эх сурвалж: www.polit.mn