Ж.Хишигдэлгэр: Эгчийнхээ дуунд уярсаар урлагт хайртай болсон

Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн дугаарын зочноор Соёлын тэргүүний ажилтан Ж.Хишигдэлгэрийг урилаа. Түүнийг эгч Ж.Хишигсүрэнтэйгээ хийсэн хамтарсан уран бүтээлүүдээр нь сонсогчид андахгүй.

 

Та ямар улиралд дуртай вэ. Яагаад ч юм гадаа их сайхан байгаа учир танд энэ асуултыг тавимаар санагдлаа?

-Би бүх улиралд дуртай. Учир нь улирал бүхэн өөрийн өнгө аяс, мэдрэмжийг төрүүлдэг. Тэр бүхнийг мэдэрч, сэт­гэлээ хөглөх сайхан байдаг.

Тэгвэл хаврын улирлаас та юуг мэдэрч байна?

-Хаврын улирал хүн бүхнийг гэгэлзүүлдэг. Гэхдээ ихийг хийж бүтээх сэдлийг төрүүлэм тийм сайхан мэдрэмж. Ажиглаад байхад зөвхөн би ч биш уран бүтээлч бүхэн энэ улиралд их идэвхитэй болдог юм шиг. Яаж сайхан уран бүтээл хийх вэ, сонсогчиддоо илүү сайхныг, сэтгэл ханамжийг мэдрүүлэхсэн гээд эрэл хайгуулаар дүүрэн байдаг.

Дуу аялмаар ч юм шиг. Танд үргэлж аялж явдаг дуу бий юу?

-Цаг, үеэсээ шалтгаалаад  сонсох дуу өөрчлөгддөг.  Ихэвчлэн шинээр төрсөн уран бүтээлүүдээ аялах дуртай.

Тэгвэл таны сэтгэл “Бүүвэй” дуугаараа хөглөгдчихсөн байгаа байх даа. Их сайхан аялгуутай дуу байна лээ?

-Та яг онож хэллээ. Би хамгийн сүүлд “Бүүвэй” дуугаа өлгийдөж авсан. Хөгжмийг А.Энхтайван, шүлгийг Ё.Амгалан бичсэн. Уран бүтээлч, дуучин хүн бүтээл бүхэндээ сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө шингээж бүтээсэн учир хайртай байдаг юм. Энэ бүтээл их сайхан түүхтэй, цагаан мөртэй дуу болсонд баяртай байна.

Эгч, дүү дуучдыг Монголын ард түмэн ан­дахаа больсон. Эгчтэйгээ хамт тайзан дээр дуулахад түшигтэй байдаг байх даа?

-Тэгэлгүй яахав, эгчтэйгээ  дуулахад сайхан мэдрэмж төрдөг. Нэг л аз жаргалтай, тайван, бие биедээ түшигтэй.  Хамтдаа дуулаад багагүй хугацааг өнгөрөөсөн учир тайзан дээр нэгнийхээ хийх гэж буй үйлдлийг хараад л ойлголдог болчихсон байна лээ.

Эгчээрээ үргэлж бахархдаг уу?

-Эгч минь чадалтай хоолойтой, мундаг дуучин. Түүнээс гадна их сайхан сэтгэлтэй, өрөвч зөөлөн. Эмэгтэй хүнд байх ёстой сайхан чанарууд түүнд бий. Тиймээс уран бүтээлч болон бүсгүй хүнийхээ хувьд үлгэр дууриал авч, хайрлаж, хүндэлдэг.

Энгийн үед эгчтэйгээ хэр сайн найзууд вэ?

-Миний хамгийн дотны зөвлөгч. Бид зөвхөн уран бүтээл дээр ч биш амьдралынхаа тухай үргэлж ярьж, зөвлөдөг. Амьдралд түшиг болж, үнэтэй зөвлөгөө өгдөг эрхэм хүнтэй байна гэдэг сайхан шүү.

Таныг урлагийн замд эгч тань “уруу татсан” гэдэг байх аа?

-Би анх өөр мэргэжлээр сурч байсан юм. Эгчийнхээ дуулахыг сонсч, уярсаар дууны урлагт хайртай болсон. Эгч маань ч надад хамт дуулах санал тавьснаар эгч дүү Хишигээгийн уран бүтээлийн замнал анх эхэлж байлаа. Тэр үеэс хойш олон уран бүтээлийг хамтдаа бүтээж, энэ урлагийн төлөө хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж явна.

Одоо гурвуулаа болсон биз дээ?

-Дүү минь  бас СУИС-ийг төгссөн. Гурвуулаа хамтраад “Аав шүтээн” дууг дуулсан. Сонсогчид их сайхан хүлээж авсан. Олон хүнээс урмын үг сонслоо. Дүүгийнхээ цаашдын уран бүтээлд нь амжилт хүсч, уран бүтээлийн олз омгоор дүүрэн байгаарай гэж ерөөе.

Та анх тайзан дээр гурван найстайдаа гарч байсан гэсэн. Тэр үеийг одоо санадаг уу?

-Анх аав, ээжтэйгээ тайзан дээр гарч байлаа. Эгч тавтай, би гурван настай байсан. Эргээд дурсахад их гоё шүү дээ. Олон хүн суучихсан, алга ташаад л. Амьдралын минь, хүүхэд насны минь сайхан дурсамж болж дээ.

Та хуулийн мэргэжилтэй гэсэн. Ажиллах боломж олдож байв уу?

-Би эрхзүйч мэргэжилтэй. Сүүлд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр төгссөн. Одоогоор мэргэжлээрээ ажиллах боломжгүй байна. Урлагийн ажлаа голлох сонирхолтой.

Таны бусад дуучнаас ялгарах онцлог юу вэ?

-Бусдаас ялгарах гэж зүтгэдэггүй. Харин хийж буй бүтээлдээ чин сэтгэлээсээ хандаж, чанартай хийхсэн гэж хүсдэг. Дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн учир сонгодог тал руугаа дуулахыг хичээж байна. Тэр утгаараа СУИС-ийн дуурийн дуулаачдын шалгалтад дуулагддаг дуунуудын зөвгшөөрлийг авч, түмэн олондоо хүргэж байгаа.

Та Японд “Титим” хамтлагт дуулдаг байсан. Одоо холбоотой байдаг уу?

-“Титим” хамтлагт дуулж байсан үе надад олон зүйлийг сургасан. Одоо ч бид уран бүтээлийн сайхан найзууд хэвээрээ.

Ямар тохиолоор “Титим” хамтлагтай уран бүтээлээрээ холбогдсон бэ?

-Биднийг “урлаг” гэсэн сэтгэл нэгтгэсэн. Залуу уран бүтээлчдийн хувьд нэгнээ дэмжье, хурцалъя, хамтраад Монголынхоо урлагийг японд сурталчилъя гэж хичээсэн. Хэсэгхэн хугацаанд ч гэсэн бид зорьсондоо хүрсэн гэж боддог.

Та их үзэсгэлэнтэй юм. Гоо сайхныхаа нууцаас хуваалцаач?

-Баярлалаа. Гэхдээ нууц гээд байх зүйлгүй. Арьс­ныхаа онцлогт тохир­сон бүтээгдэхүүн л хэрэг­лэ­дэг. Ер нь эмэгтэй хүн гадаад үзэмжнээсээ илүү дотоод сэтгэлийн сай­хандаа анхаарах ёстой гэж би боддог, хичээж явдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин