Украйны ашиг хүртэгч  эздийг ил болгосон туршлагыг хуваалцав

Ц.БАЯР

Олборлох Үйлдвэрийн ил тод байдлын санаачлагыг /ОБИТБС/ хэрэгжүүлж байгаа Монгол Улсын туршлагыг судлах зорилгоор Украйн улсын олон талт оролцогчдын ажлын хэсгийн гишүүд энэ сарын 11-13-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Туршлага солилцох уулзалт, сургалт өнөөдөр /04.12/ “Нээлттэй нийгэм форум”- д боллоо. Уулзалтад Украйны Төрийн сангийн дарга, Иргэний нийгмийн сүлжээ байгууллагын төлөөлөл, “Дикси” группын тэргүүн, Монголын Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн баг, Нээлттэй нийгэм форумын засаглалын мэргэжилтэнүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгалийн баялагийн засаглалын хүрээлэн, АТГ, Иргэний нийгмийн байгууллага, Уул уурхайн ассоциация, Сэтгүүлчдийн эрэн сурвалжлах багийн төлөөлөл оролцлоо. Хоёр орны ОҮИТБС-ыг хэрэгжүүлж байгаа туршлага үр нөлөөг сонсож  хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Түүнчлэн Монгол Улс дахь олборлох салбарын гэрээний ил тод байдлын танилцуулагыг сонсов. Уулзалтын төгсгөлд Украйн улсад ашиг хүртэгч эцсийн эздийг ил болгосон туршлага, сургамжыг сонсож хэлэлцүүлэг өрнүүлсэн нь сонирхол татаж байв. Украйн хувийн бизнес хийж буй иргэн, компанийн эздийн жагсаалтыг түүний үр хүүхэд, хамаатаны хамтаар регистрийн дугаараар нь жагсаалт гаргаж бүртгэлжүүлсэн байна. Энэхүү жагсаалтыг хийхээс өмнө хуульдаа нарийвчлан тусгаж өөрчлөлт хийжээ. Тус жагсаалтад мэдээллээ ирүүлээгүй аж, ахуйн нэгж 325 ам.долларын торгууль төлдөг аж. Гэвч одоогоор хэн ч торгууль төлөөгүй байна. Энэ нь торгуулаас айсандаа биш нэр хүндэд нь нөлөөлөх учраас жагсаалтад мэдээллээ оруулах нь дээр гэж үздэг хэмээн Украйны ОҮИТБС-ын Олон улсын удирдах хорооны гишүүн Александр Орловский ярьсан юм. Олборлох байдлын ил тод байдлын санаачлага нь байгалийн баялгийг зөв засаглах чиглэлээр татвар төлөлт, тусгай зөвшөөрөл олголт, гэрээ, олборлолт, борлуулалт, эрх зүйн орчин, орон нутгийн шилжүүлэг,хандив дэмжлэггэх зэрэг цогц мэдээллийг ил тод болгодог төр хувийн хэвшил, иргэний нийгмийн дэлхийн түншлэл юм. Тус санаачлагад Монгол улс 2006 онд Зсагийн газрын тогтоолоор нэгдэн орж, 12 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Эх сурвалж:www.polit.mn