Ялтын олон улсын эдийн засгийн форум

© РИА Новости / Александр Полегенько

Д.ЭНХЭЭ

Ялтын олон улсын эдийн засгийн IV форум (ЯОУЭЗФ)-ын үеэр гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ 100 тэрбум гаруй рубль байгаа нь өмнөх үзүүлэлтийг давж байна хэмээн форумын сангийн захиргааны дарга, “Деловая Россия” Бүх оросын олон нийтийн байгууллагын удирдагч нарын нэг Андрей Назаров мэдэгдэв.

Гурав дахь  удаагийн форумын үеэр гарын үсэг зурсан хөрөнгө оруулалтын гэрээний хөрөнгийн нийт хэмжээ зуу орчим тэрбум рубль байсан.

“Ялтын эдийн засгийн IV форум дээр байгуулахаар бэлтгэж буй гэрээ, хэлэлцээрийн урьдчилсан бүртгэл хийж байна. Урьдчилсан мэдээгээр 100 гаруй тэрбум рубль болж байна. Ер нь 200 тэрбум рубль хүрэх байх гэж бид найдаж байна” хэмээн Назаров сэтгүүлчдэд хэлсэн байна. Ингэж үзэх шалтгаанаа тэрээр “Мөнгөн дүнгийн хэмжээ өмнөх оныхоос илүү гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл, оролцогчдын тоо нэмэгдсэн, томоохон бизнесменүүд ч олон байна. Хятад, японы бизнес эрхлэгчид ирнэ, тэд янз бүрийн санал ирүүлсэн” хэмээн тайлбарласан байна.

Ялтын олон улсын эдийн засгийн форум бол Крымд жил бүр болдог эдийн засгийн салбарын олон улсын ажил хэргийн арга хэмжээ юм. Крымын Засгийн газар, ОХУ-ын тамгын газрын дэмжлэгээр “Ялтын олон улсын эдийн засгийн форум” сан  энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд  2017 оны форумд гадаадын 46 орны 200 гаруй төлөөлөгч оролцож байсан юм. Харин энэ 2018 онд ЯОУЭЗФ-ын зохион байгуулагчид 3000 гаруй төлөөлөгч хүлээж авахаар бэлтгэж байгаагийн 500 гаруй нь 50 гаруй орноос ирэх гадаадын зочид ажээ.

Эх сурвалж: www.polit.mn