АНУ-ын хоригт хариу барихгүй байхыг А.Кудрин уриалав

Фото: Владимир Сергеев / РИА Новости

Д.ЭНХЭЭ

ОХУ-ын Cангийн сайд асан, стратеги боловсруулах төвийн тэргүүн Алексей Кудрин АНУ-ын зүгээс тавьж байгаа шинэ хоригт хариу барихгүй байхыг санал болгож байна. Оросын зүгээс барих шинэ хариу зохистой бус гэж тэрээр үзэж байгаа  хэмээн ТАСС агентлаг мэдээлжээ.

“Америкийн хувийн бизнес бидэнд технологи, хөрөнгө оруулалт авчирдаг болохоор тэдэнд хариу хориг тавих нь зохисгүй. Хариу хориг үр ашиггүй, манай эдийн засгийн төлөв байдлыг хязгаарлана” гэж Кудрин хэлжээ.

“Улстөрчид хориг тавих нэг хэрэг, харин бизнес бол өөр зүйл”  гэж Сангийн яамны экс тэргүүн онцлон тэмдэглэв. Мөн тэрээр “Ерөнхийлөгч гадаадын бүх компанийг урин дуудсан. Хариу хориг тавих юм бол Ерөнхийлөгчийн амлалтыг хуурч мэхэлсэн хэрэг болно” хэмээн өмнөх Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үгийг стратеги боловсруулах төвийн тэргүүн сануулсан байна.

Эх сурвалж: www.polit.mn