Реппер MB: Хараалын үгнээс хол байхыг хүсдэг

Ч.ГАНТУЛГА

“MC collection” хамтлагийн дуучин, реппер Л.Мандахбаяр буюу  МВ-тай уран бүтээл болон үзэл бодлынх нь талаар ярилцлаа.

 

Таны хувьд бие дааж уран бүтээл хийгээд багагүй хугацаа өнгөрчээ. Саяхан шинэ студитэй болсон гэж дуулсан?

-“Зууны мэдээ” сонины уншигчидад энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие “МС collection” хамтлагаас хойш бие даасан уран бүтээл хийж байна. Саяхнаас өөрийн шинэ цомог гаргах ажил болон залуу дуучин, шинэ гарч буй хамтлагуудтай хамтарч ажиллахаар “Про Стар” рекордийг хариуцан ажиллаж эхэллээ. Манайх кино, клип, дуу бичлэг, менежмент гээд бүх үйлчилгээг нэг дор үзүүлэхээрээ онцлог юм.

-“МС collection” хамтлагаас хойш гэхээр … Танай хамтлаг бүр тарчихсан юм уу?

-Бид хамтлагийн уран бүтээлээ түр завсарласан. Манай хамтлаг байгуулагдаад 10 жил болсон байна. Энэ хугацаанд багагүй уран бүтээл хийж, сонсогчдын талархлыг хүлээсэн. 10 жилийн ойгоо тэмдэглэхээр ярилцаж байна. Гэхдээ товоо гаргаагүй. Хийх ажлууд ширээний ард төдий яригдаж байгаа. Ямар ч байсан ойн баяртаа зориулан бэлэг барина гэдгээ амлая.

Хамтлагт дуулах, бие дааж уран бүтээл хийх ялгаатай. Таны хувьд яаж мэдрэгдэж байна?

-Хамтлагийн уран бүтээлээ завсарласнаас болоод ганцаараа дуулахаар шийдсэн асуудал огт биш. Миний хувьд өөрийн ертөнцийг давхар харуулахыг хүссэн юм. Сонсогчдоос ч тийм хандлага байсан.

Тэгвэл таны ертөнц яг ямар юм бэ. Репперүүд өөрийн үзэл бодлоо дуугаараа илэрхийлээд байдаг?

-Амьдралын бүхий л асуудлыг уран бүтээлээрээ дамжуулж зөвөөр илэрхийлдэг. Харин хараалын үгнээс өөрийгөө хол байлгахыг хүсдэг. Энэ нь биднийг сонсдог өсвөр насны хүүхдүүдэд буруу үлгэр дууриал болно.

Репперүүд дуугаараа бухимдлаа илэрхийлж, нийгмээ шүүмжилдэг. Ойрд таныг юу бухимдуулж байна?

-Бүх реппер өөрийн бухимдлаа хэрхэн, ямар өнцгөөс харж дүгнэснээ уран бүтээл болгодог. Миний хувьд хийх ёстойгоо хийдэггүй улстөрчид, амласандаа хүрдэггүй төрийн түшээдэд хандаж үзэл бодлоо илэрхийлдэг. Бусад орны жишгийн адил Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол улс орон минь хөгжих юм болов уу гэж бодож явдаг. Энэ бодол минь уран бүтээлүүдэд тусгагдсан.

Үүний тод жишээ нь “Анализм” байх. Нийгэмд, залууст хүчтэй нөлөөлсөн байх шүү?

-Өнөөгийн нийгмийг хурцаар шүүмжилсэн дуу л даа. Энэ дууг дагаад талархлаас гадна олон эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулсан. Гэхдээ үнэн үг үргэлж ялдаг гэдэгт би итгэдэг.

Таны хувьд бас хөнгөн хэмнэлтэй дуу руу ч хөрвөж чаддаг санагдсан. “Миний нохой” дууныхаа түүхээс сонирхуулаач?

-Энэ дуу их түүхтэй бүтсэн. Миний найз Уугий гээд реппер залуу байдаг юм. Нохойд их хайртай. Тиймээс надад хоббигоо уран бүтээл болгоё гэсэн санал тавьсан юм. Энэ дууны ачаар нохойны тухай судалгаа хийж, мэдлэгтэй болсон. Амьтанд хайртай залуусын аялах дуртай бүтээл болсонд баярлаж явдаг. Дууг бүтээхэд дэм­жиж ажилласан “Мянган найз” амьтны дэл­гүү­рийн н.Төвшин ахдаа талархсанаа илэрхийлье.

Миний хувьд өөрийн чинь “Цасанд” дуунд илүү дуртай. Саяхан шинэчилсэн хувилбар нь гарсан?

-Хамгийн сүүлд гаргасан уран бүтээл гэвэл “Цасанд” дуугаа шинэчилж, “Про Стар” жүжгийн дугуйлангийн дүү нартайгаа дууллаа. Том хүмүүсээс гадна хүүхдүүдийн сонсох дуртай дуу болсон байна лээ. Түүнээс хойш цомгийн бичлэг дээр сууж байна. Удахгүй шинэ цомгоо гаргана.

Монгол репперүүдээ хэр сонсдог вэ. Gee, Rokitbay, Цэцээ гээд л ?

-Энэ цагийн реппе­рүүдээс илүү Монголын хип хоп урлагийг өнөөгийн төвшинд авчирсан ах нарынхаа бүтээлийг сонсох дуртай. Бидний үеийн багачууд “Ice top”, “Dijital” хамтлагийг сонсч өслөө шүү дээ. Одоо ч эдгээр хамтлагийн бүтээлүүд үнэ цэнэтэй санагддаг.

Таны хобби юу вэ. Ямар нэг нандин цуглуулга бий юү?

-Би өөрийн эдэлж, хэрэглэж байсан хуучны эдлэлүүдээ цуглуулах дуртай. Нарийн тоог нь гаргаад нандигнан хадгалдаг. Алга болчихвол их уурладаг хүн дээ /инээв/

Дуулахаас өөр авьяас бий юү?

-Чөлөөт цагаараа кино үзэх дуртай. Мөн өөрөө урлагийн мэргэжилтэй учир зохиол бичих сонирхолтой.

Гэр бүлээ танил­цуулаач. Эхнэртэй юү?

-Гэр бүлийн амьдрал зохиож амжаагүй. Гэхдээ харж, бодож явдаг бүсгүй бий. Манайх ам бүл тавуулаа. Ээж минь насаараа Засгийн газрын ордны цэцэгчин хийсэн. Харин аав минь Тэргүүний гагнуурчин цолтой хөдөлмөрч хүн бий. Залуудаа амьд хөгжмийн хамтлагт гитар тоглодог байсан. Миний уран бүтээлч болох хүсэл тэмүүлэл ааваас минь эхтэй. Хоёр ах минь урлагийн өндөр мэдрэмжтэй хүмүүс байдаг. Багадаа “Одод болох хүслэн” тэмцээнд амжилттай оролцдог байсныг нь санаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө