Орос үнсгэлжин

Х.ОЮУНБОЛД

Саяхан Москвагийн алдарт Их театрын тайзнаа дэлхийн хамгийн шилдэг дуучинд олгодог “Bravo” шагналыг монгол дуучин Э.Амартүвшин омог бардам, нэр төртэйгөөр гардаж авсан юм. Түүнтэй хамт Оросын алдарт дуучин, энэ цагийн дуурийн эмэгтэй дуучдын тэргүүн эгнээний од Анна Нетребко шагнуулсан. “Сонгодог урлаг” буландаа Анна Нетребкогийн удаад түүний амьдрал, уран бүтээл болон хувийн амьдралынх нь тухай онцоллоо.

Санкт-Петербург хотын “Марлински” театр.  Театрын тайзнаа дуулах дуурийн дуучдыг бишрэн харж зогсох бяцхан охин. Гэвч тэр үед энэ жаахан охиныг хожим дуурийн том дуучин болно гэж хэн ч төсөөлж, бодож байсангүй. Тэр бол дэлхийд “Орос Үнсгэлжин” гэж алдаршсан Анна Нетребко байсан юм. Охин дуучин болох мөрөөдлөө дагаж, театрт цэвэрлэгчээр ажиллаж эхэлсэн аж. 16 настай охин ажиллаж, хөгжмийн сургуульд сурч байлаа. Энэ бол 1987 он. Харин түүнд нэг аз тохиосон нь театрт дуучин болох хүсэлтэй хүмүүсийн сонсголыг шалгаж авахад очиж шалгуулснаар тэнцжээ. Үүгээр зогсохгүй  театрын захирал Валерий Сергейн анхаарлыг татав. Ийнхүү Анна Нетребког 22 настайдаа Моцартын “Фигаро гэрлэсэн нь” дуурийн Сюзанагийн дүрийг бүтээв. Энэ бол түүний дуурийн алдарт дуучин болох замналын дөнгөж эхлэл байсан юм. Үүнээс хойш тэрээр “Севилийн үсчин”, “Шидэт лимбэ” зэрэг дуурийн гол дүрийг амьдруулжээ. Улмаар 1995 онд Сан-Франциско хотод 24 настайдаа очиж,  хөгжмийн зохиолч Михайл Глинкагийн “Руслан, Людмила” дуурийн Людмилагийн дүрийг бүтээв.

 

АВСТРИЙН ИРГЭН АННА

Дуурийн театрын цэвэрлэгчээс гараагаа эхэлсэн дуучны аялан тоглолт үргэлжилсээр. АНУ-ын “Метрополитан” дуурийн театрт “Дайн ба энх” дуурийн Наташагийн дүрийг бүтээлээ. Дараа жил нь анх удаа Зальцбургийн хөгжмийн наадмын үеэр  Австрийн хөгжмийн удирдаач Николас Арнонкуртын  “Донна Анна” дуурьт тоглов. Энэ ондоо “Opera arias” хэмээх анхны цомгоо гаргасан нь тухайн жилийнхээ хамгийн их зарагдсан цомгийн тоонд багтжээ. Анна Нетребкогийн 2006 оны зургадугаар сард Германы ДАШТ-ий үеэр тенор Пласидо Доминго, Роландо Вильясонтой хамтран дуулжээ. Үүнийг нь Герман, Австрийн сонинд тэднийг дуурийн мөрөөдөл болсон хос хэмээн бичиж байж. Мөн “Сочи 2014”өвлийн наадмын нээлтийн үеэр ОХУ-ын сүлд дууллыг дуулсан нь их шуугиан дэгдээсэн байна. Сан-Франциско хотын Метрополитан  театрын­хан болон ОХУ-ын сөрөг хүчнийхэн түүнийг “Евгений Онегин” дуурьт тоглох үеэр эсэргүүцлээ илэрхийлжээ. Анна Нетребко­гийн 2007 оны гурав­дугаар сард  Австри дахь “Хүүхдийн хотхон” байгууллагын  элч, төлөө­лөгч болсон. Үүнээс гадна 2006 онд Австри улсын иргэн болох хүсэлтийг нь зөвшөөрсөн юм.

 

“ФОРБЕС” СЭТГҮҮЛ ТҮҮНИЙГ ХАМГИЙН ИХ ОРЛОГОТОЙ ДУУЧНААР НЭРЛЭВ

 

Дуучин бүсгүйн урлагийн замнал дардан байсан боловч түүний хувийн амьдрал эсрэгээрээ байв. Тэрээр анхны нөхөр болох Италийн баритон, дуучин Симон Албергенигээс 2007 онд  салжээ. Дараа жил нь Уругвайн дуучин Эрвин Шроттой гэр бүлээ батлуулж, хүүтэй болов. Гэвч  хосууд 2013 оны арваннэгдүгээр сард гэр бүлээ цуцлуулсан байдаг. Үүнээс хойш хоёр жилийн дараа азербайжан дуучин  Юсиф Эйзазовтой гэрлэжээ. Нэгэн цагт дуурийн дуучин болохыг хүсч театрт цэвэрлэгчээр ажиллаж явсан Анна Нетребкогийн олон мянган шүтэн бишрэгчтэй. Тэрээр дуучны гараагаа эхлүүлсэн Санкт-Петербург болон Вена, Нью- Йоркт амьдардаг аж. Түүнийг өнгөрсөн жил “Форбес” сэтгүүлээс ОХУ-ын дуучдын дотроос хамгийн их орлоготой дуучнаар шалгаруулжээ.  Анна Нетребко жилд 7.5 сая ам.долларын орлого олдог аж. Тэрээр энэ сарын 25-наас ирэх сарын 4, 7 өдрүүдэд Лондон хотын  хатан хааны “Роял опера” театрт “Макбет” дуурьт дуулах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө