Их гарын алтан толь 

Эрдмийн газар замчлан зорчуулагч номч гүүшийн ачийг дурдан залбирья”

Монголын XIX  зууны соён гэгээрүүлэгч Цанид Ловон Шагдар гэгээний “Ном хийгээд ертөнцийн хос ёсны сургааль”-иас

 

Их гарын толь ойрд гараагүй байтал Ц.Дашдондов гуай гаргасан. Энэ нь “Монгол Англи өвөрмөц хэлц, хэллэгийн их гарын толь” юм. Хүмүүс амраар нь “Дашдондов гуайн их гарын толь” гэж нэрлэдэг болжээ. Их гарын толь хэмээн үгсийн сангийн багтаамжаараа илүү баялаг том толийг хэлнэ. Тэгвэл Дашдондов гуайн толины хэллэгийн сан нь тун арвин дэлгэр. Учир нь өмнө нь бүтээсэн дунд гарын таван тольд орсон хэлц үгсээ улам баяжуулжээ.Тэгээд дээр нь орон орны онч мэргэн үгс, орчуулахад хэцүү хэллэг сэлтийг нэмсэн таван тусгай хавсралттай. Зохиогч хоёр ботио ашиглахад хялбарыг нь бодолцон цугт нь баринтаглаж нэг дээлтэй болгосон. Эхнийхэд ороогүй хэлц нь арынхад нь байж байх жишээтэй.

 

ЭХ  ХЭЛ БАЯЖИНА

Толийг гардаж авсан хүмүүс амт шимтийг нь мэдэрч, ач тусыг нь хүртээд эхэлчихжээ. Асууж сураглах нь ч ихэслээ. Толийг хоёр янзаар ашиглаж байгаа хүмүүс байна. Эхлээд Монгол өвөрмөц хэлц хэллэгээс нь суралцаж, дараа нь мэдээж Англи хэлний мэдлэгээ дээшлүүлнэ. Эхнийх дээр нь тогтож ярья. Монгол өвөрмөц хэллэг бүрийн ард Англи хувилбар нь хангалттай олон орсон. Жишээлэхэд “Өөрийн санаа өөртөө зөв” хэлц нь англиар 21 янз, “Мэл гайхаж цэл хөхөрнө” гэхэд л 17 байна. Хэлц, үг бүрийн утгыг тус тусад нь тайлбарлаж, тодотгол, зүүлт, жишээ, эрэгцүүлэл, шигтгээ оруулжээ. Одоогийн нийгэмд ихээр хэлэгддэг “Бялуу хуваах”, “Эрх мэдэлд тэмүүлэх”, “Сүрхий царайлах”, “Дүр эсгэх”, “Зувчуулах” зэрэг үгсийг ойлгомжтой товчхон тайлбарласан. Толийг ширээний номоо болгосон Дархан хотын багш Алтангэрэлийн Гэрэлмаа хэлэхдээ “Одооны сурагч оюутнууд ойлгоход бэрх “Өглөө хазаар, орой ташуур” гэх мэт битүү утгатай хэллэг олон байдаг. Тэдгээрт зүүлт хийн тодотгосон нь таалагдсан” гэлээ.

Толийг ашиглахад ч хялбар. Хэрэгтэй хэллэгээ А-Я хүртэл үсгийн дарааллаар хайгаад түвэггүй олно. Ижил ойролцоо утгатай хэллэгүүд нэг дор оржээ. Тэдгээрээс өөртөө хэрэг болох үгсийг сонгож авч болно гэсэн үг. Жишээ нь, “цаг мөчтэй өрсөх” гэдэг хэлц нь цаашаа “цаг хожих”, “цаг бол алт”, ”цаг наргүй ажиллах”, ”цаг тухай бүрт нь”, “цагаа олсон” гэх мэтээр дэлгэрнэ. “Цаг алдах” гэхэд л ойролцоо утгатай олон үгс байна. Ихэнх хэллэгийн ард утгыг нь хаалтан дотор товч тайлбарлажээ. ”Даагаа нэхэх”/ Дор нь хариугаа авах/ гэх жишээтэй. Зарим үг хэллэг өөр улс орны хэлэнд ч ижил утгаар хэлэгддэгийг онцолж тодруулсан нь сонирхолтой. “Зальт шар сүүлээрээ хуурах” гэсэн хэллэг нь “Үнэнч бус, мэхлэгч, зальхай чанарыг үнэгээр төлөөлүүлэх нь олон үндэстний хэлэнд нийтлэг тохиолддог” гэх мэт. Зөвхөн Монголынх гэж хязгаарлалгүй дэлхийн хүмүүс түгээмэл хэлдэг өөр үндэстний зарим онцлог өвөрмөц хэлц хэллэгийг ч авч оруулсан. “Мятаршгүй Марк Таплей” гэдэг хэлц нь зохиолч Ч.Диккенсийн “Мартин Чеззлвит” романы ямар ч нөхцөлд мохож гуньдаггүй баатарын дүр бөгөөд энэ утгаараа олон хэлэнд дэлгэрчээ. Зохиогч өвөрмөц хэллэгийнхээ араас “Хэн нэгэнд хэрэг болж ч юун магад” хэмээн сорчлон оруулсан газар, газрын хүмүүсийн хэлдэг эгзэгтэй, үнэтэй үгсийг хаана юунд ч ашиглаж болмоор. Хавсралтанд байгаа монголжуу онцлог нэр томьёо, ертөнцийн гурав гээд бүгд сонирхолтой. Хавсралтанд өөр нэг анхаарал татсан хэсэг байна. Хүний зан авир, үйл хөдлөл, хэл яриа бүр цаашлаад архи дарс, мөнгө бэл бэнчингийн тухай өвөрмөц хэллэгийг ангилж бүлэглэн оруулжээ. Хүний явдал мөрийн тухай л гэхэд “Ачийг бачаар”, “Гар дүрэх”,”Ая тал засах”, “Түрийвчээ зузаалах” гэх үгсийг нэг дороос үзнэ.

Үүнийхээ дараа далд давхар утгатай, орчуулахад адармаатай хэцүү хэлц үгүүдийг жагсаасан нь дахиад л шинэ мэдлэг өгнө. “Үнэг гүйцэхэд бэлэн” эсвэл ”Шавай нь ханах” гэх хэлцийг яаж орчуулах вэ гээд асуулт гарна. Үүнд л хариу өгчээ.

 

ХААН ХЭЛ СУРНА

Толийг ашиглах хоёр дахь аргаар Англи хэлний мэдлэгээ дээшлүүлж байгаа хүн олон байна. Зохиогч “Алаг хорвоогийн хаан хэл” хэмээн Англи хэлийг цохон онцолжээ. Гадаад хэл эхлэн суралцагч хүмүүст бэрхшээх шантрах үе тохиолддог.Тэгвэл энэ толиор суралцвал уйдахгүй их сонирхолтой хэлбэрээр сурч болох нь. Энгийн хар ярианы этгээд, өвөрмөц үг хэллэг түрүүлж чээжлэн хэл хурдан сурах аргаа болгосон туршлага ч байдаг. Хурц сонин хэллэгүүд нь толгойд амархан тогтох учраас гол нь зөв дуудаж ярьж, дүрмээр нь алдаагүй бичиж сурч авахад дөхөмтэй гэж энэ толийг ашиглаж байгаа залуус туршлагаа хуваалцлаа. “Толь маш арвин сантай учраас хэл сурч байгаа хүний үгийн баялаг дээшилнэ. Цоо шинэ үгс нэмэгдэнэ. Тэдгээр хэллэг нь илүү олон утга санаагаар баяжих нь ямар том амжилт гэж санана. Нэг үгийн олон утгыг ч тайлна” гэж багш А.Гэрэлмаа ярьж байна. Тэр үргэлжлүүлэн “Үгчлэн орчуулахад хэцүү монгол хэлцүүдийг англи үндэстнийх нь ахуй, сэтгэлгээний онцлогийг харгалзан тааруулж дүйцүүлсэн нь оновчтой болжээ. Миний эрж хайж байгаа үг хэллэгийг шууд л гаргаад ирсэн. Бэлэн будаа л гэсэн үг” гэв. “Толь нь орчуулагч нарт тустай. Сургалт, хурал зөвлөгөөний болон аялал жуулчлалын хэлмэрч нарын аль ч хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд их хэрэг болдог” хэмээн орчуулагч Ж.Лхагвасүрэн хэллээ. Толины 31-54 дэх талд дурдсан гадаад хэл сурах тухай зөвлөгөөг тогтож уншаарай, нарийн ширийн сануулга нь сонирхолтой.

 

ДАШДОНДОВ ГУАЙН ТОЛИОС БҮХ НАСНЫ ХҮН СУРАЛЦАЖ БАЙНА

Сурагч, оюутан, залууст гойд тус болно. Ямар ч мэргэжлийн хүнд хэрэгтэй. Тухайн хүн өөрийн ажил төрөлтэй холбоотой өвөрмөц хэллэгүүдийг олоод үзчихэж болох жишээтэй. Багш, сэтгүүлч нар заавал авч ашиглаасай. Хэвлэл мэдээллийн одоогийн хэл найруулгын тухай өгүүллийг нь анхаарч уншвал нэн сайн. Тэгээд одоо буруу хэрэглэж дадчихаад байгаа үг хэллэгийнхээ алдааг засаж зөв болгоё. Сэтгүүлчид нийтлэл сурвалжлага болон өдөр тутмын мэдээгээ бичихэд ч толь хэрэгтэй. Нэвтрүүлэг хөтөлж, ярилцлага хийхэд үгийн баялгийг нэмэгдүүлнэ. Ямар хичээл заадаг нь хамаагүй багшийн хэлний мэдлэгт тустай. Монгол, англи хэлний багш нар онцгойлон энэ толиноос суралцаасай. Хоёр хэлэн дээрх бэлэн жор толинд байна. Сурагч оюутан, залуу хүмүүс энд тэнд шалгалт өгөхөөр эсээ бичихэд энэ толиноос ашиглавал хэчнээн гоё. Утга төгөлдөр уран яруу хэллэгийг шигтгээ болгон хэлэх гэсэн санаа бодлоо илэрхийлбэл том л оноо авна даа. Ярилцлагад орохдоо ч өвөрмөц баян хэлцээс хэрэгцээтэй газарт донжийг нь тааруулан дурдаж харилцаад өөрийнхөө мэдлэгийн чадварыг харуулахад мөн л хэрэг болно. Толинд байгаа нэг утгатай олон янзын хэллэгүүд нь англиар уншиж бичихэд тустай. Кино, телевизийг англи хэл дээр үзэхэд ч ойлгоц нэмнэ. Сүүлийн үед залуус үгийн баялаг муутай гэж хэлүүлэх болсон. Энэ толь та нарын үгсийг улам өргөн дэлгэр болгоно. Толины өмнөх үүд болон арын отго үгсийг тогтож харахыг зөвлөе. Анхаарч санаж авмаар зөвлөгөө энд их бий. Аливаа үндэстний өвөрмөц хэлц хэллэгийн тухай ч гол ойлголт өгсөн байгаа.

Маш хичээнгүй шаргуу зүтгэлээр ийм чанартай  Их гарын алтан толь бичиг тэрлэсэн Дашдондов гуайдаа талархаад баршгүй. Таны бүтээсэн адистид үлэмж номын буян улам дэлгэрэх болтугай!

Ө.РАГЧААСҮРЭН /Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч /

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө