Баялгийг ард түмний мэдэлд шилжүүлэхийг дэмжиж намууд гарын үсэг зурна  

С.САРУУЛ

МАХН-аас Шинэ Дээд Үндсэн хуулийн төсөл боловсруулж нийслэл, 21 аймаг, сумыг тойрч ард түмний дунд нээлттэй хэлэлцүүлсэн. Мөн өнгөрсөн сарын 9,10-нд хуралдуулсан II Их чуулганы 1044 төлөөлөгч Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг дэмжиж, намын дүрэм, Мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг баталсан байна. Тэгвэл МАХН-аас бүх ард түмнээр хэлэлцүүлсэн Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг дэмжиж улс төрийн хүчнүүд тунхаг бичигт  гарын үсэг зурахаар болжээ. Энэ талаар МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, С.Ганбаатар болон Гүйцэтгэх товчооны гишүүн доктор Ч.Өлзийсайхан, Тамгын газрын дарга Н.Уламбаяр нар мэдээлэл хийлээ. Улс төрийн намууд дэмжиж ажиллах Шинэ Дээд Үндсэн хуулийн үзэл баримтлалд уул уурхайн баялаг ард түмний дундын өмч байна гэдэг зүйл заалт орсон. Үүний төлөө нам гэж талцахгүйгээр хамтдаа зүтгэх ёстой гэдгийг хурлын үеэр онцолсон юм.

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “МАХН-аас Шинэ Дээд Үндсэн хуулийн үзэл санааг шинэчилж ард түмэн даяараа хэлэлцүүлж санал авч, Үндсэн хуулийг өөрчлүүлэх талаар олон удаагийн арга хэмжээг нийт ард иргэдтэйгээ хамтарч хийж байгаа. Маргааш Монголын ногоон нам, Иргэний зориг ногоон нам, Монголын үндэсний ардчилсан нам, МАХН-ын хамтарсан Шинэ Дээд Үндсэн хуулийн үзэл санааг дэмжиж эрдэнэт Монгол хүмүүний есөн цагаан хүслийг тэтгэх Шинэ Дээд Үндсэн хуулийн  төлөө тунхаг бичиг байгуулна.  Улс төрийн хүчнүүд нийлж Монголд тулгамдаж байгаа бэрхшээлтэй, ядуурал, ажилгүйдэл уул уурхайн баялгаас ашиг шим хүртэж чадахгүй байгаа хүнд нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө Шинэ Дээд Үндсэн хуулийг батлуулахын  төлөө ард иргэдээрээ дэмжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно. Эрх баригчид улс төрийн хүчнүүд Оюутолгой, Дубайн гэрээг ярьж байгаа баярлаж байна. Монгол орны эдийн засаг өрийн байдал Монголын хамгийн эрсдэлтэй оронд тооцогдож байна. Шинэ Дээд Үндсэн хуулийн уул уурхайн баялгаа ард түмний мэдэлд өгье гэсэн үзэл санаанд улс төрийн хүчнүүд нэгдэж байна” гэсэн юм.

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Улс төрийн дөрвөн нам улс орноо эдийн засаг, улс төр, нийгмийн хямралаас гаргах, монголчууд намын харьяалал харгалзахгүйгээр эх орондоо элбэг хангалуун аз жаргалтай амьдрах гарц үүдийг нээх эрдэмтэн судлаачдын боловсруулсан Шинэ Дээд Үндсэн хуулийг дэмжиж тунхаглана.

Монголчууд эв нэгдэлтэй нэг зүгт харж хөгжлийн эрчимтэй бодлоготой явахгүй бол дэлхийн улс орон, түүний дотор хоёр хөршөөсөө хол хоцорч гадаад улсаас эдийн засгийн хараат байдалд орно. Энэ ядуурал, хямралаас болж Монголын тусгаар тогтнол Үндэсний аюулгүй байдал хөгжил ирээдүй бүрхэг болно. Энэ гарцыг олж харж Шинэ Дээд Үндсэн хуулийг боловсруулж улс төрийн намуудтай хамтарч ажиллаж байна. Эхний ээлжинд Ногоон нам, МҮАН, Иргэний зориг ногоон нам хамтарч тунхаг бичигт гарын үсэг зурна. Мөн МАН, АН дэмжиж улс орныхоо хөгжлийн төлөө нэгэн зүгт нэгэн бодлогоор ажиллана гэж найдаж байна. Монголын улс төрийн хүчнүүд, иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд ард  иргэддээ эвтэй байж улс орнынхоо хөгжлийн төлөө хамтарч ажиллахыг уриалж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Мөн Их чуулганаар баталсан намын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрийг Дээд шүүхэд бүртгүүлэх талаарх сэтгүүлчдийн асуултад дэд дарга С.Ганбаатар “МАХН Их чуулганаа нийт гишүүдтэйгээ хамтарч ардчилсан байдлаар ил тодоор хийсэн. Их чуулганаас баталсан намын дүрмийн өөрчлөлт, Мөрийн хөтөлбөрийг бүртгэх ажиллагаа  Дээд шүүхэд явагдаж байна. Дээд шүүх бүртгэлийн үйл ажиллагаа явуулах болохоос биш эвлэлдэн нэгдсэн намын дотоод асуудал руу орохгүй. Зөвхөн бүртгэх үүрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө