“Жаст”-ийн Ш.Батхүү ба 51 хувь тойрсон тойм

Т.САЙХАН

“Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкны барьцаанд тавьсан асуудлаар “Жаст” группын захирал Ш.Батхүүг цагдан хорих 461 дүгээр  ангид саатуулаад байна. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалан  их хэмжээний зээл авсан гэх энэ хэрэг  2009 оноос эхтэй.  Тухайн үед “Жаст” групп “Стандарт” банктай 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан байдаг.  Мөн  2010 оны наймдугаар сарын 5-ны өдөр дахин 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр “нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 34,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн байдаг юм.  Дээрхийг нэгтгэвэл 2009-2010 онд “Жаст групп” компани “Стандарт” банкнаас нийт 109,000,000 ам.долларын зээл авсан байна.   Тэгвэл Лондоны Арбитрын шүүх “Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжлэх, 99 сая ам.доллар дээр нэмж хоногийн 30 мянган ам.долларын хүү төлөх шийдвэр гаргаж, Засгийн газарт хүргүүлээд байгаа.   Хэргийн эзэн гэх “Жаст” группын Ш.Батхүүг ийн баривчилсан нь хоёр дахь удаагаа болж байна.  Өмнө нь 2013 оны наймдугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаад биеийн байдал нь муудсантай холбоотойгоор 2014 оны тавдугаар сард батлан даалтад гаргаж байжээ. Үүний дараа түүнийг 2015 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн Өршөөлийн хуульд хамруулснаар чөлөөлсөн байна.Харин энэ удаа ялаас “мултарах” боломжгүй гэдгийг АТГ-аас мэдэгдээд байгаа юм.  Энэ хэргийн цаана зөвхөн Ш.Батхүү ч биш улс төрийн томоохон  бүлэглэл бий гэдэг нь зарим эх сурвалжаас харагддаг.   Жирийн бизнесмэн хүн төрийн өмчийн компанийг барьцаанд тавьж олон улсын банкнаас хэд хэдэн удаагийн үйлдлээр зээл гаргуулах боломж бараг л  үгүй. Тухайн үед зээлийн батлан батлан даалтыг  “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан, одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж буй Д.Сугар нар гарын үсэг зурсан байдаг.  Тэр гарын үсгийг нь хуурамч хэмээн манай хууль хяналтын байгууллагынхан  үзсэн ч Арбитрын шүүхээс хуурамч биш гэдгийг тогтоосон байдаг.  Тэгэхээр Ш.Батхүү бол зүгээр л гүйцэтгэгч, түүний  цаана улс төрийн  сүлжээ, бүлэглэл бий гэдэг нь бараг л ойлгомжтой.   Харин  одоогийн байдлаар гарын үсэг  зурж батлан даасан гэх  Д.Сугар,  Ч.Ганзориг нар сугарч  үлдэхээр  улайрч, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдэг мэдэгдлийг хийсээр байгаа. Гэхдээ  үүнийг хууль хяналтын байгууллагынхан  шалгаж, үнэн зөвөөр шийднэ байх.   АТГ-аас энэ хэрэг дээр ажиллаж, нэлээд өргөн бүрэлдэхүүн ажиллуулж, Эрдэнэтэд  хүртэл шалгалт явуулж байна.  Ямартай ч хэргийн гогцоо  зангилааг тайлах эхний эзнийг саатууллаа.  Цаашид Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж зээл хэргийг хэрхэн шийдэх нь  олон нийтийн анхаарлын төвд байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө