Тойм: Ерөнхийлөгч Д.Трампад захидал бичиж, АН-ын дотоод сонгууль эхэлсэн долоо хоног

Т.САЙХАН

Өнгөрөгч долоо хоногт өрнөсөн зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Ерөнхийлөгчийн захиа

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампт захиа бичиж, хоёр зүйл дээр туслалцаа хүссэн байна. Энэ нь Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-руу татваргүй квотгүй оруулах, Хоёрдугаарт, Монголоос хууль зөрчиж гадагшаа гаргасан оффшор дансны мөнгө, үл хөдлөх хөрөнгийг буцааж авчрахад туслалцаа хүсжээ.

Уг захидалтай холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-д энэ өдрүүдэд ажиллажээ.  Тэрээр Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-руу татваргүй квотгүй оруулах  асуудлаар АНУ-ын Конгресс дээр уулзалт хийсэн талаараа өөрийн нүүр хуудсандаа тодотгож, “Хуучин 1990-ээд онд оёмол бүтээгдхүүн дээр хөнгөлөлттэй байхад 35-40.000 эмэгтэйчүүд ажлын байртай байсан” гэж тэмдэглэсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгсөн, өгөөгүй

 Д.Гантулга гишүүн намрын чуулган завсарласны дараа бүрэн эрхээсээ татгалзах саналаа намын удирдлагууддаа хэлсэн бололтой.Харин намын удирдлагуудын зүгээс одоогоор тодорхой хариулт өгөөгүй байгаа.  Д.Гантулга “Энэ хэргийг шийдэхэд миний бүрэн эрх нөлөөлж байгаа бол энгийн иргэн болчихоод үнэн зөвийг тодруулна” хэмээн сэтгэл шулуудсан гэдгийг түүний ойрын эх сурвалж тэмдэглэсэн байдаг. Д.Гантулга гишүүнд холбогдох хэргийг хуулийн байгууллагынхан шалгаж буй ч шүүхийн шийдвэр хараахан гараагүй байгаа юм.

АН-ын дотоод сонгууль үргэлжилж байна

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн эргэлт буюу ротацийн сонгууль олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. АН-ын Дотоод сонгуулийн хорооноос зарласан ротацид орж байгаа Үндэсний бодлогын хорооны гишүүдийн дунд Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Н.Бат­баяр, Д.Дорлигжав, Х.Тэмүүжин, Ч.Энх­тайван, Да.Ганболд нар багтаад байгаа юм.Мөн уг ротацид Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү Соёмбо, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Ерөнхийлөгчийн Хуу­лийн бодлогын зөвлөх асан Ч.Өнөрбаяр, “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяр, Сангийн сайд асан Б.Болор нар багтсан байна. Энэ талаар АН-ын ЕНБД Ц.Туваан “АН өөрийн гэсэн дүрэмтэй. Энэ удаагийн эргэлтийн сонгуульд 120 рочим хүн оролцож байна. Үүнээс 76 нь чөлөөт суудлаас, 26 нь эмэгтэй, 26 нь эрэгтэй оролцож байгаа юм. Дотоод сонгуульд оролцож байгаа гишүүдээ бид шударга буюу онооны зарчмаар дүгнэж байгаа. Хамгийн сүүлийн байрт орсон нь эргэлтийн сонгуульд ордог дүрэмтэй. Түүнээс биш намаас гишүүдээ хөөж байгаа явдал огт биш. Түүнээс биш хэвлэл мэдээллээр яваад байгаачлан гишүүдээ хөөсөн зүйл байхгүй. Манай намын бүх гишүүд дүрмээ мэднэ. Дотоод сонгууль намын дүрмийн хүрээнд л явагдаж байгаа. Бид энэ сонгуулийг сүүлийн долоон жил явуулаагүй байсан. Дотоод сонгуульд оролцож буй нөхдүүд маань гажуудлаа засаад ороод ирэхэд намын үүд хаалга нээлттэй” гэсэн хариулт өгч буй.

ИЗНН нэг даргатай боллоо 

Улсын дээд шүүх Иргэний зориг, ногоон намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн бүртгэлийг хэлэлцэж, зарим шийдвэрийг гаргажээ. Өнгөрсөн хугацаанд гурван даргатай байсан тус намын дүрмийн өөрчлөлт буюу нэг даргатай байх хүсэлтийг шийдвэрлэж, УИХ-ын гишүүн асан С.Оюуныг намын даргаас чөлөөлсөн юм. Учир нь, С.Оюун өөрийн хүсэлтээр намын даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан аж. Ингэснээр саяхныг хүртэл С.Дэмбэрэл, С.Оюун, Ц.Ганхуяг нарын гурван даргатай явсан ИЗНН нэг даргатай үйл ажиллагаа явуулахаар боллоо.

Эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагсав

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиосон. “Иргэдийн шударга шүүх” ТББ, “Ээжүүдийн холбоо” ТББ, Худалдаачдын холбоо хамтран “Бидэнд баярлах шалтгаан байхгүй” уриатай жагсаал зохион байгуулсан. Өнгөрсөн жилийн энэ өдөр “Оффшорчдыг шалгаж хариуцлага хүлээлгэ” гэсэн утга агуулга бүхий лоозон биедээ өлгөсөн хагас нүцгэн гурван эмэгтэй эсэргүүцлийн жагсаал хийж байсан бол энэ удаад тэд илүү олуулаа болжээ. Мөн тэд өнгөрсөн жил ийнхүү жагссаныхаа төлөө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагаа мэдээлж байсан бол энэ удаад албан ёсны зөвшөөрөлтэйгөөр жагссанаараа онцлог. Мөн тэд энэ удаад цээжин биеэ нүцгэлж, гал тогооны зарим хэрэгслээ авчран төр засаг Үндсэн хуулиа мөрдөхийг сануулж, мөрдөөгүйн улмаас хүчирхийлэл газар авч байгааг хэлж байв.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө