Кёкүшюзан Д.Батбаяр  нийслэлийн хамгийн өндөр настай есөн ээжид хүндэтгэл үзүүлэв

А.ЦЭРЭНДОРЖ

Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Монгол улсын гавьяат тамирчин, Монголын сүмо бөхийн холбооны тэргүүн  Кёкүшюзан Д.Батбаяр есөн дүүргийн хамгийн өндөр настай есөн ээжийг урьж, хүндэтгэл үзүүллээ.  100 гаруй настай өндөр буурлуудыг “Хүрэн толгойн сүүдэр”, “Уяхан замбуу тивийн наран” дуугаар угтаж, тэдэнд баярын бэлэг барив.  Мөн Кёкүшюзан Д.Батбаярын гэргий, гавьяат жүжигчин Т.Баясгалан есөн ээжид цай аягалан өгч, өөрийн гарын хоолоор мөн дайллаа.   Энэ удаагийн хүндтэй зочдоор Налайх дүүргийн иргэн 90 настай Х.Цэрэннадмид, Хан-Уул дүүргийн иргэн 96 настай С.Бүжин, Чингэлтэй дүүргийн иргэн 106 настай Б.Ундаа, Сүхбаатар дүүргийн иргэн 95 настай Д.Бадамжав, Багахангай дүүргийн иргэн 90 настай Д.Аюуш, Багануур дүүргийн иргэн 100 настай С.Цэндээ, Баянгол дүүргийн иргэн 95 настай  Ц.Рэгзэдмаа, Баянзүрх дүүргийн иргэн 93 настай Ч.Бужаа, Сонгинохайрхан дүүргийн  иргэн 97 настай Б.Нордов нар уригдан оролцож байлаа. Энэ үеэр Д.Батбаяр  “Энэ өдөр эмэгтэйчүүдийн баяр тохиож байна.  Мөн миний төрсөн өдөр юм. Есөн дүүргийн хамгийн өндөр настай есөн ээжийг хүлээн авч байгаадаа баяртай байна.  Өчигдөр /03.07/ ханьдаа зориулсан шүлгийн уралдаан шилдэг есөн яруу найрагчид шагнал гардуулсан. Өнөөдөр 107 насалсан настан буурлууд маань хүрэлцэн ирсэн байгаа. Энэ өдөр настан буурлуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглэж байгаадаа хамгийн их баяртай байна” гэв. Энэ үеэр мөн Кёкүшюзан Д.Батбаяр гэргий Т.Баясгаланд 1000 шүлэгтэй номын дээжийг цэцгийн хамт гардуулсан юм.  Гавьяат жүжигчин Т.Баясгалан “ Монголынхоо бүх сайхан ээжүүддээ, эмэгтэйчүүддээ баярын мэндийг хүргэе.  Миний хань гурван сарын 8-нд  олон хүний зүрх сэтгэлээ шингээн үг нь амилсан энэ сайхан номыг энгэрт минь тэврүүлсэнд маш их баяртай байна. Мөн өнөөдөр өндөр настануудаа хүлээн авч уулзаж  байна. Зуу насалж зургаадаа таяг тулаарай гэж сайхан үг байдаг. 100 гаран насласан буурлуудад маань энэ ерөөл багадаж байна. Тиймээс буурлуудыгаа мөнх наслаарай гэж ерөөе” гэлээ.  Энэхүү арга хэмжээг “Кёкүшюзан сан”-гаас  жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ.

Эх сурвалж:www.polit.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *