Энэ цаг үеийн монголын хүчирхэг 8 эмэгтэй

Т.САЙХАН

Улс төр, шуурхай мэдээллийн Polit.mn сайтаас олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг  тохиолдуулан энэ цаг үеийн монголын хүчирхэг 8 эмэгтэйг  нэрлэж байна.  Тэд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж, бүсгүй хүнд баймгүй эрдэм мэдлэг, эр зориг, хүч чадлыг гаргаж, олонд үлгэр дуурайлал болж яваа билээ.

“Рио-2016” олимпийн  наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин  Д.Сумъяа энэ жил ч спортын  амжилтаа ахиулж, жүдогийн түүхэнд тодоор бичигдэж байна.  Түүнд саяхан Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цолыг хүртээлээ.  Тэрээр Увс аймгийн Баруунтуруун суманд 1991 оны гуравдугаар сарын 11-нд төрсөн. Жүдо бөхийн спортоор 14 настайгаасаа хойш хичээллэж байна.  Анхны багш нь “Монгол охид” клубын Ч.Базарсүрэн, С.Эрдэнэбат. Өдгөө Монголын жүдо бөхийн амьд домог Х.Эрдэнэт-Одын удирдлага дор бэлтгэлээ базааж байгаа юм.

Гавьяат тамирчин Бадамгаравын Гангаамаа Винсон Массиф оргилд амжилттай гарлаа. Тэрээр ийнхүү дэлхийн долоон ноён оргилд гарсан Монголын анхны уулчин болов. Уулчин бүхэн дэлхийн долоон ноён оргилд гарч, эх орныхоо далбааг мандуулахыг мөрөөддөг. Б.Гангаамаа ч бас ийм л мөрөөдөлтэй байсан.  Түүний мөрөөдөл ийнхүү биелсэн сайхан жил болж байна.

Францын нийслэл Парис хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий 63 кг-д түрүүлсэн Пүрэвдоржийн Орхон Монголын чөлөөт бөхийн түүхэнд тодоор бичигдэж байна. Тэрээр 2016 онд олимпийн гурав, дэлхийн арван удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичог Иван Ярыгины нэрэмжит тэмцээний алтан медалийн төлөөх барилдаанд 10:0-ээр ялж босоо бөх  гэдгээ дэлхий дахинаа  зарласан юм.

Болгарын Үндэсний театрын гоцлол дуучин,  Д.Баясгалан Монголын дуурийн урлагийг, монгол хүний хоолойн цар хүрээг дэлхийд таниулж явна.   Тэрээр Болгарын Хөгжмийн урлагийн академийг төгссөнөөс хойш Софи хотын дуурийн театрт дуучин, гоцлол дуучнаар ажиллан томоохон олон дуурийн гол дүрийг бүтээж байна.  Италийн хөгжмийн суут зохиолч Ж. Пуччинийн “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатагтай” дуурийг Болгарын дуурийн театрт тоглож, Ж.Пуччинийн “Турандот” дуурийн гол дүрээр дэлхийд танигдаж байна.

“Seaberry Farm, Project” компанийн гүйцэтгэх захирал Д.Болортуяаг бизнесийн салбараас онцолж байна.  Тэрээр монголын чацарганаар хийсэн бүтээгдэхүүнийг дэлхийд гаргахаар зорин ажиллаж байгаа.  Одоогийн байдлаар 10-аад төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүн, цай, энергийн ундаа үйлдвэрлэж Ази Европын орнуудад гаргаж байна.  Ийнхүү “Seaberry farm products” компанийн захирал хатагтай Д.Болортуяа Монголын шаргал алтаар баялаг бүтээж дэлхийн тавцанд гаргахаар хэдийнэ галт тэргэндээ суужээ.

Нэгдүгээр эмнэлэгийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Хүний гавьяат эмч О.Сэргэлэн дэлхийн таван эмчийн нэг боллоо. Тэрээр эрүүл мэндийн салбарт 36 дахь жилдээ ажиллаж байна. Анх 1982 онд анагаах ухааны дээд сургуулийг төгссөн байна.  О.Сэргэлэн эмч “Монгол улсаараа, хамт олноороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан. Азиас энэ шагналыг авсан 11 дэх хүн болж, Олон улсад эмчлэх эрхтэй боллоо” гэж байв.

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд Ц.Энхжин эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 15-д багтлаа. Энэ нь Монголын загварын ертөнцийн түүхэнд  үзүүлсэн хамгийн дээд амжилт  юм. Тэрээр   Их Британийн Кэмбрижийн Их Сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр нэг дүгээр зэрэглэлтэй төгссөн.  Мөн Италийн алдарт Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалсан. Одоогоор өөрийн үүсгэн байгуулсан “Eden Desig” компанидаа олон улсын мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажилладаг.

Тэмээн жингээр Лондон хүрэх зорилго тавьсан Н.Байгалмаа замдаа гарсан. Тэрээр торгоны замын маршрутаар явах юм. Хятадын хилээр гараад цаашаа Англи хүртлээ Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк зэрэг 15 орныг дайран өнгөрөх төлөвлөгөөтэй яваа билээ. Торгоны зам гэдэг нь Азиас Европ хүртэлх зам бөгөөд Нийтийн тооллын өмнөх 115 оноос ХIII зуун хүртэл хамгийн чухал арилжааг хийдэг зам байсан. Италийн аялагч Марко Поло ч энэхүү замаар худалдаа наймаа хийдэг байсан түүхтэй.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө