С.Зоригийг хөнөөсөн хэрэгт  дахин хоёр хүнийг яллах гэж байна гэв

Ч.ҮЛ-ОЛДОХ

С.Зоригийг хөнөөсөн  гэх хэрэгт  яллагдаж шоронд хоригдож байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ар  гэрийнхэн өнөөдөр  сэтгүүлчдэд хандлаа. Тэд хилс  хэрэгт яллаж шоронд хорьчихоод араас нь мөн л  зохиомол зүйлүүд ярьж хэлмэгдүүлж байна. Тухайлбал, “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбатын хэвлэлд өгсөн ярилцлага зохиомол эвлүүлэг” гэж тэд мэдэгдлээ. Хэвлэлийн хуралд Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат, Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа нар оролцсон юм.

Л.Жавзмаа:  Худал гүтгэлгийг тэвчиж чадахгүй нь           

-Би хилс хэргээр шоронд хоригдож байгаа хүүгийнхээ төлөө явж байгаа эх хүн. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлсэн гэх худал хуурмаг шүүх хурлууд тухайн үед болж өнгөрснөөс хойш хэдэн сар боллоо. Энэ хэргийг нуун дарагдуулж байгаад эгэл жирийн иргэдэд үүрүүлж, ард түмнийг төөрөгдүүлэх гэсэн эмгэнэлт жүжгийг Монголын ард түмэн ойлгож байгаа. Бүгд мэдэж байгаа. Энэ хэргийг зохион байгуулагчд нь ТЕГ, прокурор, шүүхийхэн сүүлийн үед ард түмний тархийг угаах арга нь улам нарийсч, хуйвалдааны журмаар өргөн цар хүрээтэй зохион байгуулж байгааг хараад тэвчсэнгүй хэвлэлийн хурал хийж байна. Сэтгүүлчдэд хэлэхэд Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбатын сүүлийн үезд сонин хэвлэлд өгч байгаа зүйлүүд бүгд худал гэдгийг хэлье. Та бүхэн үнэн шударга мэдээллийг ард түмэнд  хүргээрэй. Гүйцэтгэгч гэж хэдэн хүнийг гөрдөж яллаж хорьчихоод захиалагч нь өнөө хүртэл илрээгүй хэрэг  гээд байгаа. Ийм байж болох уу. Захиалагч илрээгүй байхад хүнийг гүйцэтгэгч гэж барьж хорьж тамлан зовоож болохгүй. Тагнуулынхан элдэв башир арга хэрэглэж миний хүүгийн ухааныг самууруулж яриулсан зүйлээ нотлох баримт гээд байгаа. Энэ маш ичгүүртэй. Тагнуул, хуулийнхан эхнээсээ ганц Ц.Амгаланбаатар гэдэг  алуурчны үгээр шүүх хурал хийсэн. Гэрчийн мэдүүлгүүд ч бүгд худал. Байцаасан, шалгасан хүмүүсээ хэвлэлд ам нээж болохгүй гэж гарын үсэг зуруулсан. Манай Эрдэнэт ч ийм байдал гарч байна.

-Т.Хүрэлбат: Хуурамч нотлох баримт цуглуулж байгааг юу гэж ойлгох вэ?

– Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбатын хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Цахилгааны утаснаас гал гарсан гэсэн дүгнэлтийг зөвтгөж ярьж байгаа хүмүүс цахилгааны утас тасарсан байсан гэдгийг огт ярихгүйбайна” гэжээ. Анх Ерөнхий прокурор Энх-Амгалан УИХ-ын чуулган дээр хэлсэн тэр үг  асуудалтай гэдгийг би хэвлэлд ярьсан юм.  Тухайн үед хэрэг нууцлалаас гараагүй байсан. Тэгэхээр тэр хүн нууц задалсан. Бидэнд болохоор нууц гээд үзүүлээгүй, хэлээгүй гэдгийг ч хэлсэн.  Тэнд С.Зоригийг хөнөөсөн этгээдүүд дөрвөн хүн шатааж алсан гэж ярьсан. Тэр нь ямар учиртай вэ гэхээр, Отгонбаатар гэдэг залуу, хоёр хүүхэд, эхнэртэйгээ амьдардаг. Түүхий эд цуглуулж, дугуй засвар ажиллуулдаг байж. Гэтэл тагнуулынхан “Эд нар Зоригийг дөрвүүл нийлж алсан. Отгонбаатар нь хэлэх гээд байсан учраас шатааж алсан” гэдэг үлгэр зохиосон. Энэ худал. 2007 онд  Отгонбаатарын гэр шатсан байдаг. Тэр үед Орхон аймгийн  Онцгой байдлынхан газар дээр нь шалгаад “Цахилгаан ашиглалтын буруугаас гал гарчээ” гэсэн  нотломж гаргасан. Энэ эрхзүйн баримт /хуулбарыг үзүүлэв/. Үүнийг би  хэвлэлд өгсөн ярилцлагаараа   дамжуулаад  олон нийтэд мэдээлсэн. Өнөөдөр ч дахиад хэлье. Тэр үеийн галын шалтгааны тухай Орхон аймгийн гал унтраах ангийн гаргасан нотломж бол баримт мөн. Энэ баримт  галын дүгнэлт үү, нотломж уу гэдгийг прокурор мэдэх  л учиртай. Бас нэг зүйл нь гүүх  хуралд Б.Булганыг гэрчээр оруулаагүй атал түүний ам зургийг  баримт болгосон. Тэр нь 1998 оных  уу гэтэл шинээр зуруулсан байгаа. Дүүг маань барьж хорьчихоод гэрээс нь хурааж авсан зургийг харж байгаад хуулж зурчихаад түүнийгээ ам зураг гэж яриад байгаа. 1998 оны  ам зурагт  зурагт эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь намхан байгаа. Тухайн үед тайрмал үстэй эмэгтэй хүн гэж яригдаж байсан. Тэгвэл тэрэнд ойртуулах гэж   тагнуулынхан манай дүүгийн гэрээс 1988 онд театрын  бүжигчин байхдаа  авахуулсан тайрмал үстэй зургийг нь хурааж авч  явсан байдаг. Тэгээд  хөрөг маягийн зураг зуруулчихсан байгаа юм. 20 жилийн дараа хөрөг шиг зурна гэж байх уу. Түүнийгээ баримт гээд байгааг юу гэж ойлгох вэ. Хүнийг хилс хэрэгт татаж барьж хорьчихоод одоо зуучлагч, захиалагч гэж ар гэрийнхнээс нь дахиад хоёр хүнийг барьж хорих гэж хэрэг зохиож байх шиг байна. Үүнд зориулж телевизийн нэвтрүүлэг, сонины ярилцлага өгөөд байна   уу гэж ойлгогдоод байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө