Утаа ургийн эндэгдэлд нөлөөлж байна

М.БААСАНДЭЛГЭР

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран Аюулын харанга, “Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт тайланг өчигдөр танилцуулж, утааны асуудлыг хэрхэн шийдэх талаар санал бодлоо солилцлоо. Энэ арга хэмжээнд манай улсад үйл ажиллагаа явуулж буй дипломат төлөөлөгчийн газар, байгууллагын төлөөлөл, олон улсын суурин төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд 10.000 хүнд ногдох амьсгалын замын өвчлөл 2.7 дахин өсчээ. Одоогийн байдлаар уушгины үрэвсэл нь тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан болоод байна. 2015 онд 435 хүүхэд уушгины үрэвслийн улмаас энджээ. Улаанбаатар хотын агаарын бохирдол их дүүрэгт амьдарч байгаа хүүхдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдийнхээс 40 хувиар бага байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Мөн эхийн хэвлийд хүүхэд бүрэлдсэн мөчөөс агаарын бохирдлын нөлөөнд өртөж эхэлдэг аж. Үүний улмаас хугацаанаас өмнө төрөх, өсөлтгүй болох, үр зулбах аюулд хүргэдэг. Ургийн эндэгдэл өвөл, зуны улирал хоорондох ялгаа 3.5 дахин зөрүүтэй байгааг судлаачид онцоллоо. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хоол тэжээлийн байдлын талаар хийсэн судалгаагаар нийт жирэмсэн эхчүүдийн 75, бага насны хүүхдүүдийн 61 хувь нь Д витамины дутагдалтай байна. Энэ дутагдал нь амьсгалын замын өвчлөл тусах эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн эх, хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулсаар байгаа юм” гэв. Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой Бээжин, Дели хотуудын өмнө орох болжээ. Энэ оны нэгдүгээр сарын 30-ны 05:00 цагт Баруун дөрвөн зам орчимд нарийн ширхэглэгт тоосонцор буюу PM2.5-н хэмжээ 3320 мкг/м3 хүрсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнээс 133 дахин их байсан байна. Энэ хүнд нөхцөлд агаарын бохирдлын хор уршгаас сэргийлэх нэг арга нь амны хаалтыг тогтмол зүүж хэрэглэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг судлаачид өгч байна.

НҮБ-ын, Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Эрүүл мэндийн салбар, тэр дундаа хүүхэд, жирэмсэн эхчүүдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгтэй. Мөн олон нийтийн ойлголт, хандлагыг өсгөж, мэдээлэх, түгээх нь зүйтэй. 20-30 жилийн дараа бохирдолтой агаарт өссөн хүүхдийн эрүүл мэндэд хэн анхаарч, хэрхэн эмчлэх вэ гэдэг нь маш том асуудал. Тиймээс нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох за­маар энэ асуудлыг ший­дэж болно” гэсэн юм.

Агаарын бохирдол нь бронхит, гуурсан хоолойн багтраа өвчин зэрэг хүүхдэд хүндээр тусдаг өвчлөл үүсгэж, хүүхэд сургууль завсардах, сурах, хөгжих болон бусад боломж хумигдахад хүргэдэг байна. Өнгөрсөн онд 0-18 насны хүүхдийн агаарын бохирдолтой холбоотой өвчлөлд нийслэлийн хотын эрүүл мэндийн байгууллага 10.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь ЭМЯ-ны нийт төсвийн гүйцэтгэлийн 1.6 хувьтай тэнцэж буй юм.

Хүйтний эрч чангарахтай зэрэгцэн утааны асуудлыг хэн хүнгүй л ярьж, шуугидаг. Харин дулааны улиралд хэн ч энэ тухай ярьдаггүй. Тиймээс аль ч цагт агаарын бохирдол олны анхаарлын төвд байж, хэрхэн бууруулах талаар хэлэлцэн дорвитой гарц олох хэрэгтэйг олон улсын байгууллагаас сануулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө