Б.Түвшинтөгс: Манайд маркетингийн менежер ажиллах дэд бүтэц байхгүй

 

М.БААСАНДЭЛГЭР

 Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар Судалгаа, маркетингийн агентлагийн захирал, эдийн засгийн зөвлөх Б.Түвшинтөгстэй ярилцлаа.

Өнөөгийн эдийн засгийг ямар байдалтай байна гэж харж байна вэ?

-Одоогийн байдлаар манай оронд эдийн засгийн биш төсвийн хямрал болоод байгаа юм. Жилд төсвийн мөнгө гэх долоон их наяд орчим төгрөгийг бидний сонгосон хүмүүс Засгийн газраа байгуулан үрдэг. Энэ мөнгө активждаггүй шууд хил даваад явчихдаг учраас ингэж цоллож байна. Үүний хоёр их наяд нь төрийн байгууллагад ажилладаг 202 мянган хүний цалингаар дамжин зах зээл рүү урсдаг, таван их наяд нь янз бүрийн төсөв, тендерт хувааж зарцуулагддаг. Эдийн засгийн загвараар авч үзэхэд энэ мөнгийг тогтоон барих механизм нь ажиллахгүй, ажиллуулахгүй, хийхгүй байна. Төв банк мөнгөний бодлого хэрэгжүүлэх гэхээр Засгийн газар нь жил бүр ийм хэмжээний мөнгөөр тоглочихдог учраас механизм нь ажилладаггүй. Дотоодын Нийт бүтээгдэхүүн буюу Монголд үйлдвэрлэгдэж байгаа нийт бараа, үйлчилгээний 60 хувь нь гаднаас түүхий эд болон импортын хараат  бизнес байдаг тул энэ мөнгө гадагшаа явчихдаг. Үүнийг хэн тогтоон барих ёстой вэ гэвэл хувийн хэвшил, ажил олгогчид. Гэтэл ажил олгогчдыг дэмждэггүй. Хувийн хэвшил нэг хүн ажилд авсныхаа төлөө л улсад төлөх ёстойгоосоо дахин нэмж татвар төлөх болдог. Энэ нь өртгийг нэмэгдүүлж барааны үнэ өндөр болоход хүргэдэг. Ажлын байр нэмэгдүүлэх сонирхлыг бууруулдаг, цаашлаад хос тайлан гаргана. Анхнаасаа худлаа тайлантай явчихсан аж ахуйн нэгж зөв стратеги гаргах ухамсраа алдчихдаг. Компаниа байгуулахдаа төсөөлж байсан анхны мөрөөдлөө санадаггүй. Ингээд л монгол захирлууд зэрлэг капиталистууд болон хувирчихаж байгаа юм.

Үүнээс яаж сэргийлэх вэ?

Ядаж компаниудыг ажилчдынхаа ХХОАТатвар төлсөн дүнгээр НӨАТ-с чөлөөлье. Ингэвэл ажлын байр эрс нэмэгдэнэ. Байгууллагууд бүтэн менежментээр ажиллаж эхлэнэ. Мэргэжилтнүүдийн зөвлөгөө үнэн болно. Бас нэг анхаарал татсан үзүүлэлт байна. Монгол Улсын хүн амын 84 хувь нь ипотекийн зээлийн шаардлага хангахгүй байгаа буюу нэг өрөө байр авах чадваргүй. Орлого нь үүнд хүрэлцэхгүй. Банкууд Засгийн газартай хамтарч ипотекийн зээлийг нэвтрүүлэхдээ 50 мянган хүн авч чадна гэсэн тооцоолол хийсэн байдаг. Одоогийн байдлаар 100 мянган хүн авчихсан байгаа. Энэ нь хэрэгцээ асар их байсан буюу иргэдийн нуугдмал төлбөрийн чадвар ил гарч байгаа хэрэг. Харин нөгөө талаас нь харвал энэ үзүүлэлт иргэдийн 84 хувь нь зах зээлийн макро эргэлтэд огт оролцохгүй байгааг илтгэж байгаа юм. Идэх хэрэгцээгээ л хангах хэмжээний эдийн засгийн эргэлтэд оролцдог гэсэн үг. Бага орлоготой болхоор дөнгөн данган мах, талхаа л залгуулж амьдардаг. Өөр үйлдвэрлэл, өөр салбарын эдийн засгын эргэлтэнд оролцохгүй амьгүй байна гэж хэлж болно. Угаасаа гуравхан сая хүн амтай дээр нь хөдөлдөг бүтээдэг насны хүн амынх нь зургааны тав нь эдийн засагт ямар ч нэмэргүй зүгээр л хүнсний зах гэр хоёрын хооронд амьдраад үхэж байна. Энэ байдал 29 жил үргэлжиллээ. Тэгэхээр энэ хүмүүс улсын бүтээн байгуулалт, хөгжилд маш бага оролцож, бараг оролцохгүй байгаа гэсэн үг юм. Гэхдээ хүсэхгүй байгаа юм биш. Харин үлдсэн 16 хувьд багтаж байгаа хүмүүс улсын эдийн засгийг авч явж байна. Гурван сая хүн амтай улсын 1.2 сая хүн нь хөдөлмөрийн насны боловч 600 мянган хүн нь нийгмийн даатгал төлдөг, 400 гаруй мянга нь бүртгэлгүй ажилчид. Манай улсын нийт баялаг бүтээгчдийн 3/1 нь бүртгэлгүй, наймаачин буюу худалдаа, үйлчилгээний төв, цайны газар, үсчин гэх мэт газруудад ажиллаж байна.  200 гаран мянга нь эрс бага цалинтай тул байнга ажлаа сольдог. Энэ нь улс нь зорилгогүй, иргэд нь зорилгогүйн улмаас боловсролд шамддаггүй байдалтай шууд хамааралтай.

Тэгвэл эдийн засгийн хямралаас хэрхэн богино хугацаанд гарах вэ? Ялангуяа татварын орчинг яаж өөрчлөх вэ?

-Манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бага буюу 240 мянган төгрөг. Бусад улс орны хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмдэг. Манайх шиг хуучин социалист тогтолцоотой байсан орнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бага байдаг. Зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжсэн орнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь хамгийн багадаа 1250 ам.доллар байна. Энэ нь Маслоугийн хэрэгцээ шаардлагын онолын тавдугаар шатлалыг биелүүлэх буюу эрүүл мэндээ хамгаалах хэмжээний мөнгө юм. Тийм учраас хөгжилтэй орнуудын эмнэлгийн төлбөр өндөр үнэтэй байдаг. Харин монголчуудын эрүүл мэнд төрийн мэдэлд байдаг учраас үнэгүй. Үнэгүй учраас их хэмжээний цалин өгөх шаардлагагүй. Тэгэхээр эдийн засгийн бодлогын хүрээнд монгол хүнийг ядуу амьдруулаад байна гэж ойлгож болно. Товчхондоо шалтгаан нь хөдөлмөрийн үнийг бага тогтоож эрх мэдлийг цөөнхийн гарт өгөх гэсэн бодлого хэрэгжиж байна. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж бусад татварын бодлоготой уялдуулах хэрэгтэй. Жишээлбэл, НӨАТ  босгыг 50 сая төгрөгөөс эхэлдгийг тэглэж гарааны ижил нөхцлийг бүрдүүлэх, буцаан олголтыг хөдөлж, бизнес эрхэлж байгаа бүх хүнд ижил болгоод цахим системд нэгтгэн хянадаг төлдөг байж болно. Ганцхан аж ахуйн нэгж хэрэглэгчидээ бүртгэж болоод байхад 202 мянган хүн ажилладаг Монгол Улсын төр үүнийг чадахгүй байна гэж байхгүй. Зохион байгуулалтыг нь хийгээд менежментийг нь гүйцэтгэх хэрэгтэй.  Татварын олон нэршил шатлалыг нэгтгэж энгийн иргэн ч татвараа шууд төлчихдөг татварын эрхзүйг арилжааны орчинд бий болгох хэрэгтэй байна.

Ийм үед бизнес эрхлэгчид борлуулалтаа нэмэгдүүлэхэд юунд анхаарах вэ?

-Маркет гэдэг нь зах зээл, маркет + инг (ing) гэхээр амьд зах зээл гэсэн үг. Ер нь эдийн засгийн хямралтай байгаа  тохиолдолд манайд дотоодын зах зээл дээр маркетинг хийж болохгүй. Монголд эдийн засгийн хямрал болоогүй. Маш олон хүн нэг зэрэг ажилгүй болохыг эдийн засгийн хямрал гэж үздэг. Үнэхээр эдийн засаг хямарвал тэр үед дайн эсвэл үймээн самуун болох болно. Хэдэн зуун хүн ажилгүй болбол тэд өлсөж үхнэ. Хүн өлсөж үхэхээ тулбал ажил хийдэг мөнгөтэй хүмүүсээ дээрэмдэж эхэлнэ. Энэ бол байгалийн хууль. Хямралын үед үйлдвэрүүд зөвхөн талх, сум хийдэг. Үүнд маркетинг хийж яах юм. Тэгэхээр хямрал манай оронд болоогүй, дэлхийд ч хямрал боллоо гэхэд маркетинг гэж зүйл хийх боломжгүй гэж онолын талаас тайлбарлаж болно.

Харин манай зах зээлийг хумигдсан гэж нэрлэх нь тохиромжтой. Хумигдсан зах зээлд хийж байгаа маркетинг бол бизнесийг дампууруулахгүй байх хэмжээний бүх тооцооллыг хэлнэ. Ашигтай ч биш, алдагдалтай ч биш, эрс бага ашигтайгаар удаан авч явна гэсэн үг. Бизнес эрхлэгч ийм үед бараа, үйлчилгээгээ тухайн зах зээл дээр өндөр өртөгтэй, нэр хүндтэй нь авч үлдэе гэвэл хуримтлалтай байх, даатгалтай байх шаардлагатай даа.

Сүүлийн үеийн маркетингийн бүртгэлүүд ухаалаг болж, зардлыг бууруулах маш олон боломж, мөн технологийн шийдлүүд гарч ирж байна. Тиймээс мэдээлэл түгээхээсээ илүү хэрэглэгчийнхээ харилцаа холбоог тогтоон барих хэрэгтэй. Маркетингийн хэлээр “Лояалти” (loyalty) хөтөлбөр гэдэг. Аливаа бизнест өөрийнх нь хүчин чадалд тохирсон хэрэглэгч байдаг. Хэрэглэгчээ бизнес эзэд нь өөрсдөө өмчилдөг болох хэрэгтэй. Хэрэглэгчидтэйгээ харилцахдаа зардал гаргаагүй бизнес жижгэрсээр дампуурна. Энэ үеийг монголын бизнесийхэн ихэнхи нь яг одоо туулж байгаа.

Манай улсын зах зээлд дээр маркетинг хийх нөхцөл хэр байдаг вэ?

-Монголын үйлдвэрлэгчид, импортлогчдыг аль алиныг нь татвар төлдөггүй бүлэг хүмүүс гар дээрээс худалдаа эрхлэгчид, интервенци хийгээд дуусч байна. Гадны орноос хэрэглээ өндөртэй, ашигтай бараа оруулж ирээд сүлжээ дэлгүүрүүдэд зарж үйлдвэрлэнэ. Яг хөл дээрээ босч байтал дундын борлуулагч байгууллага нь эсвэл худалдагч нь яг адилхан бүтээгдэхүүнийг Хятадад чанарыг нь унагаад хийлгээд хямд зарж эхлэхэд тэр бизнес дампуурдаг. Зах зээлийн хувиарлалтыг төр нь хийхээ больчихсон. Нэг салбарын лицензийг зах зээлийн багтаамжаас нь 20 дахин давуулаад олгочихно. Нөгөөдүүл нь хоорондоо үнээрээ өрсөлдөж бие биедээ интервенци хийсээр бгаад тэр салбарын хөгжил хойш татагдаж цаг хугацаа алддаг. Одоогоор манай улсад бизнесийн бүх урсгалыг хөрөнгө оруулагч дангаараа эзэмших, хуучин сувгаас шинэ ухаалаг суваг руу шилжих гэсэн процесс явагдаж байна. Манай компаниуд маркетингийн дэд бүтэц дээр анхаардаггүй, тэдэнд маркетингийн менежер ажиллах дэд бүтцийн систем гэж байдаггүй.

Маркетингийг зөвхөн хэрэглэгчдийг авчрахад зориулсан зар сурталчилгаа, мэхлэх арга хэрэгсэл гэж хараад байгаа юм. Гэтэл энэ нь маш нарийн тооцоололтой макро шинжлэх ухаан.

Тухайлбал маркетинг менежер ажиллах дэд бүтцийн системтэй бол зах зээл хэрхэн өргөжих вэ?

-Хятад нэг тэрбум гаруй хүнтэй байж дэлхийн долоон тэрбум хүнийг хувцаслана, хооллоно, ундлана гэсэн зорилготой. Тэд хувцсыг килограммаар зарж байна. Хүн нэг кг хувцас авна гэж Хятадад очихгүй. Гэтэл дэлхийг хувцаслая гэсэн зорилго нь тэднийг кг-аар зарахад хүргэсэн байгаа юм. Тэнд ямар загвартай байх нь хамаагүй. Дэлхийн хүн амын 15 хувь нь л загварын мэдрэмж өндөр, ховор хувцас сонирхож түүнийгээ авах эдийн засгийн чадвартай. Харин үлдсэн хувь нь ямар ч загвар хөөхгүйгээр хямдхан хувцас өмсдөг. Энэ хэрэгцээг хятадууд хангаж чадаж байна шүү дээ. Харин манай улсад нэхмэл хувцасны утас хийдэг түүхий эд ноос, ноолуураас эхлээд бүгд бий. Гэтэл нэхийгээ 500 төгрөг хүргэж чадахгүй өмхийрүүлээд хаяж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө