Танилц: “Морин хуур” наадмын шилдгүүд

Т.САЙХАН

“Морин хуур-2017”  наадмын  шилдгүүд өчигдөр /02.12/ тодорлоо.  Мэргэжлийн дуу, нийтийн дуу, эстрадын дуу гэсэн гурван номинациар шилдгүүдийг шалгаруулсан юм.

31 дэх жилдээ эгшиглэж буй “Морин хуур” наадмын эстрадын дууны төрөлд:

  • Тусгай байрт хөгжмийн зохиолч Төрбатын аялгуу, Gee буюу дуучин Мөнх-Эрдэнийн шүлэг, ДБЭТ-ын дуучин Туяагийн дуулсан “Чи өөрөө”, хөгжмийн зохиолч Б.Бат-Эрдэнийн аялгуу, яруу найрагч Х.Соёмбын шүлэг, дуучин С.Бичүүгийн дуулсан “Зоргол нүдэн” дуунууд,
  • Гуравдугаар байрт урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Энхбаярын аялгуу, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ган-Очирын шүлэг, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөнгийн дуулсан “Аавдаа би хайртай” дуу,
  • Дэд байрт хөгжмийн зохиолч Ононгийн аялгуу, яруу найрагч Бүрэнжаргалын шүлэг, Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн дуулсан “Амьдрал” киноны дуу,
  • Тэргүүн байрт урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын аялгуу, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн шүлэг, гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулсан “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” дуу шалгарчээ.

Нийтийн дууны төрөлд

-Хөгжмийн зохиолч Төгсбаярын аялгуу, дуучин Содовын дуулсан “Заяагаа холбосон эх орон”, хөгжмийн зохиолч Хүрэлбаатарын аялгуу, Гансандондовын шүлэг “Аав тандаа” дуунууд шалгарч, гуравдугаар байрт урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Найданжавын аялгуу, соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын шүлэг, соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Чулуунчимэгийн дуулсан “Чамд чам шиг дурлахсан”, дэд байрт урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөрийн аялгуу, Ц.Балхаажавын шүлэг “Хүн та” дуу тус тус шалгарчээ.  Мөн  ардын жүжигчин А.Энхтайваны аялгуу, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Сонинбаярын шүлэг, соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаваагийн дуулсан “Дангина” дуу тэргүүн байр эзэллээ.

Мэргэжлийн дууны төрөлд

Тусгай байрыг ардын жүжигчин А.Энхтайваны аялгуу, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг, дуучин Б.Гомбо-Очир, Г.Шижирболд, Б.Батжаргал нарын дуулсан “Бор толгодын хавар”, хөгжмийн зохиолч Д.Батсүхийн аялгуу, яруу найрагч У.Баярсайханы шүлэг, дуучин Ө.Уянга, Отгонбат нарын дуулсан “Нар зөв Монгол” дуу шалгарсан байна. Уг төрөлд гуравдугаар байрыг урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүүгийн аялгуу, дуучин Б.Гомбо-Очирын дуулсан “Хар зүрхний Хөх нуур” дуу,  дэд байрт хөгжмийн зохиолч Д.Түвшинсайханы аялгуу, яруу найрагч Х.Соёмбын шүлэг, дуучин Монголхүүгийн дуулсан “Эндэлгүй” дуу шалгарч, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн аялгуу, яруу найрагч Өлзийдэлгэрийн шүлэг, гавьяат жүжигчин Ө.Уянгын дуулсан “Эх орон ээж минь” дуу тэргүүн байр эзэлжээ.

Хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатарын аялгуу, яруу найрагч Амгаланбаатарын шүлэг “Баатар хайрхан” дуу “Морин хуур-2017” наадмын шилдгийн шилдэг гран при шагналыг эзэндээ авчирчээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө