Д.Батлут: Үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд хүүгүй, барьцаагүй зээл олгохыг зорьж байна

Г.НАСАНБААТАР

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлуттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

Танай аймагт өвөлжилт ямар байна вэ. Өвөлжилтийн бэлтгэлээ хэр базаав?

-Орхон аймагт өвөлжилт хүнд, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт илүү хүнд байгаа. Арваннэгдүгээр сард их хэмжээний цас орж тал газартаа 30-40 см-ийн зузаан цастай, хонхор, жалга газартаа 1.2 метрийн зузаан цастай байгаагаас мал бэлчээрлэх боломжгүй болсон. Малчдын зүгээс өнгөрсөн оны сүүлчээс эхлэн малаа бэлчээрт гаргахад хүндрэл учирч байгааг хэлж байна. Хэдийгээр өвлийн бэлтгэл ажлыг сайн базаасан ч бэлдсэн өвс, тэжээл дууслаа гэж малчид ярьж байгаа. Энэ жил сумын нөөцийн санд 150 тонн, аймагт 60 тонн өвс, тэжээл бэлдсэн. Аймгийн онцгой комиссын хурлын шийдвэрээр боодол өвсийг 5000, шуудай тэжээлийг 8000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр борлуулж байна. Нөөц сангийн өвс, тэжээлийг малчдад жигд хуваарилан хүргүүлсэн. Ингэхдээ өнгөрсөн оны эцсийн байдлаарх мал тооллогын мэдээлэлд тулгуурласан. Цагаан сарын өмнө болон хойно цөөн малтай, өвлийн бэлтгэл тааруу хийсэн өрхийг сонгож өвс, тэжээлээр хангах зорилт тавьсан.

Өнгөрсөн жилийн ажлын биелэлт ямар байв. Төлөвлөсөн ажлууд хэр бүтэмжтэй байна. Ирэх жилүүдэд ямар ажил төлөвлөөд байна вэ?

-Өнгөрсөн онд манай аймгийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн байсан. Төлөвлөсөн бүх ажлаа биелүүллээ. Улсын төсөвт 14 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлсэн. Орон нутгийн хувьд төсвийн орлогыг давуулан биелүүлж ажилласан. Аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ч өндөр хэмжээнд хүрсэн. Тухайлбал, 2016 онтой харьцуулбал аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 56 хувь, бүтээгдэхүүний борлуулалт 58 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Ингэснээр хоёр их наяд төгрөг үйлдвэрлэж 2.2 их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан. Мөн эрүүл мэнд, боловсролын сал­ба­руу­дад нэлээд үр дүнтэй ажилласан. “Элэгний вирусгүй Эрдэнэт хот больё”, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр улс даяар хэрэгжиж эхлэхээс хагас жилийн өмнө хэрэгжүүлсэн юм шүү дээ. Тиймдээ ч 20 гаруй мянган хүнийг эмчилгээ оношлогоонд хамруулан эрт оношлогоог 35 хувьд хүргэсэн. Үүний дүнд нийт 298 хүнийг 100 хувь эмчилсэн амжилттай байна. Мөн элэгний вирусын өвчлөлтэй хүмүүс шинжилгээгээр илэрсэн нөхцөлд эм бэлдмэлүүдийг үнэгүй олгох ажлыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран зохион байгуулж 600 гаруй сая төгрөг зарцуулсан. Түүнчлэн вирусын халдваргүй, өвчлөлгүй хүмүүсийг вакцинжуулах ажлыг амжилттай зохион байгуулж орон нутгаас 35 сая төгрөг зарцууллаа. Ингэснээр ойрын арван жилийн хугацаанд элэгний өвчлөл, вирусын халдварыг 100  хувь таслан зогсоох зорилготой ажиллаж байгаа. Эхийн эндэгдэлгүй аймаг болсон. Нярайн эндэгдэлийг дөрөв дахин буюу 7.5 промилоор бууруулсан. Энэ нь Монгол Улсад гарч байгаагүй амжилт гэж үзэж байна. Нярайн эндэгдэлд дутуу төрөлттэй холбоотой асуудал зонхилдог. Дутуу төрсөн хүүхдийг амьдруулахад сорфактант эмчилгээ хамгийн чухал. Үүнийг шийдвэрлэхийн тулд орон нутгаас 35 сая төгрөг төсөвлөж санхүүжүүлсний үр дүн гэж харж байна.

Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр жижиг, дунд үйлдвэрийг дэмжих ажлыг аймгууд хийдэг. Танай аймгийн хувьд энэ хөрөнгийн зарцуулалт ямар төвшинд байна вэ?

-Өнгөрсөн онд 1.1 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ нь жижиг, дунд үйлдвэрлэлийг бодитоор дэмжсэн алхам болж чадсан. Тухайлбал, сүүлийн үед хэд хэдэн үйлдвэрийг ашиглалтад оруулж, ажлын байрыг нэмэгдүүллээ.

Нөгөөтэйгүүр жижиг, дунд үйлдвэрлэгчид санхүүгийн чадавхиа сайжруулснаар захиалгат ажлуудыг гүйцэтгэхэд бэрхшээл тулгарахгүй байх боломжтой. Энэ нь сум хөгжүүлэх сан болон бусад төсөл хөтөлбөрөөс эргэлтийн хөрөнгийн зээл авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Харин өрхийн бизнес эрхлэх гэж байгаа хүмүүсийн тухайд банкны  шалгуур хангахгүйгээс зээл авах, хөдөлмөр эрхлэх боломж хомс байдаг. Бид өнгөрсөн онд Засгийн газраас хэрэгжүүлж буй тэтгэлгийн зээл олгох ажлын хүрээнд 310 сая төгрөгийг 102 хүнд хүүгүй, барьцаагүй байдлаар олгосон. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн сангаас 300 сая төгрөг тавьж зээл болон тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулах ажлыг зохион байгуулсан. Ингэснээр орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг өсгөхөд бодитой дэмжлэг болсон юм.

Ажилгүйдэл нэлээд байгаа гэдэг шүүмжлэл орон нутгийн иргэдээс гарч байсан шүү дээ?

-Ажилгүйдэлтэй холбоотой  асуудлыг шийдхийн тулд нэлээд ажлыг зохион байгуулж ажиллахаар төлөвлөсөн. Эрдэнэт уул уурхай дагасан хот. Тиймдээ ч “Эрдэнэт үйлдвэр” компаниас тодорхой хэмжээгээр хамаарч байдаг нь нууц биш. Тэгэхээр уул уурхай болон “Эрдэнэт үйлдвэр” компанийн хамаарлаас бага багаар салах ёстой юм. Иймд “Шинжлэх ухаан технологийн парк” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулан эрдэмтдийн баг ажиллаж байгаа. Энэ байгууллагаар дамжуулан технологийн дэвшлийг бий болгох, инновацийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулсны дүнд өнгөрсөн онд электродын үйлдвэр байгуулсан. Тодруулбал, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус үйлдвэр өдөрт 10 тонн  элоктрод үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ жил үр ашгаа өгч эхэлнэ гэсэн хүлээлттэй байна. Бидний тооцоолсноор 270-400 орчим сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх боломжтой гэж харж байгаа. Энэ үйлдвэрийн олсон ашгийг хүүгүй, барьцаагүй зээл олгох хэлбэрээр иргэдэд хүргэснээр ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэр­лэлийг хөгжүүлэхэд дор­витой хувь нэмэр болох учиртай.

Танай аймагт цагаан тоосжилтын асуу­дал гардаг. Үүнийг шийдвэрлэх боломж бий юу. Тоосжилтыг бууруулах ямар гарц байна?

-Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”, орон нутгийн засаг захиргаатай хамтраад ажиллаж байгаа. Ингэснээрээ тодорхой үр дүн гарсан. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд дорвитой алхам хийгээгүйн улмаас цагаан тоосжилтой холбоотой асуудал өндөр төвшинд яригдаж байна. Ингээд үйлдвэрийн зүгээс хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх хэрэгтэй гэдгийг компанид тавьж цагаан тоосжилтыг бууруулах тодорхой хэмжээний ахиц гаргах талаар ярилцсан. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ч энэ асуудлын талаар албан бичиг хүргүүлсэн байгаа. Тиймээс энэ жилээс дорвитой алхамууд хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө