Н.Энхбаяр: Ирээдүйн гарцыг олж харсан, итгэл төрүүлсэн их чуулган боллоо

М.БААСАНДЭЛГЭР

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Юуны өмнө МАХН-ын Их чуулган итгэл төрүүлсэн хурал болсон гэж үзэж байна. Монгол Улсын цаашдын хөгжлийн гарцын талаар хэлэлцэж, түүндээ өөрсдөө итгэж, ард түмэнд итгэл төрүүлсэн хурал боллоо.

Манай улсын хөгжлийн гарц бол залуучууд. Тэд дээд боловсрол эзэмших ёстой. Дээд боловсролын зардлыг улсаас гаргадаг болъё гэсэн зарчмыг бид Үндсэн хуульдаа тусгах хэрэгтэй. Мөн ядуу амьдралтай хүмүүсээ бүгдээрээ харж хандъя. Залуу гэр бүлийг дэмжиж орон сууц үнэгүй өгөх зэргийг Үндсэн хуульд тусгаж өгөх санал гаргасан. Улс орноо өөд нь татах бүрэн бололцоо бидэнд байна. Монголын ирээдүйг гэрэл гэгээтэй байлгахыг хүсэж байгаа хүн бүхэн бидний Үндсэн хуулийн шинэ төслийг хэлэлцэх болов уу гэж найдаж байна” гэлээ.

 

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Н.Удвал: МАХН-ын ёс зүйн хороонд 11 гишүүн сонгосон

“МАХН-ын Их чуулган энэ сарын 9, 10-ны өдрүүдэд хуралдлаа. Хуралд нийт 1,020 төлөөлөгч оролцсон. Их чуулганаар Монгол Улсын цаашдын хөгжлийн гарц шийдэл, Бага чуулган, гүйцэтгэх товчооны ажлыг хэлэлцсэн.

Ингээд бид намын даргаараа Н.Энхбаярыг улираан сонголоо. Намын даргыг сонгох үеэр заалнаас хүн дэвшээгүй. Түүнчлэн зохион байгуулалтын ажлыг хэлэлцэж 181 хүний бүрэлдэхүүнтэй Бага чуулганы гишүүдээ сонгосон.

Мөн намын хяналт ёс зүйн хорооны 11 гишүүнийг сонгосон байгаа. МАХН-ын шинэчилсэн мөрийн хөтөлбөр, дүрмээ хэлэлцэж баталлаа. Их чуулганы хоёр дахь өдөр Үндсэн хуульд оруулах гэж байгаа өөрчлөлтийг хэлэлцсэн.

Салбар хуралдаануудыг зохион байгуулж, нийт ард түмэнд уриалга гаргасан. Үндсэн хууль нь шинэ бөгөөд хариуцлагын тогтолцоог Монголд бий болгож, өнөөдрийн хямралаас гарах гарц юм гэдэг шийдлийг чуулганаар хэлэлцсэн” гэв.

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар: МАХН парламентад суудалтай хэвээрээ байгаа

“МАХН парламентад суудалтай хэвээрээ байгаа. Харин тэр төлөөллийг өөрчлөх үү үгүй юу гэдэг нь дараагийн асуудал.

Манай намыг парламентад төлөөлж байгаа хүн бие дааж сонгогдоогүй. Орхон аймгийнхан МАХН-д саналаа өгсөн. Энэ утгаараа гишүүнийг эгүүлэн татах эсэхийг нам дотроо хэлэлцэнэ” гэв.

Хурлын дараа МАХН-ын удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Шинээр баталсан намын дүрэм, намын даргаа дахин Дээд шүүхэд бүртгүүлэх үү?

-Хуулийн хугацаандаа багтаагаад холбогдох материалуудаа шүүхийн байгууллагад хүргүүлнэ. Хуулийн хугацаа нь 10 хоногт багтааж бүртгүүлнэ.

-Г.Шийлэгдамбын шүүх хурал танай намын Их чуулгантай давхцаж болсон. Г.Шийлэгдамба өмнө нь намын удирдлагад ажиллана гэдэг намд санхүүжилт олж ирэх хүндхэн үүрэгтэй байдаг гэж хэлж байсан. Ер нь түүний асуудал дээр ямар хариулт өгөх вэ?

-Хуулийн дагуу асуудал нь шийдэгдээд явах байх аа гэж бодож байна.

-О.Баасанхүүг намын гишүүнээс хассанаар танайх парламентад суудалгүй нам болсон гэж ойлгож болох уу?

-МАХН парламентад суудалтай нам хэвээрээ байгаа. Харин хэнийг гишүүнээр суулгах, эгүүлэн татах асуудлыг нам дотроо ярина.

-УИХ дээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл явж байгаа. МАХН Үндсэн хуулийн өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ төсөл нэг намын эрх ашигт үйлчлэхээр боловсруулагдсан. Хуулийн төсөл батлагдлаа гэхэд маш их гажуудал үүснэ. Баталсан намын нэр хүнд асар их унана. Үүнийг бид МАН-д маш тодорхой хэлсэн байгаа.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө