Эшлэл: Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хаалтад юу хэлэв?

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хаалтын хуралдаанд оролцож, үг хэллээ.  Түүний  үгнээс онцлон хүргэж байна.

-УИХ-ын чуулганд оролцож үг хэлэх болсон шалтгаан маань энгийн, тодорхой. Та бүхэнд хандаж байгаа нь ард иргэдээс дэвшүүлж байгаа санал, санаачилга, хүсэлт гомдол, шахалт шаардлагыг ойрын болоод хэтийн бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажиллаасай гэж хүсч байгаа юм.

– Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтнуудын буруутай шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлаарх санал гомдол, шүүмжлэл  их байлаа.

– УИХ, Засгийн газар шийдлээ олохгүй мунгинаж, тансаглалаар хөөцөлдөн, үнэтэй машин төсвийн мөнгөөр худалдаж аван шуугиулж, сайд нар өдөр шөнөгүй ажилласан бидэнд ямар ч хангамж алга хэмээн гомдоллож, ажил авсан  сайд тамгаа алдаж, хууль бусаар тамга хийлгэсэн гэх мэт асуудалд орооцолдоод, УИХ-ын бүтцийн байгууллагууд, Авлигатай тэмцэх үүрэгтэй албан тушаалтнууд үүргээ биелүүлэхгүй, иргэдийн төлөө ажил хийхгүй, хуруугаа ч хөдөлгөхгүй, сэтгэлээ ч чилээхгүй явсаар байгаа нь иргэдэд огт таалагдахгүй байна.

-Иргэд УИХ-ын гишүүд хууль хэлэлцэх батлах ажилд бүрэн дүүрэн оролцохгүй, ирц маш муу байгааг шүүмжлэн хэлж байна. Маш олон иргэд “Хэрэв ард түмнээс итгэл аваад сонгогдсон юм бол хуралдаа бүгдээрээ сууж байгаад хуулийнхаа зөв бурууг сайтар шүүн хэлэлцдэг баймаар байна” хэмээн шаардаж байна.

– “Засгийн газрын барьсан бодлого эдийн засагт “үүр цайлгасан” гэж Сангийн сайд нь хөөрцөглөж дуусаагүй байхад хажууд нь суусан ОУВС-гийн  ажлын хэсгийн ахлагч “Эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа гол зүйл нь түүхий эдийн үнийн өсөлт юм.” хэмээн улаан үнэнийг хэлж байх жишээтэй.

-Одоо тулгамдсан асуудлуудыг мөнгө бус, ухаантай царайлж улс төржих бус сэтгэл зүрх  л шийднэ.

-Цаашид тэтгэврийн шинэчлэлийг явуулахыг УИХ, Засгийн газраас шаардаж, чиглэл өгч ажиллана.

-Хуримтлагдсан асуудлыг иргэдэд тустай талаас шийдвэрлэхийн оронд далимдуулж хялбар унац гаргах гэдэг зуршлаа таягдан хаях хэрэгтэй.

-Утааг далимдуулаад бэлэн байгаа зуухыг шахчих, сайжруулсан түлш нэрээр мөнгө цөлмөхийг санаархах гэх мэт явуургүй төслөөсөө татгалзаад нэг ч гэсэн айлыг орон сууцанд оруулах, нэг  ч гэсэн монгол хүнийг ажилтай болгох талаар санаа тавих цаг ирсэн байна.

-Төрийн албанд талцал, улс төржилт туйлдаа хүрч, ажлаа хэвийн хийж чадахгүйдээ хүртэл явцуурсныг би Сүхбаатар аймгийн Засаг дарга, түүний албатуудын ёс зүйгүй үйлдлээс харлаа.

-Ядуурал бол Монголд хуримтлагдсан бүх асуудал, зовлонгийн үндэс. Ядуурлыг ажлын байр бий болгож л арилгана. Ажлын байрыг бүтээн байгуулалт, дорвитой далайцтай төслүүд л бий болгоно.

-Мэдэмхийрэгчид, цэцэрхэгчид, гадны гар хөл бологсод 28 жил Монголд юу ч  үйлдвэрлэх хэрэггүй, дэлхий хийчихнэ, зүгээр сууж бай гэж сурталдаж, ятгаж, хорлож ирсэн. Тэдний хүслээр Монголын бүх Засгийн газар ажилласаар өдий хүрсэн ч эдийн засаг сайжралыг олсонгүй.

– Мэдэмхийрэгчид, хийрхэгчдийг үл тоогоод монгол хүнийг ажилтай, орлоготой болгоход шаардагдах юу байна бүгдийг хийцгээе. Та бүхэн ингэж сэтгэж, зүтгэвэл миний зүгээс чадлаараа дэмжиж, уриалж, гар бие оролцоход бэлэн байгаа.

-Иргэдээ бод, ард түмнээ хайрлаач гэж би та бүхнээс ахин дахин хүсэж байна.

Та бүхэн иргэдийнхээ сануулгыг үл ойшоовол хариу нь хатуу ирнэ гэдгийг санаж ажиллах хэрэгтэй.

-Шударга бус явдал, хууль хэрэгжихгүй байдал хэтэрхий хавтгайрч илэрхий хэргүүд шийдвэрлэгдэхгүй байгаагаас ард олны төрд итгэх итгэл улам бүр суларч байна. Хууль тогтоогчид нь хуулиудаа зөрчиж, элдвээр аяглах нь гаарлаа.

-Иргэд та бүхнээс халамж, бэлэн мөнгө нэхээгүй ээ. Тэд хуулийн засаглал, шударга ёсыг л шаардаж байна.

– Шударга ёсыг хэрэгжүүлдэггүй засаглал удаан оршдоггүй.

-Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэх, төрийн албан хаагчид оффшор данс эзэмшсэн зэрэг асуудлуудыг удаашруулж, гацааж, шийдвэрлэхгүй байгаа нь иргэд биш шүү дээ. Иргэд эдгээр асуудлуудын шийдлийг Та бүхнээс шаардаж байна.

-Байдал хүнд, маш хүнд байна. Иргэд туйлдаж байна. Шийдэл гарахгүй, төр ажиллахгүй байна гэх бухимдал асар их байна.

-Ард иргэдийн саналыг сонсох явцад ажлаа хийж чадахгүй, шаардлагатай шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа бол УИХ-ыг тараах тухайд ч асуудлыг хөндөж дэвшүүлнэ гэдгээ олонтаа илэрхийлж байгаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө