Ж.Лангтри: Монголчуудад зориулсан ажил, амралтын визийг нэвтрүүлнэ

С.УЯНГА

Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Лангтритай ярилцлаа. 

– Та Элчин сайдаар ирэхээсээ өмнө Монголын асуудлыг хариуцдаг байсан гэсэн. Ажиллаж амьдрах орчин нөхцөл, байгаль цаг уур ямар санагдав. Монголчуудтай дотно нөхөрлөхөд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

– Дипломат албанд 37 жил ажиллахдаа Хойд Ази, Монголын асуудлыг хариуцаж байсан. Элчин сайдаар ирж ажиллаад хоёр жил болж байна. Монголд ажиллаж, амьдрах тааламжтай. Ялангуяа монголчуудтай ойлголцоход хялбар, нээлттэй нөхөрсөг хүмүүс байдаг.

Манай хоёр улс өргөн уудам газар нутагтай, нээлттэй тэгш хүртээмжтэй нийгмийг байгуулахыг зорьж байгаа гээд төстэй талууд бий. Австрали, монгол хүмүүс биеэ даасан, эрхэмсэг ард түмэн.

Бид боловсролын салбар болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээг сайжруулахад хамтарч ажиллаж байна. 116 дугаар тусгай сургууль дээр төсөл хэрэгжүүлж, Хараагүй иргэдийн нийгэмлэгтэй хамтарч ажилладаг. Анзаарсан бол нэрийн хуудсаа брайль үсгээр давхар хэвлэсэн байгаа. Мөн тэгш хүртээмжтэй хөгжлийг цогцлоохын төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд тэгш оролцоотой байлгахад анхаарч  байна.

-Элчин сайдын яам нээгдээд хоёр жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд хоёр орны харилцаа хэрхэн хөгжиж, бэхжсэн гэж дүгнэж байна?

-Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа байгуулна гэдэг бол Сөүл, Бээжин, Москва хотоос Элчин сайд Монгол Улсын хэргийг хамаарч ажиллахаас илүү үр дүнтэй. Австрали, Монголын түншлэлийг хөгжүүлэхэд өдөр бүр ажиллах бололцоотой боллоо гэсэн үг. ЭСЯ нээгдсэнээс хойш олон ажил хийлээ. Тухайлбал, Австрали улсын талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаардаг. Манай Элчин сайдын яамны фэйсбүүк хуудсыг 13 мянган хүн дагаж, мэдээлэл авч байна. Мөн хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж байгаа. Австралид төгссөн монголчуудаар дамжуулан, боловсролын түншлэлийг хөгжүүлсээр ирлээ. Монголын эдийн засгийн нөөц бололцоог нэмэгдүүлэхийн тулд Австралийн туршлагаа хуваалцаж, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Австралийн өндөр түвшний хөрөнгө оруулагчид, бизнесийнхэнтэй хамтран ажиллаж байна. Хүний эрх, энхийг сахиулах чиглэлээр манай хоёр улс хамтран олон улсад нөлөөллийн үйл ажиллагаа явуулж буй. Хүйсийн тэгш байдал, тэгш, хүртээмжтэй хөгжил, нийгмийн эрүүл мэнд, соёлын харилцааг хөгжүүлэхээр  Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-Манай улсын худалдааны дийлэнх хувийг машин тоног төхөөрөмж эзэлж байна. Ялангуяа экспортлох тал дээр барааны төрөл нэмэгдэх боломж бий юу?

-Экспортын тоо хэмжээнд нэг их ач холбогдол өгөөд хэрэггүй гэж би боддог. Австралийг уул уурхай, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн экспортолдгоор нь дэлхий нийт мэднэ. Гэхдээ Монголтой адил Австрали ч гэсэн их хэмжээгээр машин механизм, тоног төхөөрөмж импортоор авдаг. Улмаар Австрали ч мөн гадаад худалдаандаа алдагдал хүлээх нь бий. Австралийн туршлагаас харахад аливаа улс орон өөрсдөд нь илүү өрсөлдөх чадвар олгох, мөн хөгжил дэвшил авчрах эдийн засгийн салбартаа түшиглэн бусад улстай худалдаа хийх нь чухал. Өөрөөр хэлбэл, чанартай хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийн хэдийнэ байгаа нөөц бололцоогоо хөгжүүлэх нь экспортын тоо хэмжээнээс дутахгүй өндөр ач холбогдолтой.

Австрали улс уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн бидэнд хэдийнэ байсан нөөц бололцоогоо дээд зэргээр ашигласан. Дараа нь аялал жуулчлал, боловсрол, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбараа хөгжүүлсэн.  Тэгэхээр Монгол Улсын хувьд уул уурхайн салбараа хүчирхэгжүүлэн хөгжүүлэхэд шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ импортоор авахаас өөр аргагүй.  Мөн олборлолт, уурхай хөгжүүлэх тал дээр гадны хөрөнгө оруулалт татах өрсөлдөх чадвартай байхын тулд бодлого, эрхзүйн орчноо тогтвортой байлгаж, хуулиа мөрдөн сахих ил тод тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Энэ нь тогтвортой аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх баялаг, капиталыг бий болгоно. Мөн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийд экспортлох боломж бүрдэнэ.

-Австрали-Монголын олборлох салбарын хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. Төслийн үр дүнг хэрхэн харж байна вэ. Тэр дундаа манай улсад уул уурхайн салбарт сайн засаглалыг төлөвшүүлж чадсан уу?

-Австрали улс зөвхөн Монгол Улстай олборлох салбарт хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хөтөлбөр хэрэгжээд удаагүй ч ололт, амжилт олон гарсан. Зарим нэг бодит үр дүнгээс дурдвал Геологи, хайгуулын салбарт ур чадвар нэмэгдүүлэх ажлууд байна. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газартай хамтран, эрдэс баялаг, геологийн мэдээллийг цахим орчинд, олон нийтэд нээлттэй болгосон МонГеоКат төсөл саяхан дэлхийн тэргүүн туршлагын жишээ болж, олон улсын нэр хүндтэй шагнал хүртсэн.

Монголд алт олборлох шинэ хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлж байна. Алт олборлох стратегийн чиглэлээр хамтарч, хөтөлбөр батлагдсанаас хойш алтны олборлолт нэмэгдсэн. Мөн ашигт малтмалын үнэлгээ хийх дэлхийн стандартад нийцсэн арга аргачлал дээр зөвлөж ажилласан.  Энэ нь ордоо зөв үнэлүүлэх, хөрөнгө босгоход нь Монголын аж ахуйн нэгжүүдэд чухал төдийгүй, татварын үр дүнтэй тогтолцоог бий болгодог. Өнгөрсөн онд УИХ, Засгийн газрын өндөр дээд түвшний төлөөлөгчид Австралид айлчилж, дэлхийн стандартад нийцсэн уул уурхайн зохицуулалт, татварын орчинтой танилцсан. Мелбурнд болсон Эрдэс баялгийн олон улсын бага хуралд Монгол Улс хөрөнгө оруулалт татах чиглэлээр мөн өөрсдийгөө сурталчлан таниулах боломж энэ үеэр гарсан.

Австрали – Монголын олборлох салбарын хөтөлбөрийн дээрх үйл ажиллагаанаас гадна бид Өмнөговь аймагт уул уурхайн салбарын мэргэжилтэн бэлтгэхэд дэмжиж, мөн Дэлхийн банктай хамтран гүний усны мониторинг хийх мэргэжилтнүүдийн чадавхи бэхжүүлэх төсөл хэрэгжүүлсэн.

-Австрали уул уурхайн хөгжлөөрөө жишиг орны хувьд Монголын уул уурхайн салбарын алдаатай, бас сайн талыг хэрхэн хардаг вэ?

– Нийгэм, эдийн засагтаа ашигтай уул уурхайн баялаг бүтээхэд гадаадын чанартай хөрөнгө оруулалт татах тал дээр Австрали арвин туршлагатай. Бидэнд зөв хийсэн зүйл ч бий, алдсан тал ч бий.  Аль алинаас нь сургамж авч болно.  Бидний амжилтын жишээ гэвэл Австрали улс уул уурхайн олборлолт, хайгуулын чиглэлээр олон улсад өрсөлдөхүйц эрх зүйн зохицуулалт, татварын орчин бүрдүүлж чадсан.  Ингэснээр үндэстэн дамнасан Рио тинто, BHP зэрэг дэлхийн хэмжээний компани, мөн арай багавтар хайгуулын компаниуд хөрөнгө оруулалтын томоохон эрсдэлүүд хүлээх орчин нөхцлийг бүрдүүлж өгсөн гэсэн үг.  Нөгөө талдаа манай холбооны болон муж улсын Засгийн газрууд уурхайн үйл ажиллагаа явуулахад  шаардагдах дэд бүтцийг бий болгох дээр анхааран, дэмжиж ажилладаг.

Харин Австралийн хийсэн алдаа, сургамжтай туршлага гэвэл бодлого, эрх зүйн тодорхойгүй, тогтворгүй байдал, холбооны болон мужийн засаг захиргааны хооронд ажлын уялдаа алдагдах явдал үе үе гардаг.  Эдгээр сорилтыг даван туулахын тулд ярилцаж, мэтгэлцэж, ардчилсан зарчмаар үзэл бодлоо уралдуулан, үндэснийхээ эрх ашигт нийцүүлэн шийдэх нь мэдээж.  Хайгуулын үйл ажиллагааг зохицуулсан дүрэм журам, татварын бодлого боловсруулахдаа хамгийн гол нь олон улсад өрсөлдөхүйц байдлаа хадгалж чадаж байна уу гэдгээ анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл геологийн хайгуул бол өндөр эрсдэлтэй, гадаадын чанартай хөрөнгө оруулалтгүйгээр хөгжих боломжгүй бизнесийн салбар. Мөн хайгуулын эрүүл тогтолцоогүйгээр дэлхийн түвшний уурхайг барьж байгуулж, хөгжүүлэх боломжгүй.

-Өнгөрсөн хугацаанд Монголд  ямар чиглэлээр хэр их хөрөнгө оруулалт зарцуулсан бэ?

-Хөрөнгө оруулалтын дийлэнх нь геологийн хайгуул, уул уурхайн салбарт байна. Хөрөнгө оруулалтын хэмжээг улс орноор гаргахад хүндрэлтэй. Жишээлбэл, Рио Тинто бол Оюутолгойн гол хөрөнгө оруулагч. Өнөөдрийн байдлаар Оюутолгойн хөрөнгө оруулалт долоон тэрбум ам.доллар. Рио Тинто бол үндэстэн дамнасан, Австрали болон Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй компани. Тэдний хөрөнгө оруулалтын яг хэд нь Австралийнх вэ гэдгийг тооцох боломжгүй. Харин хөрөнгө оруулалтын чанар, ач холбогдлыг харах нь зөв болов уу.  Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, ардчилал, зах зээлийг бэхжүүлэх зэргээр Австралийн Засгийн газар өргөн хүрээнд асуудлыг авч үзэж байгааг Австралийн компаниуд ойлгодог гэж бодож байна. Мөн хөрөнгө оруулалт нь орон нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах ёстой.

-Цаашид ямар томоохон хэмжээний төсөл аль салбарт түлхүү хэрэгжих вэ. Манай улсын аль салбартай илүү дотноор хамтран ажиллаж байна вэ?

-Манай Элчин сайдын яамнаас нийгмийн эрүүл мэнд, эмэгтэйчүүд хүүхдийн эрхийг хамгаалахад  хувь нэмрээ оруулах зорилготой ажиллаж байна. Монгол эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал болсон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх дэлхийн жишиг болсон вакцины туршлагаа хуваалцахаар ажиллаж байна. Мөн уул уурхайн салбарын өгөөжийг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чиглүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд анхаарч байна. Түүнчлэн тайзны урлагийн чиглэлээр хамтран ажиллаж, соёлын экспорт хөгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

-Манай хоёр улс хүний нөөц, байгаль орчин, боловсролын салбарт хамтардаг. Ялангуяа боловсролын салбарын тэтгэлэгт хөтөлбөр хүрээгээ тэлж байна уу?

-Австрали, Монгол Улс боловсролын салбарт амжилттай хамтран ажиллаж байна. МУ-ын төр, эдийн засаг, иргэний нийгмийн салбарт ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх, дэмжих зорилгоор бид магистрын зэрэг горилох тэтгэлэгт хөтөлбөрүүд 1994 оноос хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Австралийн Засгийн газрын тэтгэлэгт 450 гаруй монгол хүн хамрагджээ. Тэд өөрсдийгөө “Моозийс” буюу Монголын Австраличууд гэж нэрлэдэг. 2019 оны тэтгэлэгт хөтөлбөр хоёрдугаар сард зарлагдана. Нийт 40 орчим оюутанд тэтгэлэг олгоно.  Өнөөдөр Австралид 6000 гаруй монгол иргэн ажиллаж амьдарч байна. Австралид суралцах монгол оюутны тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсч байгаа. Зөвхөн өнгөрсөн онд Австралийн сургууль, боловсролын институтид 3,000 орчим монгол оюутан элсэн орсон нь өмнөх онтой харьцуулбал 40 хувиар өссөн үзүүлэлт юм.

-Хоёр улсын үе үеийн УИХ-ын дарга, сайд нар харилцан айлчилж ирсэн. Ойрын хугацаанд өндөр дээд хэмжээний айлчлал төлөвлөж байна уу?

-Элчин сайдын яамаа Монголд нээх санал санаачлагыг манай одоогийн Гадаад хэрэг, худалдааны сайд Жули Бишоп гаргасан. Тэрээр Монгол Улсад айлчлах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.  Түүнээс гадна Улаанбаатар хотод ирэх долдугаар сард болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази Номхон далайн Онцгой байдлын сайд нарын бага хуралд манай улсаас өндөр дээд хэмжээний төлөөлөгч оролцоно.

– Австрали улсыг зорих монголчуудын визний төрөл, хөнгөлөлт ямар байгаа вэ?

-Хоёр орны иргэдэд Австрали Монголын амьдралын хэв маяг, нийгмийг харилцан таниулах үүднээс ажил, амралтын визний хөтөлбөр нэвтрүүлэх хэлцлийг эцэслэх шатандаа явж байна. Монголчууд австралид очихоос гадна Австраличууд ч мөн адил Монголд ирж ажиллаж, амрах нөхцлийг бий болгох зорилготой байгаа. Ажил, амралтын визний асуудлыг энэ оны эхний хагаст багтаад шийдэх болов уу гэж бодож байна.

-Монгол Улсад багагүй хугацаанд ажиллаж амьдарч байгаагийн хувьд өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ. Саяхан гэхэд татвар нэмэгдсэнийг ард иргэд эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулж байна?

-Манай хоёр орны хувьд чөлөөт нийгмийг хөгжүүлж буй ардчилсан улс орон. Татварын нэмэгдлийг  ямар ч улс орны иргэд эерэгээр хүлээж авдаггүй. Гэвч Австрали улсын хувьд орлогын шаталсан албан татвар нь эрүүл мэнд, нийгмийн халамжийн тогтолцоогоо санхүүжүүлэх төр, ард түмний хооронд байгуулсан нийгмийн гэрээний чухал хэсэг гэж үздэг.

Манай улсын агаарын бохирдлын байдал гамшгийн хэмжээнд хүрснийг төр засаг хүлээн зөвшөөрсөн. Агаарын бохирдлыг бууруулах талаар ямар бодолтой явдаг вэ?

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах хэрэгтэй. Мөн эрчим хүчийг хуримтлуулах технологи чухал ач холбогдолтой. Улаанбаатар болон зарим аймгийн төвд агаарын бохирдлын 80 гаруй хувь нь гэр хорооллын зуухнаас гарч байна. Тиймээс салхи, нарны сэргээгдэх эрчим хүч, хог хаягдлыг дахин ашиглаж эрчим хүч гарган авах, түүнийгээ хуримтлуулах, мөн зайн хураагуур байрлуулахад анхаарах хэрэгтэй. Улмаар эрчим хүч түгээх жижиг сүлжээнүүдийг Австрали улс бий болгосон байдаг. Энэ чиглэлээр туршлагатай, Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой австрали компаниуд байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө