Ц.Мөнхбаатар: Өөрийнхөө мөнгөөр утааг бууруулна

Ц.МЯГМАРБАЯР

Утаа болон агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж буй “Эко ресурс” компанийн захирал Ц.Мөнхбаатартай ярилцлаа.

 

Та бизнесээ хэдэн оноос эхэлсэн бэ?

-1990 оноос ганзагын наймаа хийж урд хөршөөс гахай чирдэг байлаа.  Хэдийгээр жижиг бизнес эрхэлдэг байсан ч аливаа зүйлд зохион бүтээгч сэтгэлгээгээр ханддаг байсан маань барилгын бизнесийнхээ эхлэлийг тавихад түлхэц болсон. Явсан газар бүрээс шинэ технологи, нээлтийн тухай  сонсч  мэдлэг, мэдээллээ тэлж байсан. Багадаа тэр үеийн хүүхдүүдийн адил нисэх загвар, авто машин зохион бүтээх уралдаан тэмцээнд оролцдог байлаа. Тэр сэтгэхүйгээрээ зах зээлд болон хүмүүст юу хэрэгтэйг мэдэрч ямар бизнес хийхээ сонгож 2001 онд  БНХАУ-ын  хамтарсан хөрөнгө оруулалттай “Төмөр багана” барилгын компаниа байгуулсан. Барилгын салбарт туслан гүйцэтгэгч компаниар ажилласан. “Аман хуур” хороолол, “Гурван билэг” компанийн 12 давхар орон сууц, “Баянгол  мед” эмнэлгийн цогц барилга, Цэнгэлдэх хүрээлэнгийн хойно “Time” констракшний барилга дээр ажилласан. Барилга барьж байхдаа утаагүй зуух бүтээх шинэ санаагаа олж Хятадын эрдэмтэнтэй хамтарч шинэ бүтээл дээр ажиллаж байсан. Учир нь хүн болгон барилга барих сонирхолтой болсон байсан.  Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүч сорино гэдэг нэг талаараа эрсдэлтэй. Ирээдүйд орон сууцны эрэлт хэрэгцээ нэмэгдэх хэдий ч иргэдийн  худалдан авах чадвар эргэлзээтэй болох тийм дүр зураг харагдсан. Тиймээс  өөрийн сонирхолд түшиглэн  байгаль экологид зориулсан шинэ бүтээл  зах зээлд илүү хэрэгцээтэй болно гэдгийг мэдэрсэн. Бизнес хийнэ гэдэг хэн нэгний хийж буй бизнесийг дууриах бус юм. Өөрөө зах зээлээ сайн мэдэрч илүү мэдээлэлтэй  байснаар түүнд тохируулан хөрвөөх чадвартай байх хэрэгтэй. Зөвхөн мөнгө, ашиг бодож бизнес хийж болохгүй. Тэгэх юм бол амархан дампуурна. Манай компани тухайн үед маш ашигтай ажилласан. Гэхдээ бид дахиж барилга бариагүй. Компаниа татан буулгаж олсон мөнгөө шинэ зуух бүтээхэд зориулсан.

Тэгвэл “Эко ресурс”  компаниа хэдэн онд байгуулсан юм бэ?

-2014 онд байгуулсан. Энэ компаниа экологийн чиглэлээр агаарын бохирдлыг бууруулах утаагүй зуух үйлдвэрлэх зорилгоор байгуулсан юм. Манай улсад төрөл бүрийн шийдэлтэй утаагүй зуух олон байдаг ч нэг технологитой, галд шатаж байгаа хатуу түлшний утааг дахин шатаах агаарын давтамжтай зуух бүтээсэн патент эзэмшигч төрөөгүй. Харин манай компани 2007 онд БНХАУ-ын эрдэмтэнтэй хамтарч утааг дахин шатаах зуух бүтээж Хятадын  оюуны өмчийн патентыг анх удаа авсан. Дараа нь 2010 онд нам даралттай гэрийн зууханд мөн патент авсан. Өөрөөр хэлбэл, барилга барьж байхдаа утаагүй зуух бүтээх шинэ санаагаа олж Хятад улсын Чинхуа их сургуулийн эрдэмтэн багш нартай хамтарч түлш бага зарцуулдаг, утаагаа дахин шатаадаг түлшний хэмнэлттэй зуух бүтээх шинэ бүтээл дээр ажиллаж зургаа гаргасан. Зуухаа хөгжүүлэхийн тулд Хятадын Хэнэ мужийн Луяа хотын “ Хөх тэнгэр” хэмээх зуухны үйлдвэрийн эзэнтэй танилцаж хамтран шинэ бүтээл гаргаж патентаа авсан. Улмаар  патентаа Монгол Улсад авахаар болж материалаа бүрдүүлж өгсөн ч лаборатори нь манайхыг тэнцүүлэхгүй байсаар 2015 оны тавдугаар сард тэнцүүлсэн. Зөвшөөрлөө авахын тулд олон саад бэрхшээлтэй тулгарч байсан. Зуухаа нийслэлийн өрхөд нийлүүлэхийг хүссэн ч тухайн үеийн Засгийн газар манайхыг дэмжээгүй. Гэхдээ  2015 онд  1400 орчим зуухыг зургаан дүүргийн өрхөд үнэгүй тарааж туршилт хийсэн. Мөн энэ намар  Төв аймгийн Зуунмод хотод өөрсдийнхөө мөнгөөр 3200, Эрдэнэ, Баян-Чандмань, суманд тус бүр 150, Баян суманд 63 зуухыг айл өрхүүдэд тараасан. Эрчимтэй галлагаа эхэлснээс хойш агаарын бохирдол 41.2 хувь, арванхоёрдугаар сард 23 хувиар хүхэрлэг хий нь буурсан үзүүлэлт гарсан.

Танай зуухнаас шалтгаалан утаа буурсан гэдгийг яаж мэдэх вэ?

-Өмнөх онтой харьцуулсан. Нөгөө талаар агаарын бохирдлыг бууруулах өөр зуух тараасан болон бусад төслийн шугамаар хэрэгжүүлсэн хүчин зүйлс тус аймагт огт хэрэгжээгүй. Өмнө нь нэг өрх сард гурван “Портер” нүүрс хэрэглэдэг байсан бол манай зуухыг хэрэглэснээр талыг нь  хэрэглэдэг болсон. Нэг шуудай нүүрсээр тав хонодог. Тэгэхээр түлшний хэмнэлт хамгийн багадаа 3-5 дахин буурч байна. Энэ үзүүлэлтээрээ манайх  дэлхийн дулааралтай тэмцэх байгууллагаас хүлэмжийн хийг бууруулсан гэж урамшуулал авахаар болсон. Тонн утаа тутамд 10 ам.долларын урамшуулал авна. Мөн оюуны өмчийн патентаар БНХАУ-д 10 сая зуух үйлдвэрлэхээр болсон. Эдгээр үйлдвэрлэсэн зуух үйлдвэрлэл, хэрэглэгчдэд нийлүүлэгдэж, ашиглагдсан зуух бүрээс 10 ам.долларын урамшуулал авах юм.

Тэгэхээр Хятадын стандартыг ханга­сан оюуны өмчийн бү­тээлийнхээ урамшууллын орлогоор Монголынхоо утаа, агаарын бохирдлыг бууруулахыг зорьж яваа танд талархахаас өөр арга алга. Нөгөө талаар таныг бизнесээ хөрвүүлж чадаж байгаа бизнесмен гэж харж байна. Монгол хүн оюуны бүтээл, шинэ санаа, шийдлээ  дэлхийн зах зээлд борлуулах бизнес хийх тухай  ярьж байна гэж ойлгож болох уу?

-Манай компани чадварлаг судлаач, эдийн засагчтай. Би өөрөө эдийн засагч, зохион бүтээгч хүн. Бидний зорилго экологийн чиглэлийн шинэ бүтээл гаргаж түүнийгээ патентжуулж  зах зээлд нэвтрүүлэх бодлого барьдаг. Одоогоор манай компанид БНХАУ-ын оюуны өмчөөр баталгаажсан 16 төрлийн шинэ бүтээл байна. Үүнийхээ утааны чиглэлээр авсан гурван патентыг Монгол Улсад баталгаажууллаа.

Өөр ямар бүтээл байгаа вэ?

-Хятадын стандарт манай стандартаас нэг дахин чанга. Тиймээс эдний стандартыг хангасан бүтээл гаргаад түүгээр Монголынхоо экологийн тулгамдсан асуудлыг  шийдье гэсэн зорилготой. Эх орныхоо шийдэж чадахгүй байгаа асуудлыг өөрийн хүчээр шийдэхийг зорьсон. Шилэн хөөсөн хавтангийн патентыг 2013 онд авсан. Одоо хэрэглэж байгаа барилгын дулаалгын хөөсөнцрийн завсар мэрэгч амьтан үүрлэдэг. Галд тэсвэргүй. Тэгвэл манайх шилэн хөөсөнцрийг  архины шилээр хийсэн. Дулаан алдагдлыг 100 хувь хаана. Мөн ямар  ч эрсдэлгүй. Нөгөө талаар манай орны нийт газар нутгийн 80 орчим хувь нь үлийн цагаан оготнод идэгдсэн. Тиймээс манай компани “Хулганы эм” хэмээх шинэ бүтээл гаргасан. Оготоны хамгийн дуртай үнэр болох арвайн үнэрийг шингээсэн эм бүтээсэн. Хулгана идсэн хоолоо буцааж гаргаж хивдэг амьтан. Нарийн гэдэс нь биеийнх нь харьцаатай харьцуулахад урт. Тиймээс 2-3 хонож байж өтгөнөө гаргадаг. Үүнийг нь ашиглаж баасыг нь түгжрүүлж үхүүлдэг эм гаргасан юм. Энэ эмийг Хөдөө аж ахуйн яамны лабораторид бүртгүүлж шинэжилгээнд оруулж эмийн жагсаалтад бүртгүүлсэн. Энэ эмийг уусан хулгана 10 хоног амьд байна. Түгжрээд явж байхад хярс, үнэг, шувуу нь барьж идлээ гэхэд үхэхгүй давуу талтай.  Мөн нано технологиор хийсэн био гялгар уут бүтээсэн. Энэ гялгар уутыг бие засах төрөл бүрийн суултуурт тавьж бие засна. Ялгадастай бохирын амыг боогоод байгальд хаях буюу газарт булахад  шууд бордоо болдог. Энэ мэтчилэн оюуны олон шинэ бүтээл бий. Хүн бүхэн үйлдвэрлэгч болох боломжгүй. Тиймээс шинэ бүтээл гаргаж зохиогчийн хувиа хүртээд явах боломж, бизнесийн гарц байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө