Саяхны явдлыг эргэн санахад

Иргэний индэр

Жонгор овогт Ишдоржийн Равдан

МАН-ын хэсэг нөхөд Засгийн газраа огцруулж намынхаа түүхэнд тэмдэглэх нэгэн олиггүй үйл явдал бүтээж өөрсдийгөө харуулав. Хэрвээ М.Энхболд ерөнхийлөгч болсон бол эдгээр хүмүүс ингэх зориг байсан бол уудаа? Энэ хүмүүсүүд засгийн газар, сайд нарыг томилоход танил тал хардаг, ажил сайжруулах чадамжгүй  гэж хэлээд татгалзсан зоригтой хүн хэр олон байсан бол. Баяр хүргэж гар барилцаад байснаа хоромхон зуур мартлаа гэж үү? Тэд эзэгтэй цаг мөчийг хүлээсээр байгаад М.Энхболдыг ерөнхийлөгчийн сонгуульд ялагдмагц зориг гаргасан бололтой.

Урьдах засгийн газар нааштай эхлэлүүд гарч байгаад атаархаж түүнийг булаан авч өөрсдөө их гавъяатай болох гэсэн шинж ажиглагдаж байна. Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар тухайн үед телевизэд ярилцлага өгөхдөө хор шартай гэмээр чанга дуугаар цаг алдаж болохгүй, бушуухан засгийн газраа огцруул, бид хүлээж авч чадахгүй яарч байна гээд л байлаа.

Энэ нь Монголын төрд нягтарсан хамт олон, нөхөрсөг, шударга, хамтран ажилладаг зарчим алга болсны илрэл юм. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс ямар нэг дутагдал гаргавал туслахын оронд хазайсан дээр нь түлхэн унагадаг, хүмүүнлэг  буй ийм тамын тогооны үлгэрийг зарим нь яасан сайн эзэмшсэн юм бэ?

Засгийн газраа огцруулах гэсэн хүмүүс хүчин мөхөсдөж магадгүй гэж бодоод ардчилсан намынхныг түшиг тулгуур болгож тэднээс дэмжлэг авч байгаа нь тодорхой байсан даа.

Жаран тэрбумын асуудлыг хууль хяналтын байгууллага, авлигатай тэмцэх газар үндэслэлгүй гэж тогтоосон байхад ерөнхийлөгч Х.Баттулга дахин сэргээж шалга гэж үүрэг өгсөн нь дээрх нөхдийн өлгөж авах нэгэн шалтаг болжээ. Энэ асуудлыг дахин шалгах нь С.Зоригийг хөнөөсөн хэргийг эцэслэн шийдсэн шиг болгох төлөв харагдаж байна. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Би А.Ганбаатарын үгийг үнэмшиж 60 тэрбумын асуудал эвлүүлэг гэж хэлсэндээ харамсаж байна. Одоо Ганбаатарыг хуулийн байгууллагад өгч шийтгүүлнэ” гэж зүхэж байлаа.Энэ хүн өөрөө өө сэвгүй байвал бусад хүмүүс надад хамаагүй гэж хувиа боддог хүн бололтой. Ийм хүн үгээ бодож ярихгүй хэлсэн үгэндээ эзэн болж чаддаггүй, аймхай хулчгар хүн МАН-ыг удирдаж чадах нь эргэлзээтэй байна.

Ардчилсан намын гишүүн хүн шат шатны сонгуульд өрсөлдөхөд доод тал нь гурван сая төгрөг дээд тал нь хэдэн 10 сая төгрөг байж албан тушаал авдаг учир манай нам санхүүгийн талаар санаа зовох юмгүй гэж С.Эрдэнэ сайрхан ярьж байсан шүү дээ. Үүнийгээ шинэчлэл гэж нэрлэсэн. Энэ талаар хууль хяналтын байгууллага, МАН-ын нөхдүүд яагаад дуугарахгүй, чимээгүй сууж байгаа нь хачирхалтай.

60 тэрбумаас авсан мөнгө одоогоор нотлогдоогүй байна. 60 тэрбумын асуудлыг анх сөхөж тавьсан Г.Доржзодов гэдэг хүн аль нэг хүнээс мөнгө унагаж авах гэсэн шуналтай хүн бололтой. А.Ганбаатар ч гэсэн гэнэн хүн юм. Г.Доржзодов МАН-аас мөнгө олж авах гээд бүтэлгүй болмогц өөр арга хайж ийш тийш гүйгээд, айлд бүгээд чанд хамгаалалттай тухлаг сууж байсан гэж хүмүүс ярьцгааж байлаа.

Хүүхдийн мөнгөний асуудал АН-ын үед ярилдаж байсан бөгөөд МАН, Засгийн газар хүүхдийн мөнгийг бүгдэд нь олгож эхэлсэн бөгөөд дутагдах мөнгийг төсвийн тодотголоор шийдэх болсон билээ.

Концессын гэрээ гэдгийг шүүрч авлаа. Бүлгийн хурал дээр асуудлыг ярьсан гэсэн. Тэр үед эргэлзээгүй байсан хүмүүс одоо шударга хувьсгалч болчих юм. Концессын гэрээний дараа нь АН-ын үед зарласан үнэнээс 50 тэрбум төгрөг хэмнэсэн гэж Ж.Эрдэнэбат ярьсан. Гэтэл Т.Аюурсайхан их мөнгө завшсан гэх юм. Хэн нь худал хэлсэн нь цаг хугацаа харуулна.

Харин АН Хөгжлийн банкыг хөглөрүүлээд Б.Гарамгайбаатар болон бусад хүмүүс хууль зөрчиж их мөнгө завшсан гээд шуугиад байсан. Үүнийг Т.Аюурсайхан шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга байхдаа мэдэж байсан бөгөөд одоо хамтран зүтгэгчээ болгоод чимээгүй байгааг юу гэж ойлгох вэ?

АН, МАХН Засгийн газрыг хамтран байгуулж байсан дөрвөн жилд засгийн газар легитим шинжээ алдаж зээлжих зэрэглэл нь навс унаж тэр нь ужгирч байгааг өөрийн намдаа тохож байгаа.

Т.Аюурсайханы болхи санааг ойлгохгүй байна.

Ардчилсан намын Ж.Батзандан тэргүүтэй хүмүүс Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг түргэн хуралдуул гэж шаардсаар байлаа. Гэтэл үүний дараах нь Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар дуу дуугаа авалцан ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуул, хүлээх цаг алга гээд яриад байсан. Дараа нь өргөх бичгээ М.Энхболд, Ц.Нямдорж 2-ын аль нэгэнд өгөөгүй АН-аас сонгогдсон дэд дарга Санжмятавт гардуулж байсан нь нэг учиртай.

Ардчилсан намынхны засгийн газраа унагадаг өвчин МАН-д маш түргэн халджээ. Их хурал завсарлага авах гэхэд Т.Аюурсайхан, Д.Эрдэнэбат нар хамтарсан юм шиг нэг зэрэг мэдэгдэл гаргаж үндсэн хуулийн цэцэд хандана гэж сүрдүүлж байлаа. Т.Аюурсайхан лобби бүлэг байгуулаад Х.Баттулгад шаардлага тавиад байснаа  мартаж, одоо айгаад чимээгүй боллоо.

Ардчилсан намынхан хэлэхдээ МАН-ын нөхдүүлийг дэмжихийн зэрэгцээгээр тавлах тохуу хийсэн өнгө аястай байхыг мань нөхдүүд тоосон шинжгүй тухлан сууж байв. Ж.Батзандан Засгийн газрыг огцруулах нэг шалтгаан бол би засгийн газарт цагдаагийн ерөнхий газар, тагнуулын ерөнхий газрын дарга нарыг түргэн соль гэж хэлэхэд огт биелүүлээгүй гэж байлаа. Өөрөө засгийн газарт үүрэг өгөх эрхтэй юм болуу даа. Т.Аюурсайхан өөртөө тусалсан ардчилсан намын түншүүддээ ямар сайхан бэлэг барьсан бол, үүнийг одоо болон 2020 онд мэдэх болно.

Дээрх нөхөд засгийн газраа огцруулж шинэчлэл хийж чадлаа. Бас ард түмэн МАН-д итгэж байсныг эргэлзэх болгон шинэчиллээ. Цаашид ямар шинэчлэл хийж амжилт гаргахыг харах л үлдлээ.

Энэхүү шинэчлэлийг бусад улс төрийн намууд анхааралтай ажиглаж, цаашдын ажилд нухацтай хандаж байгаа  нь мэдээж.

МАН-ын дотор улс, эх орон, намын эрх ашгаас хувийн эрх ашгийг дээгүүр тавьдаг сэтгэлийн хөөрөлдөө автсан хүмүүс олширсоор байна. Зарим нь намайг албан тушаал олж авахад дэмжээрэй гэж бичиг захидал илгээх, өөрөө болон бусад хүмүүсээр дамжуулж гуйлга, огцорно гэж айлгах зэрэг арчаагүй арга хэрэглэх явдал түгээмэл болжээ.

Намуудын дотор хувийн ашиг сонирхлоороо нэгдсэн бүлэглэлүүд олширч улс төр, эдийн засаг нийгмийн бүх асуудлыг өөрсдийнхөө сонирхолд нийцүүлэн шийддэг болсон учраас ард түмний дунд бие биеийгээ үзэн ядах, талцах, хагаралдах сэтгэхүйн гажиг бий болсоор байна.

Ө.Энхтүвшин гэгч хүн намайг ерөнхий сайд болгоорой гэж учирлан гуйж том мэдэгдэл гаргасанд шударга хүмүүс дургуйцэж байхад өөрөө ялагдал хүлээснээ мэдэхгүй, хор шар нь хөдөлж бусад хүмүүсийг уруу татаж хэвлэлийн бага хурал хийлгэж дүвчигнэж байв. Ө.Энхтүвшин, Т.Аюурсайхан мэтийн хор шартай хүмүүс жирийн хүмүүсийг өөрсдийн үйл ажиллагаанд татан оруулж тэдний зан араншин, ёс суртахууныг эвдэж байгаагаа ойлгож мэдэх чадваргүй болжээ.

Ийм хор хонзон боддог, ёс суртахуунгүй  хүмүүс нам ба төрийн ажлыг удирдаж чадахгүй гэдгээ харууллаа. Ийм араншинтай хүмүүс өөрөөс нь илүү шалгарсан хүмүүс гараад ирвэл унагахыг хичээдэг, өөрөөс нь доогуур хүмүүс байвал дээрэлхэх буюу өөрийн талд урхидан оруулах гэж зүтгэдэг юм.

У.Хүрэлсүх засгийн газраа эмхлэж байгуулах гэж мөн ч олон арга сүвэгчиллээ. АН-ын засгийн газрынхныг давхар дээлтэй гэж их шүүмжилж байснаа мартаж сүүлдээ дэлхийн олон оронд давхар дээлтэй байдаг гэж ухуулан сэнхрүүлж чадлаа.

Ө.Энхтүвшин засгийн газарт орохгүй гэж цээжээ дэлдэж байснаа сайд болов. Занданшатар зөвлөлдөх ардчилалыг зөрчилдөх ардчилал болгон хувиргаж чаддаг лут эрдэмтэн бас сайд боллоо. Д.Сарангэрэл их хурлын тогоонд арав шахам жил чанагдаж, сэтгүүлч хүн бүх талын мэдлэгтэй гэж хэлээд ерөнхий сайдын ивээлд багтав. Ц.Нямдоржийг тууштай тулхтай, хэлэх гэсэн үгээ хэлж чаддаг гэж хүмүүс хүндэтгэж байдаг билээ. Ц.Нямдорж телевизээр ярихдаа “Та нар 60 тэрбумын талаар буруугаа хүлээчих” гэж байлаа. Эцэслэн батлагдаагүй зүйлийг буруугаа хүлээ гэж хэлэх нь хуульч хүний амнаас гармааргүй юм. Гэхдээ бүхнийг мэдэгч нэгэн байхыг үгүйсгэх аргагүй. Мань хашир маргагч талуудыг сайн ажиглаж байгаад засгийн газрыг огцруулах талд орж саналаа өгсөн шүү дээ. Т.Аюурсайхан би Нямдоржийг бидний талд орж түшиг болоорой гэж гуйсныг ёсоор болгож сайд болгов гэж сайрхан ярьж байлаа. Үнэн болов уу?

Одоогийн засгийн газар сэтгэл санаа нэгтэй хүмүүстэй болж хамтын хүчээ нэгтгэж ажиллавал амжилт олох найдвар бүрэн байна. Харахнаа гайгүй зөв чиглэлтэй ажлаа эхэллээ. Элдэв эсэргүүцэл, саад бэрхшээлтэй алхам тутам тулгарна. Түүнийг ухаалагаар даван туулах нь чухал аа.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө