Д.Сумъяабазар: Oюутолгойн зээлийн хүүгийн зөрүүг болиулна

Ц.БАЯР

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр “ Оюутолгойн асуудлаар Ажлын хэсэг байгуулж ажиллалаа. Маш сайн мэдээлэл цуглуулж ажилласан.   Засгийн газар, Оюутолгойг хариуцсан захирал, дарга нарт ажлын тайлан мэдээгээ өгсөн. Оюу толгойн талаар эхний ээлжинд  шийдвэрлэх хоёр гол асуудал бий. Эхнийг нь зээлийн хүүгийн зардлыг бууруулах ёстой. Хоёрдугаарт өгөөжийн асуудлыг ярих цаг нь болсон. Монгол Улсад өгөөжтэй байлгахын тулд үйл ажиллагааных нь зардлыг бууруулах, хяналтаа сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна.  Оюутолгойн ТУЗ, хариуцсан компани нь ажлаа сайжруулах ёстой. Мөн Засгийн газрыг мэдээ мэдээллээр хангаж байх шаардлагатай. Ингэж байж өнөөгийн  үлбэгэр байдлаа арилгаж томоохон ордынхоо үр өгөөжийг хүртэх юм. Энэ бүгдийг  ажлын хэсэг нарийвчилан гаргасан. Хүүгийн зардал нь 6.5 дээр нэмэх нь LIBOR  гэж тооцож байгаа.
/ LIBOR гэдэг нь Лондонгийн банк хоорондох зээлийн хүүг хэлнэ/
Монгол Улсад үндсэндээ 8.4 хувийн хүүтэй зээл олгож түүгээр санхүүжиж байна. Тэгэхээр цаад эх үүсвэрээс 3-4 хувийн хүүтэй зээл авч Монгол Улсад  4.4 хувийн хүү нэмж тооцон өгдөг. Энэ нь хоёр талын хамтын ажиллагаанд сөрөг үр дагвар авч ирж байгаа юм.  Тэгэхээр асар их мөнгөний зөрүү үүнээс гарч ирнэ. Тэгэхээр хүүгийн энэ зардлыг бууруулах ёстой. Цаашид мэдээж Дубайн гэрээтэй холбоотой асуудал асар их шүүмжлэл дагуулна. Тухайлбал, Монгол Улсын газар нутагт уг гэрээ хэлцэлийг хийгээгүй гэдгээс эхлээд үүнийг эргэн харах шалтаг шалтгаан ажлын хэсгийн дүгнэлтэд бий. Тухайн асуудлыг цаг үед бид холбогдох мэдээллийг өгч байх болно хэмээн мэдээллээ.
Тэрээр нэг зүйлийг онцлон мэдээлсэн юм. Учир нь “ Монгол Улсын иргэн Д.Сумъяабазар миний бодолоор “Оюу толгой компанид худалдагдаж ажилладаг маш олон хүн бий. Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан материалууд, мэдээ, мэдээлэл аваачин өгч өөрсдийгөө худалдаг байдлаар олон жил явж ирсэн. Мөн тулгамдсан асуудлаа шийдэх гээд хэлэлцээрийн ширээнд суух гэхээр Оюу толгойн асуудлыг боль гэдэг. Нийгмийн анхаарлыг зориуд өөр зүйлд чиглүүлдэг зэрэг явдал манай улсад их байна. Өнөөдөрийн хоол ундны бус Монгол Улсынхаа ирээдүйд,  үр хүүхдийнхээ төлөө бид сонголтоо хийх ёстой”  гэж бодож байна. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын, УУХҮ-ийн сайдын албан ёсны мэдэгдэл, байр суурь биш зөвхөн хувь хүн Д.Сумъяабазарын хувийн бодол хэмээсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө