Залуусын хүчээр бий болдог нийгмийн хамгааллын тогтолцоо

Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ

Өнөөдрийн дугаарт, нийгмийн хамгаалал дахь залуу үеийн оролцооны талаар өгүүлэх болно.

Нийгмийн хамгаалал нь иргэд даатгуулагчдыг эрсдэлээс хамгаалахаас гадна төрийн оролцоотойгоор орлогын дахин хуваарилалт хийж, нийгмийн амар тайван байдлыг хангах үүрэгтэй. Мөн нийгмийн үйлчилгээ нь эрүүл мэндийн салбар дахь ажлын байрыг нэмэгдүүлээд зогсохгүй энэ салбарын хөгжилд ч хувь нэмрээ оруулдаг. Үүнд хамгийн чухал нь нийгмийн даатгалын шимтгэл бөгөөд шимтгэл төлөлтийг урт хугацаанд тогтвортой явуулахын тулд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг компаниуд, идэвхтэй хөдөлмөр эрхэлдэг залуус олон байх шаардлагатай.

ҮСХ-ны мэдээгээр, Монгол улсын нийт хүн амын 66.2 хувь нь хөдөлмөрийн насныхан (15-64 нас) байгаа бол насжилт явагдаж буй Япон улсад энэ тоо 60.6 хувь байна. Японд насжилтаас гадна хүн амын тоо нилэнхүйдээ буурч байгаа нь цаашид хөдөлмөрийн насны хүн амын тоо буурахыг илэрхийлж байна. Харин Монгол улсад 15-64 насны хүн ам улам нэмэгдэх нь 20 хүртэлх насныхан хүн амын 37.6 хувийг эзэлж байгаагаас харагдаж байна.

Цаашид хөдөлмөрийн насны хүн амын тоо нэмэгдэх хугацааг “Хүн ам зүйн цонх”-ны таатай үе гэх ба ийм үедээ үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь тухайн улсын ирээдүйн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Японы эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үе буюу 1950-аад оны сүүлээс 1970-аад оны эхэн үед үйлдвэрлэл нэмэгдсэн нь хүн ам зүйн цонхны таатай үетэй холбоотой. Залуучууд ажиллаж хөдөлмөрлөвөл үйлдвэрлэл нэмэгдэнэ. Цаашлаад тэд цалин авч, гэр бүл зохиож, худалдан авалт нэмэгдэн, эдийн засаг сайжрах гэсэн эерэг цикл бий болно.

Нийгмийн хамгааллын салбарт ч хүн ам зүйн цонх чухал нөлөөтэй. Дээр өгүүлсэнчлэн шимтгэлийн орлого нэ­мэг­дэх нөхцөл нь идэвхтэй хөдөлмөр эрхэлж буй залуучууд болон аж ахуйн нэгжийн тоо их байх явдал, өөрөөр хэлбэл хүн ам зүйн цонхны таатай үед энэ нь биеллээ олдог.

Өнөөдөр Монгол улс хүн ам зүйн цонхны таатай үе дээрээ байна. Тиймээс одоо хэрэгжүүлж буй бодлого зүй зохистой байж, нийгмийн хамгааллын тогтвортой байдлыг хангах нь чухал болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө