О.Бум-Ялагч:Шилжилтийн Засгийн газар байгуулна

Т.САЙХАН

Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч өнөөдөр /01.09/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Шилжилтийн Засгийн газар байгуулах шаардлагатай байгаа талаар мэдээллээ.   О.Бум-Ялагч “Монгол Улс тавьсан өрөө барагдуулах бололцоогүй болжээ. Эдийн засаг гүн хямралд оржээ. Өртэй хүн өөдөлдөггүй учраас эдийн засаг өөдлөхгүй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Манай улс нийгэм, эдийн засгийн гүн хямралд орсон. Тиймээс Монголын Ногоон нам Шилжилтийн Засгийн газар байгуулах асуудал тавьж байна. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах асуудал тавьсан. УИХ тарахаар Шилжилтийн Засгийн газар улс орныг удирдана. Шилжилтийн Засгийн газрыг иргэний нийгмийн байгууллага, улс төрийн хүчин, ТББ-ууд нэгдэж байж байгуулах ажлыг бид эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл Шилжилтийн Засгийн газар УИХ-ыг тараах ажлыг эхлүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулинд засгийн эрх ард түмний гарт байна гэж заасан. Шилжилтийн Засгийн газрыг ард түмний төлөөлөлтэй байгуулна” гэсэн юм.  Мөн Монгол УИХ нь сонгогч олон түмний өмнө хүлээсэн үүргээ умартан, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болсон гэж үзэн УИХ-ыг тараах арга хэмжээ зохион байгуулж, Шилжилтийн Засгийн газрыг байгуулах, УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах, Засгийн газрыг байгуулах хүртэл төр засгийн бүх удирдлагыг шилжилтийн Засгийн газарт олгох, Нийслэлийн удирдлагыг Улаанбаатар хотод тулгараад буй экологийн гамшгийг зогсоох хүсэл эрмэлзэлгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн үйл ажиллагааг нь зогсоож, удирдлагыг Шилжилтийн Засгийн газарт давхар хариуцуулах зэрэг алхмуудыг олон нийт, улс төрийн нам, нийгмийн баримжаатай ТББ-ууд болон иргэдийн идэвхийг өрнүүлэн зохион байгуулах болно” гэж дурджээ.

 

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө