Д.Мөнхцэцэг: Гадаадад хүүхдээ сургах гэж байгаа эцэг эхчүүд хүүхдийнхээ болон өөрсдийнхөө сэтгэл зүйг бэлдэх хэрэгтэй

Даяаршиж буй дэлхий ертөнц мэдээллийн эрин зууны хөгжилтэй хэмнэл зохицон сэтгэж, хөл нийлүүлэн алхахын тулд гадаад хэлийг сурах зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна. Энэ бүхнийг ухамсарлаж, зорилгоо тодорхойлж, гадаад хэл сурах хүсэл эрмэлзэлтэй олон залуус байгаа нь бахархууштай. Залуу хүнд зорилго үгүй бол ирээдүй үгүй гэсэн байдаг. Гэвч гадаад хэлийг хэрхэн, зөв, хурдан сурах вэ гэдэг асуудал бидний өмнө бэрхшээл хэвээр байсаар байгаа юм. Өнөөдрийн нийгэмд олон төрлийн сургалтын төв үйл ажиллагаа явуулж байна. Бас залуус хялбар аргаар хэл сурахыг эрмэлзэж байгааг нуух юун. Тиймээс гадаад хэлийг сурах арга барилын талаар “Topten” ОУ-ын төвийн захирал Д.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Баярлалаа танд болон нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе.

-Өнөөдөр олон төрлийн сургалтын төв үйл ажиллагаа явуулж байна. Бас залуус хурдан, хялбар аргаар хэл сурахыг эрмэлздэг болж. Тэгэхээр хэл сурах гэж байгаа залуус өнөөдөр юун дээр анхаарах ёстой вэ?

Хүний амьдралд гадаад хэлний мэдлэг зайлшгүй хэрэгтэй болсон. Гэвч бид хэлийг хэрхэн яаж сурах вэ гэдэг бэрхшээлтэй тулгарсаар байгаа. Өнөөдөр бид энэхүү бэрхшээлээс гарахын тулд гадаад хэл сурах зөв арга замаар явах  шаардлагатай байгаа юм. Гадаад хэл сурах ойлголт хүн хүнд өөр байдаг. Зарим нь дүрэм сайн судлах хэрэгтэй гэж боддог бол нөгөө хэсэг нь зөвхөн хар яриаг чухалчилдаг. Мөн гадаад багштай л бол сайн сурна гэх мэт олон янзын ойлголт байдаг. Хамгийн чухал нь хүн өөрөө зорилготой, идэвхтэй байх. Ихэнхи хүмүүс хэл судлаач ч юм уу, шинжээч болох гэж биш хэрэглээний дагуу гадаад хэл сурах хүсэлтэй байдаг болохоор бид аль болох тухайн хүний хэрэглээнд нь тулгуурлан гадаад хэлийг  заах нь зөв юм. Тиймээс бид олон жилийн туршлаган дээрээ тулгуурлан жил бүр сургалтаа шинэчилж хэрэглээний гадаад хэлийг заадаг. Мөн багшлах боловсон хүчинээ тогтвор суурьшилтай ажиллуулах нь амжилтыг нэг үндэс гэж ойлгож болно.

-Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдээ гадаад улс орон руу явуулж, хэл сургах сонирхолтой болсон байна. Энэ эцэг эхчүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?

Сүүлийн жилүүдэд манай эцэг эхчүүд хүүхдээ тухайн оронд нь сургах хүсэлтэй болоод байгаа. Манай төв ч гэсэн Хятад улсад хэлний бэлтгэлд ес дэх жилдээ суралцагчид явуулж, буух эзэн буцах хаяг нь болж байгаа бөгөөд  эхнээсээ улсдаа сайн мэргэжилтэн болж ирээд ажиллаж, амьдарч байгаа олон залуус байна. Энэ бүхэнтэй холбоотой нэг зөвлөгөө өгөхөд манай эцэг эхчүүд хүүхдээ явуулахдаа  төлбөрыг нь яаж олох тал дээр л санаагаа зовоогоод байхаас биш хүүхэд маань очоод хэрхэн суралцах бол, биеэ дааж, тууштай, зорилготой суралцахад нь яаж тус дэм болох вэ гэдгийг ердөө ч боддогүй. Харин ч өдөр бүр нялхартал нь утсаар ярьдаг. Тэрнээс болж уг хүүхэд маань тэсвэргүй, биеэ даах чадваргүй болж, бага зэрэг өвдөх, өлсөх эсвэл найз нөхөдтэйгээ түр тар хийх зэрэг багахан бэрхшээлийг давж чадахгүй буцах талаар бодож эхэлдэг. Үүний оронд зоригжуулж, зорилгыг нь сануулж, чадна гэсэн урам зориг өгөх хэрэгтэй.  Иимээс гадаадад хүүхдээ сургах гэж байгаа эцэг эхүүд эхнээс нь хүүхдийнхээ болон өөрсдийнхөө сэтгэл зүйг бэлдэж байх хэрэгтэй гэж хэлмээр байна.

-“Tоpten” сургалтын төвийг хүн бүр мэддэг. Үйл ажиллагаа явуулж эхлээд 10 гаруй жил болж байгаа. Танай сургалтын төв сүүлийн үед ямар үйлчилгээг шинээр нэвтрүүлж байна вэ?

Эцэг эхчүүд маань үр хүүхдээ багаас нь Англи, Орос, Хятад Япон, Герман гэх мэт гадаад хэлний сургалттай сургуульд суралцуулж, гадаад хэлний боловсрол эзэмшүүлэхийг зорьж байгаа нь сайн талтай. Гэвч гэрийн даалгаварыг нь хийлгэж чаддаггүйгээс үүдэн тухайн хүүхэд маань хичээлийн хоцрогдолд ордог. Үүнээс үүдэн хүүхэд цаашид суралцах ямар ч идэвхгүй болоод байна. Тиймээс бид гадаад хэл, математикийн хосолсон сургалттай “Өдөр өнжүүлэх” ажиллуулахаар бүртгэлээ эхэлсэн. Энэ нь сурагчдын чөлөөт цагийг зөв, үр дүнтэй өнгөрөөх, цаг зав муутай эцэг эхчүүдийн ачааллыг хөнгөлж өгч байгаа юм. “Өдөр өнжүүлэх”-ийг гадаад хэлний өндөр боловсролтой, хүүхэд бүртэй тулж, харилцах туршлагатай багш хамт олон удирдах бөгөөд мэргэжлийн тогоочийн хийсэн хоолтой, хичээлээ хийх анги танхимтай, амралт, тоглоомийн өрөөтэй тохилог орчинг бүрдүүлж чадсан байгаа.

-Хэл сурах хүсэл эрмэлзэлтэй ч санхүүгийн бэрхшээлтэй тулгараад сурч чаддаггүй олон хүн байна. Сургалтын төлбөр дээр танайх уян хатан хандаж байна уу?

“Ирээдүйн Босго” ТББ-тай хамтран нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлан бүх хүнд хүрч ажиллах зорилгын хүрээнд хэл сурахыг хүсдэг боловч санхүүгийн асуудалтай тулгарч буй хүмүүстээ зориулан нэг сарын үнэгүй сургалтт явуулахаар болсон. Энэхүү сургалтанд сууснаар та өөрийн сурахыг хүсч буй хэлээ сурахаас гадна түвшингээ ахиулах боломжтой юм. Мөн танд хэл сурахад бэрхшээлтэй зүйл байгаа бол бид зөвлөгөө өгөхөд бэлэн байна. Дашрамд дуулгахад манай төвөөс явуулж буй бас нэгэн шинэ үйлчилгээ бол цаг зав багатай хүмүүст зориулсан “V.I.P” сургалт юм. Энэ сургалтын онцлог давуу тал нь ангидаа 2 хүнтэй байх бөгөөд танхимийн хичээлийн төлбөрөөр суралцана. Тухайн хүний нас, сэтгэхүйн онцлогт тулгуурлан зөвхөн танд зориулсан сургалтын хөтөлбөр гаргаж, багш нар хүн бүртэй тулж хичээлээ заадгаараа давуу  байх болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө