Үлгэрийн ертөнцөөр аялуулах “Бамбуу” театрт зочлоорой

Х.ХАТАН

Багачуудыг үлгэрийн ертөнцөд оруулж хамтдаа жүжиглэж, дуулж, бүжиглэх боломжийг олгосон хамгийн отгон “Бамбуу“ театр анхны уран бүтээл “Гурван бяцхан тоорой” хүүхдийн жүжгээ бяцхан үзэгчиддээ зориулан тоглож эхэлжээ.

Монголын хамгийн анхны хүүхдийн бага театр тайз, үзэгчдийн суудал гэсэн уламжлалт байдлыг эвдсэнээрээ онцлог аж. Мөн жүжгийн үйл явц үзэгчдийн дунд өрнөж, хүүхдүүд гурван тооройтой хамт байшинг нь барьж, хамтдаа чононоос зугатаж, тэднийг нуугдахад тусалж, хамтдаа айж, инээж, дуулж, бүжиглэн үлгэрийн ертөнцөд шууд орж, нэг цагийг тунчиг сонирхолтой өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн байв. Тайз, орчин нь байгальд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц өвөрмөц, амьтдыг 3D байдлаар товойлгон хийсэн учраас тун сонирхолтой.

“Бүтээлч Бамбуу” ТББ-ын уран бүтээлчид Англи ардын үлгэрээс сэдэвлэн Сергей Михалковын жүжгэн хэлбэрт оруулсан хувилбараар шинэлэг, орчин үеийн хэлбэрээр тавьсан энэ бүтээлээрээ “Олны хүч оломгүй далай”, “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал”, “Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл”, “Эвт шаазгай буга барина” гэсэн сургаал үгээр дамжуулан аймхай хулчгар, залхуу хойргын эсрэг аливаад тууштай хөдөлмөрч хичээнгүй тусч байх, онгироо бардам байж болохгүй, олонтойгоо нийцтэй нөхөрсөг байх тухай өгүүлсэн сургамжит, хүмүүжлийн ач холбогдолтой жүжиг болжээ.

Продюсер А.Уянга, Монголын анхны хүүхдийн оролцоот жүжгийн найруулагч, СТА Б.Хишигзаяа, зураач Л.Цэрэндулам, хөгжмийн зохиолч СТА Б.Цацрал, хөдөлгөөний найруулагч СТА Ган-Очир, менежер Б.Гэрэл, хөгжмийн найруулгыг СТА Я.Батсайхан нар ажилласан “3 бяцхан тоорой” хүүхдийн жүжиг энэ сарыг дуустал зөвхөн бямба, ням гаригт 14:00 болон 16:00 цагаас, Blue Sky зүүн урд Чойжин Сүитс барилгын 203-тоотод  тоглох юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө