Эрх баригчдад өгсөн “F” үнэлгээ буюу Монголд дарсан хар тамга

Д.ОЮУНЧИМЭГ

Европын Холбоо оффшор бүсийн хар жагсаалтыг зарлажээ. Уг жагсаалтад Гватемала, Барбадос, Өмнөд Солонгос  зэрэг 17 орныг багтаасан байна. Мөн манай улс энэ жагсаалтын есдүгээрт бичигджээ. Чухам энэ нь сүүлийн өдрүүдэд багагүй асуудал үүсгээд байна.

 

ЕВРОПЫН ХОЛБОО ХАР, СААРАЛ, АЖИГЛАЛТЫН ЖАГСААЛТ ГАРГАСНЫ УЧИР

 

Европын Холбооноос хар, саарал, ажиглалтын жагсаалтыг гаргасан байна. Панамын баримт, Диваажингийн баримт ил болж компаниуд, хувь хүмүүс орлогоо нууж, татвараас бултдаг систем илэрсэн учир Европын Холбоо ийм арга хэмжээ авсан юм байна. Нөгөөтэйгүүр татварын бодлого нь хэр зэрэг нээлттэй байдаг, татварын хувь хэмжээ нь  ямар байгаа, бусад улс орноос татвараас нуугдах зорилгоор хөрөнгөө оруулах нөхцөл бүрдүүлсэн эсэхийг харгалзсан талаар Европын холбооны албаны эх сурвалж тайлбарлажээ.  Ингэхдээ татварын бодлогоо өөрчилж, Европын Холбооны стандартад нийцүүлэхээ амласан 47 улсыг  ажиглалтын жагсаалтад багтаасан байна. Мөн саарал жагсаалтад Хонгконг, Жерси, Бермудийн арал, Кейманы арал, Швейцарь, Турк оржээ. Харин манай улсын хамт хар жагсаалтад багтсан орнууд хамгийн түрүүнд Европын санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болно гэдгийг BBC агентлаг мэдээлжээ.

 

ХАР ЖАГСААЛТЫН ТАЛААР ЭДИЙН ЗАСАГЧИД ИНГЭЖ ХЭЛЖ БАЙНА

 

Энэхүү хар жагсаалтад  Монгол Улс багтсан сайн, муу ямар үр дүнд хүргэх вэ, аль эсвэл зүгээр үү. Яг ийм төрөл бүрийн тайлбарыг манайхан хэлж, ярьж байна. Юуны өмнө бид эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.  Эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхан “…Европын Холбооноос бүтээгдэхүүн татваргүй авах, гаргах гэрээ байдаг. Тэгэхээр эдийн засгийн харилцаа бүрхэг болно. Дээр нь Европын Холбооноос Монгол Улсыг дэмжиж буй санхүүгийн дэмжлэг ч эргэлзээтэй болно гэсэн үг. Энэ хар жагсаалтад орсноор Европын орнууд руу хийж байгаа мөнгө санхүүгийн гүйлгээг хянаж эхэлнэ. Нөгөөтэйгүүр мөнгө, санхүүгийн гүйлгээ хийхийн тулд урт хугацаа шаардах болно. Энэ нь цагтай уралдаж ажилладаг бизнесийнхэнд  тун хүнд дарамт үүснэ. Тиймээс хар жагсаалтаас яаралтай гарах хэрэгтэй” гэв.

Эдийн засагч Б.Лакшми “…Хар жаг­саалтад орж байгаа нь эдийн засгийн харилцаанд муу­гаар нөлөөлнө. Эдийн засаг болон бусад асуудлаар манай улстай харилцахдаа нухацтай бодож эхэлнэ. Мөн бусад улс орнууд аль болох Монгол Улстай харилцахгүй байхыг хичээнэ. Ингэснээр Европын Холбоотой харилцдаг компани, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулалтын харилцаа холбоонд эрсдэл үүсэх магадлал бий” гэсэн юм.

Мөн МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа “2016 оны арваннэгдүгээр сард “Moody’s” агентлаг Монгол Улсын Засгийн газарт удаа дараа төсвийн алдагдлыг бууруулах, өөрийн удирдлагыг сайжруулах талаар санал ирүүлж байсан. Тиймээс энэ удаагийн мэдээлэлд гоомой хандаж болохгүй. Тэгэхээр олон улсын стандартыг нэвтрүүлэхийн тулд зохих арга хэмжээг авах шаардлагатай. Ази, Европ тив дэлхийн худалдааны 60-70 хувийг эзэлж байгаа учраас жижиг асуудал мэтээр хандаж болохгүй” гэв.

 

САНГИЙН САЙД “…ЗҮГЭЭР Л АНХААРУУЛГА” ГЭВ ҮҮ?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Европын холбооны хар жагсаалтын талаар тайлбар мэдээлэл хийсэн юм. Тэрээр “…Энэ бол Монгол Улсыг оффшор бүс гэж зарлаагүй, татварын орчин ил тод биш гэсэн. Засгийн газрын дараагийн хуралдаан дээр дахиж ярих болно. Европын Холбооноос манай улсын аж ахуйн нэгж, арилжааны банк дахь гадаадын иргэдийн дансны мэдээлэл болон хуулгыг ил тод мэдээлж байх шаардлага тавьсан. Мөн Монголын аж ахуйн нэгжүүдэд хувь эзэмшиж байгаа болон ямар данс эзэмшиж байгаа мэдээллийг ил тод байх ёстой гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадаад иргэдийн татвар, арилжааны банкуудын дансны мэдээлэл ил байх, мэдээллийг нээлттэй солилцдог байх ёстой гэж үзэж байгаа юм. Тиймээс энэ шаардлагад нь нийцэж ажиллах учиртай. Мэдээж хар жагсаалтад орно гэдэг таатай зүйл биш. Гэхдээ Европын Холбоо руу гаргах экспорт болон гадаад худалдаанд эрсдэл үүсэхгүй. Энэ бол анхааруулга. 2019 онд багтаагаад хууль эрх зүйн орчноо сайжруулахад болно хэмээн бидэнд хэлсэн. Оффшор бүсэд орсон гэж ойлгож болохгүй. Мэдээллийн хувьд татварын орчин ил тод биш байна гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, мэдээллийг авахад төвөгтэй байгаа нь нэлээд анхаарал тавих шаардлагатайг харуулж байгаа гэсэн үг” гэв. Түүний хэлснээр бол “…Энэ зүгээр л анхааруулга” байж чадах уу?

 

“МОНГОЛ УЛС ОФФШОРЫН ЦӨӨРӨМ” БОЛСОН УУ

 

Олон улсын тоймч Ш.Гантулга бас энэ талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “…Монгол Улс оффшорын “Аюулгүйн цөөрөм” болсон тухай Оросын хэвлэл мэдээллээр шуугиж байна. Хэдийгээр 17 улсыг нэрлэсэн ч тэд зөвхөн манай улсыг онцолж байна. Манай улсаас асар их хэмжээний мөнгө гадаад руу гарч, сэжигтэй дансаар буцаж орж ирж байгаа нь хэрээс хэтэрсэн учраас хар дансанд орж байна. Ийнхүү хар дансанд бүртгэгдсэнээс үүдэн эдийн засгийн “цус” эргэлдэхээ болих юм. Эцэстээ, эдийн засаг сульдаж доройтсноор манай улс ямар ч ирээдүйгүй болсныг илтгэнэ. Цаашилбал, Монгол Улс гадаадын эзэмшилд орно гэсэн үг. Тэгэхээр нэн даруй арга хэмжээ авахгүй бол байдал улам хүндэрнэ. Оффшор бүс болсноор гэмт хэргийн бүлэглэлд автагдсан орнууд шиг болох бөгөөд үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хэрэг. Тиймээс энэ хүнд байдлаас гарахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэр гаргах ёстой. Олигархиудыг шүүх хэрэгт ажиллах мөрдөн байцаагчийг шууд томилох учиртай. Жишээлбэл, Хятадын ерөнхийлөгч Си Жиньпин “Барыг агнах хөтөлбөр” боловсруулан олгигархиудыг намнах хэрэгт манлайлж байна шүү дээ. Манай улсын хувьд ирээдүйд ангал руу унахгүй байхын тулд оффшор бүсэд данстай олигархиудад хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардах эрхтэй” гэсэн юм.

 

ОФФШОРЧДЫГ ХАМГААЛСАН ХУУЛИЙН ҮР ДҮН

 

Ер нь оффшор гэж юу юм бэ. Улстөрчид үүнийг байдаг л зүйл гэж олон нийтэд итгүүлэхийг хүсч байна. Учир нь УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, томоохон бизнесмэнүүд энэхүү оффшор гэгчтэй хутгалдчихсан юм.  Оффшорчдын жагсаалт Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд, Сангийн сайд асан С.Баярцогт, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл гээд цуварна.  Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга “…Оффшорчидтой тэмцэнэ. Хөрөнгийг нь улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж амласан. Гэвч одоог хүртэл олигтой үр дүн гараагүй байна. Хамгийн гол нь УИХ-аас Оффшорын тухай хуулийг батлахдаа алдартай оффшорчдоо хамгаалснаас өнөөдөр Европын Холбооны хар жагсаалтад багтсан байна. Үүнийг  судлаачид хэлж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсад ийм хар тамга даруулсан буруутан нь УИХ-ын гишүүд болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр оффшорчдыг өмгөөлөн хамгаалж, тэдэнд үйлчилсэн МАН-ынхан буюу эрх баригчдад өгсөн “F” үнэлгээ гэвэл зохино.

 

МОНГОЛ УЛС ХОЙД СОЛОНГОСТОЙ ЯГ АДИЛХАН ЧАГТАНД ОРООД БАЙНА

 

Манайхан их том оо. Бид нар бол… гээд л цээжээ дэлдэнэ. Энэ удаад Европын холбооны хар жагсаалтад багтчихаад алийгаа алдаж магадгүй болсон ч “Зүгээр л анхааруулга” гээд л занхайж байна. Хар жагсаалтад хамт багтсан Европын Холбооны Ази дахь хамгийн том түнш Өмнөд Солонгосыг хараад ингэж “сэвээд” байх шиг байна. Яг үнэндээ “…Таныг бол тэнгэр таална” гэдэг шиг Өмнөд Солонгосын хувь заяа биднийхээс тэс өөр юм. Тиймээс барьцах хэрэггүй. Тэр улс чинь авлигын хэргээр Ерөнхийлөгчөө хүртэл барьж аваад шоронд хийчихсэн. Дэлхийд нэртэй “Самсунг”-ийн захирлыг ч бариад хорьчихсон. Хамгийн сүүлд Тагнуулын экс даргаа барьсан байна лээ.

Харин бид Өмнөд Солонгосын мөнхийн өстөн, НҮБ-ын хориг тавигдаад байгаа Хойд Солонгосоос ялгараад байх юмгүй болсон байна. Өчигдөрхөн манай Хөдөлмөрийн сайд зурагтаар “…Хойд Солонгосын ажилчдын гэрээг цаашид сунгахгүй. НҮБ-аас хориг тавьсан” гэж мэдэгдсэн. Хөөрхий, Хойд Солонгосыг бусадтай нийлж буланд шахаж байгаа нь тэр. Гэтэл орой нь Европын Холбоо манай улсад “хар тамга” дарчихав. Ингэхээр Хойд Солонгос манайх хоёр яг адилхан, олон улсад чагттай болж байгаа юм. Бодит байдал энэ. Харин манай төр “…Зүгээр ээ” гээд суугаад байх уу. Аль эсвэл энэ хүнд байдлаас гарах гэж оролдох уу.

Юутай ч эрх баригчид маань “F” үнэлгээ авч, Монгол Улсдаа хар тамга даруулчихлаа. Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг харж л байя.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө