Цэнд гүнгийн нэрэмжит анхны  шагналыг академич Д.Цэрэнсодном хүртлээ

Ч.ОЛДОХ

Богд хаант Монгол Улсын гадаад яамны дэд сайд Цэнд гүн “Монголын нууц товчоо”-г хятад хэлнээс анхлан хөрвүүлсний 100 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал , академич Д.Цэрэнсодномд өчигдөр  хүртээлээ.  Монголын түүх, соёлын өв, уламжлал болон “Монголын нууц товчоо” судлалыг дэмжих, сурталчлах Бодлогот баатар “Цэнд гүн” ТББ-ын зөвлөлөөс ийнхүү шийдвэрлэсэн байна. Энэ үеэр Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ШУА-ийн Түүх-археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун  “Монголын нууц товчоо”-г хөрвүүлсний 100 жилийн ой гэдэг бол монголчууд түүнийг эх хэлээрээ уншиж эхэлсний 100 жилий ой юм. Дэлхийн олон орны нэрт эрдэмтэд “Монголын нууц точвоо”-г судалсан.  Тэр дотроос  түүх, соёл, зан заншил, нутгийн аялгуу  гээд маш олон талаас нь  судалсан дэлхийн болоод Монголын нэрт эрдэмтэн бол академич Д.Цэрэнсодном  юм.  Мөн “Монголын нууц товчоо”-ны үг хэллэг, утга найруулгыг алдагдуулахгүй байх, зөв байх,  түүх, соёлдоо хариуцлагатай хандах зэрэгт анхааран ажиллаж ирсэн хүн юм” хэмээн тэмдэглэв.

Цэнд гүнгийн нэрэмжит шагналыг цаашид Нууц товчоо судлалд үнэтэй хувь нэмрээ оруулсан, энэ  чиглэлд дорвитой судалгаа, шинжилгээ хийсэн эрдэмтэн, судлаачдад  хоёр жил тутамд нэг удаа  олгох юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө