Б.Мөнхдөл: Оюуны өмчөө борлуулан үндэсний брэндтэй болж болно

Ц.МЯГМАРБАЯР

Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжлийн талаар  зах зээл судлаач Б.Мөнхдөлтэй ярилцлаа.

 

Санхүүгийн зах зээ­лийг хөгжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Санхүүгийн хэрэг­цээний 90 хувийг банк,  банк бус санхүүгийн бай­гууллага хангаж байна. Тиймээс  санхүү­гийн зах зээлийг хөгжүүлэх хэрэг­тэй. Тухайлбал, хөрөн­гийн болон даатгалын зах зээл хөгжөөгүйг хүмүүс ойлгож хүлээн зөвшөөрч байна.

Нийгэмд хөрөнгийн зах зээл хөгжвөл арилжааны банкны салбар унана гэсэн ойлголт тархсан байна. Ер нь бусад салбар нь хөгжихөөр банкны салбар унана гэсэн ойлголт байдаг. Харин ч хамтдаа илүү хөгжих боломж нээгдэнэ.

Арилжааны зээлийн болон хувьцаа барьцаалах тухай хууль хэрэгтэй хэмээн ярьж байна?

– Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцож байгаа оролцогчыг хамгаалах тухайд хууль эрхзүйн  зохицуулалт бий. Харин арилжааг хамгаалсан хууль байхгүй. Тухайлбал, хоёр хүн хоорондоо мөнгө зээлжээ. Нэг нь төлөөгүй тохиолдолд хуулиар  шийдвэрлэхдээ хугацаа их шаарддаг. Мөн шүүхийн үйл явц нь удаан түүнчлэн арилжаа талаас нь биш хүнийг хохироосон талаас нь бодсон зохицуулалт давамгайлсан байдаг. Мэдээж иргэнээ хамгаалсан хууль байх ёстой. Гэхдээ арилжааг хамгаалсан, тэр дундаа хэн хэн ямар зорилгоор зээл авсан бэ гэдгээ илүү хамгаалах хэрэгтэй. Гэрээний таслал, зураас нь Монгол Улсын хуульд  хүчин төгөлдөр үү,  үгүй юу гэдэг талаас нь манай хуулийн байгууллага, шүүх хараад байна. Өөрөөр хэлбэл,  зээл гаргасан хүн нь хохироод авсан  нь хожих  хандлага заримдаа гардаг. Тэгэхээр арилжааны зээлийн хүүг шинэчлэх шаардлагатай. Хууль энэ хэвээрээ байх юм бол зээлийн эрсдэл өсөх болно.Тиймээс арилжааны банк  өндөр хүүтэй зээлийг зөвхөн найдвартай хүнд олгох хандлага бий болж байна.Банкууд барьцаа хөрөнгө шаардаад байгаа нь зээл авч байгаа  хүн зээлээ төлөх чадвартай эсэхийг баримтжуулж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр эрсдэл үүслээ гэхэд цаг хугацаа алддаг учраас хамгаалах арга нь өндөр хүү, зээлийн барьцаа.

Тэгэхээр найдваргүй зээлдэгч банкны шалгуур хангахгүй болохоор барьцаат зээлийн үйлчилгээг сонгохоос өөр аргагүй гэсэн үг үү?

– Ломбард, ББСБ, хадгаламж зээлийн хоршоо нь  нийгэм дэх санхүүгийн  зах зээлийн оролцогчид. Иймээс ломбардын үйлчилгээ үзүүлэх нь  буруу  гэсэн ойлголт байж болохгүй. Ломбард тодорхой хэмжээнд хэрэглэгчийн шаардлагыг хангаж байгаа. Ломбард санхүүгийн зах зээлийн эрүүл үзэгдэл. Харин төрөөс зохицуулах хэрэгтэй. Гэхдээ хааж, зогсоох биш бүртгэлжүүлж, зээлийн мэдээллийн санд мэдээллээ өгөх хэрэгтэй. Бүртгэлжүүлж эхэлбэл аяндаа ломбардууд эрүүлжиж зээлийн хүүгээ бууруулж эхлэх магадлалтай. Ер нь манайх шиг тогтворгүй эдийн засагтай оронд хүчээр зээлийн хүүг тогтооно гэдэг дарангуйлал гэсэн үг. Магадгүй зохицуулалт нь зөв эрүүл эдийн засаг, улс төрийн орчинтой бол зээлийн хүүг тогтоох тухай ярьж болох байх. Жишээлбэл Япон улс зээлийн хүүгээ тогтоосон. Харьцангүй тайван орон ч гэлээ сөрөг үр дагавар гарахыг үгүйсгэхгүй.

Санхүүгийн зах зээлийн эрсдлийг яаж  бууруулах вэ?

– Санхүүгийн зах зээлийн бүх тоглогчид хамтарч  ажиллавал илүү үр дүнтэй. Түүнчлэн хадгаламжийн хүү, бодлогын хүү буурахтай зэрэгцээд зээлийн хүү буурах тийм л зөв зохицуулалтыг хийх учиртай.

Хувьцааг  барьцаалах тухай  тодруулж ярина уу?

– Монголд энгийн, давуу эрхтэй хувьцааны тухай ойлголт голлодог. Гэтэл барууны орнуудад хувьцаа олон ангилалтай. Тухайлбал,  A,B,C гэж. Манайхан алтан хувьцаа гэж ярьдаг. Энэ нь хувьцааны нэг төрөл. Хэрэв орлого олох юм бол хамгийн түрүүнд “A” ангилалын хувьцаа эзэмшигчид нь мөнгөө эхэлж авдаг. Гэхдээ компанийн эзэмшлийг зөвхөн “B” төрлийн хувьцаа эзэмшигчид эзэмшдэг байх жишээтэй. Хөрөнгө оруулалт өндөр тохиолдолд ашгийн 50 хувийг авахыг хүсдэг. Гэтэл төсөл санаачлагч компанийнхаа эзэмшлийг алдахад хүрэх эрсдэл бас бий. Тэгэхээр патентаа алдахгүйн тулд өөр төрлийн хувьцаа өгөхөөр зохицуулж  болно. Өөрөөр хэлбэл, орлогоо хамгийн түрүүнд “A”төрлийн хувьцаа эзэшигчдэд өгнө гэсэн үг. Ялангуяа, гарааны бизнес эрхлэгчдэд илүү тохиромжтой санагдсан. Сайхан санаа байлаа ч шинэ бизнес учраас хувьцаа нь үнэ цэнэгүй. Их хэмжээний мөнгө хэрэгтэй. Гэтэл хувьцаагаа үнэлэх гэхээр компаниа алдах гээд байдаг. Үүнийг шийдэх арга олон төрлийн хувьцаатай болох явдал юм. Жишээлбэл, зөвхөн зээлдэгчдэд зориулсан хувьцаа байж болно. Өндөр хөгжсөн орнуудад гарааны бизнес илүү хэрэглэгддэг. Анхдагч хувьцаа эзэмшигчдээ өөр төрлийн хувьцаа өгөх,  өөрсдөө компанийн хувь эзэмшлийн, удирдлагын  хувьцаагаа эзэмшдэг. Үүгээрээ банкнаас барьцаалж зээл авч болдог тогтолцоо юм.

Хэрэв ийм ялгаатай байвал хөрөнгө оруулагч “А” төрлийн хувьцааг сонирхох байх?

-Оюуны өмчийг бизнес болгох талд манай залуус эрчтэй орж байна. Магадгүй ирээдүйд энэ чиглэлийн бизнес тэргүүлэх болов уу. Хөрөнгө оруулагчдаа сургах шаардлага гарна. Гэхдээ шинэ юм сурах мэтээр ойлгож болохгүй.  Олон улсад хэрэглэгддэг туршлага учраас богино хугацаа шаардана.  Хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулагч, санхүүжилт зэрэг аль аль талдаа сайн сурч боловсрох шаардлага бий.

Үйлдвэрлэгч орноос илүү оюуны өмчөөр баталгаажуулсан санааг бизнес болгох нь манайд илүү хөгжих юм шиг санагддаг?

-Тийм. Үйлдвэрлэл гэхээр хувцас, машин үйлдвэрлэх тухай ярьж байна. Манайх үйлдвэрлэгч орон болно гэдэг. Мэргэжилтэй ажиллах боловсон хүчин хомсдолтой учир гаднаас ажиллах хүч авах болно. Гэтэл манайхан үүнд дургүйцдэг. Манайх шиг ажиллах хүч багатай оронд үйлдвэрлэгч гэхээс илүүтэй дахин давтагдахгүй оюуны бүтээлүүдээ патентжуулж контент үйлдвэрлэх нь илүү зохимжтой гэж боддог. Америкт загварыг нь гаргаад Хятад улсад үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн байдаг шүү дээ.Түүний нэгэн адил бид оюуны өмчөө борлуулан үндэсний брэндтэй болж болно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө