Нийгмийн хамгаалал ба аж ахуйн нэгж хоорондын хамаарал

Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ

 

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдон “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Өнөөгийн нийгэмд зайлшгүй байх ёстой зүйл бол нийгмийн хамгаалал. Тэр дундаа нийгмийн даатгал нь зөвхөн хөдөлмөрлөж буй ажилтнаас гадна аж ахуйн нэгжүүдийн төлсөн шимтгэлээс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд, тэтгэвэр, ажилгүйдлийн даатгал нь дээрхээс оршин тогтдог. Тэгвэл аж ахуйн нэгж яагаад шимтгэл төлөх ёстой вэ гэдгийг нийгмийн хамгааллын тогтолцоо үүссэн үетэй холбон тайлбарлая.

Өмнөх дугаарт нийгмийн хамгаалал нь аж үйлдвэрийн хувьсгалын дараах капиталист нийгмийн шилжилтээс үүссэн гэдгийг дурьдсан билээ. Аж ахуйн нэгжийн шимтгэлийн орлого бүрдүүлэхэд оролцох болсон шалтгаан ч үүнтэй холбоотой.

Капиталист нийгэмд ажиллах хүчийг “бүтээгдэхүүн” гэж авч үздэг. Ажилтан, аж ахуйн нэгжийн эзэмшдэг тоног төхөөрөмж, түүхий эдийг ашиглан өөрийн “ажиллах хүч”-ээ худалдаж, цалин авдаг. Гэхдээ тэдний хоорондын хөдөлмөрийн харилцаа хэзээ ч эрх тэгш байдаггүй. Энэ үед бага цалин авах, бохир орчинд урт цагаар ажиллах зэрэг хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллах ажилчид өссөн учраас нийгмийн асуудал болтлоо хурцадсан юм. Мэдээж ажилчид өөрсдийн эрх ашгаа хамгаалах нэг хэлбэр нь үйлдвэрчний эвлэл байв. Тэд ажил олгогчдод хандан хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулахыг шаардаж, цаашдаа ажил олгогч, үйлдвэрчний эвлэл хамтран ажилчдад зориулсан эрүүл мэндийн даатгалыг бий болгосон аж. Ийнхүү нийгмийн даатгалын эхлэл тавигдсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, компаниуд цалингаас гадна ажилчдын эрүүл мэнд, тэтгэвэртээ гарсны дараах амьдралын баталгааг хангаснаар чадварлаг, шилдэг ажилчдыг ажиллуулна гэдгийг ойлгох болсон. Тиймээс ажилчдынхаа нийгмийн халамжийг сайжруулахад анхаарч эхэлсэн байна.

Өмнө нь ядуурлыг “бие даасан хувь хүн”-ий үйлдлээс шалтгаалан үүсдэг гэж үздэг байв. Түүнчлэн хувь хүний хариуцлагатай холбон тайлбарладаг байсан билээ. Харин энэ бүхэн хувь хүний хариуцлагаас давсан, нийгэм эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаалж байна гэсэн ойлголт нэмэгдэж, ажил олгогчдын хариуцлага болоод төрийн үүрэг чухлаар тавигдах болжээ. Эцэстээ, ажилчин, ажил олгогчын аль, аль нь шимтгэл төлж, өвчин зовлон, бэртэл гэмтэл, ажилгүйдэл зэрэг эрсдэлээс хамгаалах нийгмийн даатгалын тогтолцоо төрийн удирдлагын дор хөгжих болсон юм. Шимтгэлийн тодорхой хэсгийг ажил олгогч төлөх болсон нь үйлдвэрчний эвлэлийн шахалт байсан хэдий ч чадварлаг боловсон хүчин олох арга бол хувирсан байна. Нөгөөтэйгүүр, ажилчдад тулгарах эрсдэлийг ажил олгогч дангаар үүрэхээс илүү төрөөс нийгмийн даатгалын үйл ажиллагааг гардан хэрэгжүүлэх болсноор эрсдэлийг хуваалцах болсон юм. Түүнчлэн нийгмийн даатгалаар дамжуулж үйлдвэрлэлийн хүчийг нэмэгдүүлэх, улмаар хөгжлийг дэмжих шаардлагатай байсан нь гол шалтгаан байв. Тодруулбал, нийгмийн даатгал нь орчин үеийн төр оршин тогтноход зайлшгүй шаардлагатай бодлого байсан юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө