Д.Ухаанзаяа: Багш нарын чин сэтгэл, уйгагүй хөдөлмөрөөр бахархаж байна

Ч.ГАНТУЛГА

Нийслэлийн 55 дугаар тусгай сургуулийн хаалгаар ороход багачуудын цангинасан инээд биднийг угтлаа. Бусад хүүхдийн адил хөөрөн дэгдэж, сурах гэсэн гэгээн эрмэлзэл тэднээс мэдрэгдэж байв. Тус сургууль 40 жилийн түүхтэй. Энэ хугацаанд оюуны бэрхшээлтэй олон хүүхдэд эрдмийн түлхүүр атгуулжээ. Одоогоор 484 хүүхэд 90 багштайгаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ сургууль хүүхэд бүхэнд тохируулсан, ганцаарчилсан хичээлийн хөтөлбөртэй юм байна.

Нэг ангид 10 гаруй хүүхэд сурдаг бөгөөд жил ирэх тусам тус сургуульд хандах, оюуны бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх нэмэгдэж байгааг захирал Ч.Ганбилэг онцолж байв. Тэрээр “Бидний буруу хооллолт, зохисгүй хэрэглээ, агаарын бохирдлоос болж дауны хам шинжтэй буюу оюуны бэрхшээлтэй хүүхэд төрж байна. Одоогоор манай улсын хэмжээнд эдгээр хүүхдийн тухай баттай тоо болон нийгмийн асуудлыг нь зохицуулах байгууллага хараахан алга” гэсэн юм.

 

ХҮҮХДҮҮДЭД ГАРЫН БЭЛЭГ ГАРДУУЛАВ

“Нандин ирээдүй” ТББ-ын тэргүүн Х.Одмаа

“Нандин ирээдүй” ТББ-аас санаачилан сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, нэг өдрийг хамтдаа өнгөрөөж, хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан юм. Тус ТББ-ын тэргүүн Х.Одмаа “Манай байгууллага өрх толгойлсон эмэгтэйчүүд, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг.Бид гэр бүлд нь оюуны бэрхшээлтэй хүүхэд байхгүй бол эдгээр хүүхдийн тухай мэддэггүй. Тиймээс ямар нөхцөлд сурч боловсордог болон нийгмийн асуудал нь хэрхэн шийдэгддэг нь сонин. Бид эдгээр багачуудын тухай мэдээлэл байхгүй учир хүүхдүүддээ оюуны бэрхшээлтэй хүүхэдтэй таарвал хэрхэн харьцах тухай зааж, зөвлөж чадахгүй байна. Бидний хүүхэдтэй адилхан энэ хөөрхөн үрс гадуурхагдсан ертөнцөд битгий амьдраасай. Бид үргэлж сөрөг мэдээлэл сонсдог. Үүний оронд бие биедээ урам өгч, сайн сайхан зүйлд уриалдаг байя” гэв.  “Нандин ирээдүй” ТББ-аас гадна энэ үйл ажиллагааг “Цаглашгүй гэрэлт” төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяа болон бизнесмэн Б.Ганхөлөг дэмжиж, хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан юм. Бурхан урлаач Д.Ухаанзаяа “Манай байгууллага нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолой өргөдөг. Монгол түмнийхээ оюуны боловсролд хөрөнгө оруулж, гэгээрлийн лекцүүдийг уншдаг. Үүнээс гадна нийгмээс тусгаарлагдсан шорон болон эмзэг бүлгийнхэн, асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзаж байсан. Харин энэ удаад оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн 55 дугаар тусгай сургуулийн багш нарт урам өгч, багш байхын утга учрын тухай лекц уншлаа. Би энэ сургуулийн багш нарын чин сэтгэл, уйгагүй хөдөлмөрөөр бахархаж байна” гэсэн юм.

 

ТОГООЧ, ҮСЧИН, ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН БЭЛТГЭДЭГ

 

Бид тус сургуулийн нэгдүгээр ангийн дөрвөн бүлгээр орлоо. н.Урангоо багштай эхний ангид математикийн хичээл орж байхтай таарав. Энэ ангид ярих чадвартай хүүхэд ганцхан бий. Бусад нь зөвхөн авиа гаргадаг. Багш хүүхдүүдийн гар хурууг зүгшрүүлэхийн тулд дөрвөлжин, гурвалжин дүрсүүдийг зуруулж байв. Мөн биеэ даах чадварыг нь сайжруулах дасгал байнга хийлгэдэг гэнэ. Хүүхдүүд оюуны бэрхшээлээсээ болоод жижиг биетэй, сульдаа болжээ. Харин дараагийн ангид монгол хэлний хичээл орж байсан юм. Энэ ангийн хүүхдүүд бидэнтэй “Болжмор” шүлгийг уншиж, “Бөөр алаг бөмбөг” дуугаар мэндчилсэн. Тэд бэлэг өгөхөд баярлан хөөрч жижигхэн гараа даллан “баяртай” гэсээр үлдсэн юм. Үүнээс гадна тус сургууль зөвхөн суурь боловсрол олгоод зогсохгүй ахлах ангийнхандаа тогооч, үсчин, зочид буудлын үйлчилгээний ажилтан зэрэг мэргэжил олгох хичээл ордог юм байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө