Б.Түвдэнням: Тендерийн хуулийг өөрчлөх шаардлагатай

Д.ОЮУНЧИМЭГ

Энэ удаагийн “Бизнес хөгжил” буланд “Best shoes” компанийн захирал Б.Түвдэннямыг урьсан юм.

Аливаа улс оронд жишиг үйлдвэр байх ёстой. Тухайн үйлдвэр бусад жижиг үйлдвэрлэлээ татаад явдаг хэмээн ярьдаг хүмүүсийн нэг нь та. Ер нь манай улсад үндэсний үйлдвэрлэгчдэд ямар дэмжлэг дутагддаг вэ?

-Хөнгөн үйлдвэрийн салбарт хүн бүр эр­вийх дэр­вийхээрээ ажил­лаж байна. Зах зээл нь хавчигдмал үед үйлд­вэр­лэл явуулна гэдэг тийм ч амар зүйл биш. Мэдээж ирээ­дүйд гэрэл гэгээ байгаа учраас уйгагүй хөдөл­мөрлөж байгаа.

Бэрхшээлийг тоочоод байя гэвэл, мундахгүй л дээ. Хамгийн гол нь улсын хэмжээнд үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй гэж боддог. Миний хувьд үйлдвэрлэлийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа төрийн бодлогын алдаа нь энэ салбарыг хөгжих боломжийг боомилж байна гэж хардаг. Монголчуудын хувьд хийж чадахгүй зүйл огт алга. Өмнө нь зам барихын тулд хятад ажилчдыг илүүд үздэг байсан бол одоо монголчууд өөрсдөө хийж чаддаг гэдгээ харуулсан шүү дээ. Энэ мэтчилэн цаг хугацааны хувьд хөгжиж, хүмүүс нь чадавхижиж байгаа учраас ирээдүйд хөгжинө гэдэгт итгэдэг. Тиймээс төрийн бодлогоор дэмжин жишиг үйлдвэртэй болгох алхмыг хийгээсэй гэж боддог. Ингэснээр өрхийн болон жижиг, дунд, том үйлдвэрүүд зэрэгцээд хөгждөг. Жишээлбэл, Солонгосын үйлдвэрүүд яг энэ зарчмаар хөгжиж байна. Манай улсын хувьд бүх үйлдвэрүүд нь унасан. Гэхдээ эргээд сэргэж байгааг нь бас хэлэх хэрэгтэй. Хөнгөн үйлдвэрүүд олон ажлын байрыг бий болгодог. Түүнээс гадна манайх мал аж ахуйн орон. Бидэнд гутал хийх түүхий эд бий. Үүгээрээ эцсийн бүтээгдэхүүн хийх боломжтой. Өмнө нь ч хийж байсан туршлагатай шүү дээ. Түүнчлэн бид ундардаг баялаг бүтээдэг. Сүүлийн үед импортыг орлох, экспортыг нэмэх үйлдвэрлэл хэрэгтэй хэмээн хүмүүс ярих болж. Тэгэхээр үүнийг бодит хөрсөнд буулгах боломж нь хөнгөн үйлдвэрийн салбар. Үүнийг дагаад эдийн засаг тогтворжих боломжтой гэж хардаг.

Үйлдвэрлэл эрхлэхэд манай хөрс хэр зөв бэлтгэгдсэн бэ. Зарим хүмүүс төр оролцох хэрэгтэй гэх. Зарим нь огт оролцоогүй байх ёстой гэх юм. Таны бодлоор төрийн дэмжлэг, оролцоо ямар байх ёстой гэж бодож байна?

-Аль ч нам засаг барьж байх үед үйлдвэрлэлийг салбарыг хөгжүүлнэ гэдэг. Жил бүр жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа ч төрийн бодлого буруу байгаа учраас төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Жишээлбэл, арьс, ширний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор малчдад урамшуулал өгөх замаар дэмжсэн ч бүтэлтэй зүйл болоогүй гэдгийг цаг хугацаа харуулж байна. Үнэхээр үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлье гэвэл эцсийн үйлдвэрлэгчдийг дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл, гутлын үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд малчинд зарцуулах хөрөнгө болон төрийн бодлогын дэмжлэгийг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хандуулах хэрэгтэй гэсэн үг. Хэрэв үйлдвэрлэгчийг дэмжвэл түүнийг дагаад түүхий эд бэлтгэх тогтолцоо хөгжинө. Тодруулбал, арьсыг боловсруулах үйлдвэр тогтмол ажилтай болж ирнэ. Ингэснээр малчдаас байнгын худалдан авалт хийх замаар эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж ирнэ. Түүнчлэн малчид арьсаа өндөр үнэд хүргэхийн тулд малаа эрүүлжүүлэх зэрэг ажил эрчимжинэ гэж хардаг. Харин энэ гинжин урвалыг тасралтгүй эргэлдүүлэхийн тулд төрийн бодлого зөв байх ёстой. Сүүлийн үед төрийн худалдан авалтаар дэмжих тухай ярьж байгаа. Гэвч энэ нь тендер гэх нэрийн дор бодит хөрсөнд буухгүй байна.

Тендер зарласнаар төрийн худалдан авалтыг ил тод болгож, шударга зарчмаар ажиллах механизм гэж хардаг шүү дээ?

-Зүй нь тийм ч боловч учир дутагдал бий. Нэгэнт төрийн худалдан авалтаар дэмжих гэж байгаа бол тендерийн хуульдаа өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолмоор байна. Учир нь төрийн өмчит болон төрийн байгууллагууд тендер зарлаж худалдан авалт хийх ёстой гэдэг. Гэтэл тухайн зарласан тендерийн хугацаа хэт богино байгаагаас үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаа ашиглаж чадахгүй, багахан хэсэгт нь оролцож ирсэн. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага гутлын захиалгаа авах тендерийг гуравдугаар сард зарлана. Тендерийн хугацаа дуусахтай зэрэгцэн гутлаа авах хугацаа нь тулж байгаагаас шалтгаалан дөнгөж 20-30 мянган хос гутал үйлдвэрлэдэг. Хэдийгээр хүчин чадлаа бүрэн ашиглаж зорилтот зах зээлээ хангах боломжтой ч хугацааны хувьд шахуу байгаа нь үйлдвэрлэгчдэд хүндрэл учруулдаг. Энэ нь зөвхөн үйлдвэрлэгчдэд хамааралтай асуудал биш. Ханган нийлүүлэлт хийхээр хүлээж буй боловсруулах үйлдвэр, арьсаа нийлүүлэх малчдад ч хүртээлтэй зүйл. Хэрэв тухайн байгууллага нэг удаагийн тендерээр дор хаяж гурван жилийн хугацаатай худалдан авалт хийхээр болговол үйлдвэрлэгчид, боловсруулах үйлдвэр, малчид жилийн дөрвөн улиралд тасралтгүйгээр ажиллах боломж бүрдэнэ. Үүнийг зохицуулах төрийн бодлого хэрэгтэй байгаа юм.

Ер нь үйлдвэрлэгчид төрийн бодлого хэрэгтэй, дэмжлэг дутаж байна гэх юм. Өөрсдөөсөө шалтгаалах зүйлийг хийх боломж нээлттэй байгаа шүү дээ?

-Магадгүй тодорхой хэмжээгээр худалдан авалт хийж байгаа нь сайн хэрэг гэх байх. Гэхдээ энэ нь тогтвортойгоор үргэлжилж чадахгүй байгааг л хэлээд байгаа юм. Жишээлбэл, төрөөс зарлаж байгаа тендер гурван жилийн хугацаанд хүчинтэй байна гэж тооцъё. Энэ хугацаанд тухайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жилийн дөрвөн улиралд өөрийн хийх ажлаа хуваарилан ажилчдаа тогтмол ажлын байраар хангах боломжтой. Нөгөөтэйгүүр арьс боловсруулдаг компанидаа жилдээ ямар хэмжээтэй арьс худалдаж авах тооцоогоо гаргаад өгчихнө. Ингэснээр дээрх үйлдвэр малчдаас хэдий хэмжээний арьс авах, ямар чанартай арьсыг хэдэн төгрөгөөр авах зэрэг нь тодорхой болж ирнэ. Цаашилбал, малчин сайн чанарын арьс нийлүүлэхийн тулд малаа эрүүл байлгах, нядалгаа хийхдээ арьсаа гэмтээхгүй байх зэргээр олон давуу тал бий болно. Тасралтгүй ажиллаж байгаа үйлдвэрийн ажилчид илүү ур чадвартай, нарийн мэргэшиж, эцсийн бүтээгдэхүүний чанар ч сайн болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна үйлдвэр тогтмол орлоготой болсноор эргэлтийн хөрөнгөтэй болж зорилтот зах зээлд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ массын үйлдвэрийг хөгжүүлэх юм шүү дээ.

Сүүлийн жилүүдэд үндэсний томоохон үйлдвэрлэгчид жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих хандлагатай болжээ. Тухайлбал, танай компани дотоодын ямар компанитай хамтарч ажилладаг вэ. Гол худалдан авагчаа нэрлэвэл?

-Манайх төмөр замчдын гутлыг үйлдвэрлэдэг. Мөн Онцгой байдлын ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр”, “Багануур” компанийн гутлыг хийж байна. Манай үйлдвэрээс гутал авсан газрууд дахиж авахыг хүсч байгаагаа хэлдэг. Гэвч тендер зарлах зайлшгүй шаардлага тулгардаг нь хүндрэл учруулж байгаа юм. Хамгийн наад зах нь хугацаа алдаж байна. Жишээлбэл, “Эрдэнэт үйлдвэр” компани манай үйлдвэрийг дэмжин гутал авдаг болсон. Гэхдээ тус компани манайхаас дахиж гутал авахын тулд тендер зарлах болж байгаа юм. Бидний тухайд Монголдоо томоохонд тооцогдох цорын ганц гутлын үйлдвэр гэхэд хэн ч маргахгүй байх. Тиймээс зарим тохиолдолд давуу эрхтэйгээр тендерт оролцох эсвэл урт хугацаатайгаар хамтарч ажиллах боломж бүрдээсэй гэж боддог. Ингэхдээ зөвхөн манай үйлдвэр хөлжих гээд байгаа зүйл биш. Манай үйлдвэрт ханган нийлүүлэлт хийдэг бусад жижиг үйлдвэрүүдэд ч том хөшүүрэг болно. Ер нь төрийн өмчит үйлдвэрийн газрууд, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд худалдан авалт хийхдээ тендерт уягддаг байдлыг зогсоох хэрэгтэй гэж боддог. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрийг каластераар хөгжүүлэх алхам болохын зэрэгцээ олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох томоохон үйлдвэртэй болох боломж Монгол Улсад байна. Эцэст нь энэ бүхэн хэн нэгэн хүний өмч болно гэж өрөөсгөлөөр харж болохгүй. Учир нь үйлдвэрлэл хөгжсөнөөр ажлын байр олноор бий болно. Ажлын байр өсөх нь ард иргэдээ ажилтай, орлоготой байлгах зорилгоо биелүүлэх төрийн бодлого ажил хэрэг болох юм. Мэдээж татвар хэлбэрээр улсын төсөвт хөрөнгө төвлөрч нийгэм эдийн засгийн байдал олон улсын төвшинд өндрөөр үнэлэгдэх юм шүү дээ.

Ер нь төрийн санхүүжилтээр хэдий хэмжээний гутлын захиалга авах боломжтой вэ. Та судалж үзсэн үү?

-Миний тооцоолсноор шүүх, цагдаа, онцгой байдал зэрэг төрийн санхүүжилтээр 100 гаруй мянган хос гутлын тендер жил бүр зарладаг. Ингээд уул уурхайн компаниуд бас 100 гаруй мянган хос гутал худалдаж авах тендер зарлаж байна. Тэгэхээр жилдээ 200 гаруй мянган хос гутлыг зорилтот зах зээлд борлуулах боломжтой гэсэн үг. Энэ захиалгын 50-60 хувийг манай үйлдвэр хангах боломж бий. Хэрэв энэ боломжийг дотоодын компаниуд ашиглана гэвэл манайх шиг 2-3 үйлдвэр хөл дээрээ босох боломжтой. Энэ нь цаашлаад боловсруулах үйлдвэр, арьс нийлүүлэх малчдыг дэмжихээс гадна ажлын байрыг нэмэх, өрхийн тогтмол орлогыг баталгаажуулахад тэр ч бүү хэл татвараар эргээд улсын төсөвт хөрөнгө төвлөрөх нөхцөл бүрдэж байгаа юм. Харамсалтай нь өдийг хүртэл энэ боломжийг бодитоор ашиглаж чадахгүй байна.

Та гутлын үйлдвэрээ каластераар хөгжүүлэх төсөл боловсруулсан тухай ярьж байсан. Үүнийгээ холбогдох газруудад танилцуулсан уу?

-Тиймээ, манай үйлдвэрийг түшиглэн хэдэн үйлдвэр хөл дээрээ босох боломжтой вэ гэдэг судалгаа хийж төсөл боловсруулсан. Үүнийгээ салбарын сайддаа танилцуулж л байлаа. Гэхдээ төрийн залгамж халаа гэж огт алга. Засгийн газар нь тогтвортой ажиллахгүй байгаа нь дан ганц үйлдвэрлэл эрхлэгч, бизнесийнхэнд хүнд тусдаг юм биш. Нийт иргэдэд ч халгаатай байдаг. Миний боловсруулсан төслөөр хамгийн багадаа 5-6 боловсруулах үйлдвэр, мөн тооны жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэр эрхлэгч гээд олон ажлын байр нэмэх боломжтой. Мөн энэ хэрээр улсын төсөвт төвлөрөх орлого ч нэмэгдэнэ гэж харж байгаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө