“Ухаалаг төртэй болоход блокчейн технологи хэрэгтэй” гэв

Ц.МЯГМАРБАЯР

Монголын анхны криптовалют болохоор дуншиж буй “ Эгэрэг” 2018 онд гарснаар бэлэн  мөнгө хэрэглээнээс шахагдаж  уламжлалт бизнес загвар хэр эвдэгдэх бол мөнгө угаах ба далд эдийн засгийг хэрхэн хянаж зохицуулах ёстой вэ. Цахим мөнгө  криптовалют, блокчэйн найдвартай бөгөөд эрсдэлгүй технологи мөн үү, биткойн хөөс биш биз дээ зэрэг асуултад  хариулт хайсан, эргэлзсэн, сонирхсон эдийн засаг, бизнес санхүүгийн  1000 гаруй төлөөлөгч “Крипто үндэстэн” чуулганд цугларсан байв. Ард санхүүгийн нэгдлээс “Корпорейт конвеншн  центрт” арванхоёрдугаар сарын 2-нд зохион байгуулсан энэ чуулганд  криптовалютын хөгжил, цаашдын ирээдүйн талаар хэлэлцэж блокчэйн дээр тулгуурласан цахим засаглалтай болох боломжтой юу гэдэгт  эдийн засагч, банк санхүүгийн мэргэжилтэнүүд санал солилцсон юм.  Энэ үеэр “Ард санхүү” нэгдэлийн гүйцэтгэх захирал  Ч.Ганхуяг “Бидэнд блокчейн дээр суурилсан засаглалтай болох боломж бий. Өмнө нь цахим мөнгө бүгд цаанаа гаргасан байгууллагатай, очих эзэнтэй байсан. Криптовалютын нэг онцлог төвлөрсөн бус компьютерүүдийн сүлжээ буюу үүлэн дээр тогтдог гэдгээрээ онцлог. Энгийнээр хэлбэл, криптограф гэдэг нь маш өндөр хэмжээний тоо бодож байж  компьютерүүд хоорондоо холбогдон мэдээлэл солилцдог технологи юм. Мэдээллийн нууцлалыг шийдэхийн тулд АНУ-ын тагнуулын байгуулагууд  анх гаргасан гэдэг. Сүүлд энэ технологийг сонирхогч залуус Drak Veb-ээр дамжуулан төр засгийн эрх мэдэл, том байгууллагуудын төвлөрлийг сааруулах зорилгоор тэмцлийн хэлбэрээр гаргаж ирсэн юм болов уу гэж санагддаг. Бидний санхүүгийн мэдлэг, гүйлгээний дүн, зээлийн хэмжээ зэрэг нь банкуудын гүйлгээний сервер дээр хадгалагддаг.Блокчейн технологи блок, блокоор баталгаажиж байж зөвшөөрөгддөг” гэж ярьсан юм. Блок гэдэг нь санхүүгийн багц гүйлгээ юм. Нэг блок дүүрвэл дараагийн блок үүсч гинжин хэлхээс үүсдэг ажээ. Монголбанкны мөнгөний бодлогын хэлтснийн дарга Б.Түмэнцэнгэл “Орчин үеийн ихэнх мөнгө цахим хэлбэрт орсон. Монгол Улсын мөнгөний нийлүүлэлтийн долоон хувь нь нэгээс 20 мянган төгрөгийн дэвсгэртээр бэлнээр үлдсэн 93 хувь нь банкуудын компьютерт  хадгалагдаж буй тоон хэлбэрээр байдаг. Энэ зүй тогтол нь бүх улсад байдаг. Криптовалют цахим болон биет бус хэлбэрээр байдаг. Талуудын мэдээллийг дундын зуучлалгүй шууд солилцдог. Криптовалют эзэмшигч нь ямар ч банктай харьцах шаардлаггүй. Хүссэн үедээ хүссэн хүнтэйгээ шууд санхүүгийн гүйлгээ хийж болно. Төвлөрсөн бус системтэй буюу криптовалютыг ямар нэг улсын төв банк гаргадаггүй. Энэ гурван шинжийг агуулдаг суурь  технолгийг блокчейн гэдэг” гэв. Ухаалаг төрийг бий болгоход  блокчейн технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Дараа долоо хоногоос байнгын хороогоор цахим бизнесийн орчинг сайжруулах талаар хэлэлцэнэ гэж УИХ-ын дэд дарга  Л.Энх-Амгалан хэлсэн бол блокчейн хамгийн сайн хамгаалалтай  технологи болоод байна гэж эдийн засагч Б.Гантиг онцолж байв. Мөн эдийн засагч Б.Гэрэлмаа “ Криптовалют хөөс биш дөнгөж хөгжлийн эхний шатандаа явж байна. Үнэ цэнэгүй зүйлийг зохиомлоор үнэ цэнэтэй харагдуулах үйл явцыг хөөс гэдэг. Харин дэлхий даяр 300 сая хэрэглэгч криптовалютын арилжаанд оролцож байна. Тиймээс зохиомол зүйл биш. Биткойны үнэ савалгаатай  байгаа нь сервер нь ачаалалаа даахгүй байгаатай холбоотой гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө