Тойм: Тагнуулын дарга нээлттэй ярьж, “Диваажингийн баримтууд” оффшорчдын тоог нэмлээ

С.САРУУЛ
Энэ долоо хоногт улс төр, эдийн засгийн арвин үйл явдал өрнөлөө.Эрх баригч намын Их хурал дөрөв хоног үргэлжилсний эцэст удирдлагуудаа тодруулсан бол “Диваажингийн баримтууд” Монголын оффшор данстнуудын тоо нэмэгдэж байгааг зарлав. Түүнчлэн Тагнуулын байгууллагын дарга нээлттэй ярьсан нь олон нийтийн шүүмжлэл, эгдүүцлийг хүргэв.
Долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Оффшор данстнуудын тоо олширлоо


Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас зарласан “Диваажингийн баримтууд” Монголын оффшор данстнуудын тоо нэмэгдэж байгааг тодорхой болгов. Өнгөрсөн жил “Панамын баримт”-аар нэр нь ил болсон 49 дээр 16 хүн нэмэгджээ. Тухайлбал, “Петро-Матад”-ын Ж.Оюунгэрэл, “Адамас майнинг” компанийн эзэн З.Номундарь, Хятадын хөрөнгө оруулалттай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Мизү” компанийн захирал А.Бадрах нарын нэр байгаа юм. Мөн “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, УИХ-ын гишүүн С.Батболдын хүү Б.Баттүшиг, Бодь группын эзэмшигчид ч оффшороос ил боллоо.
Тагнуулын дарга асан Б.Хурц юу ярив

ТЕГ-ын дарга асан Б.Хурц БНСУ-д суух Элчин сайдаар томилогдох болсон ч УИХ-ын зарим гишүүд, тэрдундаа АН-ынхан түүний томилгоог эсэргүүцэн улс төрд акц үүсээд байгаа юм. Тэгвэл ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц /11.20/ “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ улстөрчидтэй холбоотой баримтыг ил болгов. Тэрээр “Нямка ах Эрдэнэтийн шахаагаар найман тэрбумыг хусдаг. 10 гаруй жилийн өмнөөс л Алтжингийн нөхөр түүнд 30 саяыг өгдөг байснаа хэлдэг.
Л.Болдын холбогдсон хэрэг 2013 оных. Намайг АТГ-т ажиллаж байхад Хойд Солонгосын хүмүүс ирж уулзаад Л.Болдоос 300 мянган ам.доллар авч өг гэсэн. Дашдэлэг генерал ч гэсэн 300 мянган ам.долларыг Л.Болд авсан гэж хэлсэн. Гэвч прокурорын шатандаа Л.Болдтой холбоотой хэрэг хэрэгсэхгүй болж замхарсан. Хойд Солонгосын Ерөнхий прокурорын газраас өгсөн тэр бичгийг би энэ оны зургадугаар сард АТГ-т өгсөн. Ц.Нямдорж энэ бичгийг мэдчихээд дарсан юм уу, би мэдэхгүй. Л.Болд бол өөрөөс нь болж хоёр хүн цаазлуулсан тухай ярихад “Хойд Солонгост өчнөөн л хүн цаазлуулдаг шүү дээ” гэж байна лээ. С.Зоригийн хэрэг дээр Ц.Нямдоржийг шалгах шаардлагатай. Наад хүн чинь гарын үсэггүйгээр хүний гараар могой бариулдаг. Би ч хүртэл хэлмэгдэж байсан.АПУ-ийн хувьчлал болоход хувьчлалын өмнөх 3-5 жилийн баримтууд алга болсон. Дамбадаржаад шатаасан байсан. Тэр хэрэг дарагдаад байхгүй болсон. Тэгэхэд Ц.Нямдорж сайд байсан.Эд нар С.Зоригийн хэргийн захиалагчийг 14 хоногийн дараа зарлаж чадахгүй. Гүйцэд шалгах ёстой. Энэ мөчид зарлавал хүн хэлмэгдэнэ.
Дамирангийн Энхбатыг хулгайлж авч ирсэн зүйл байхгүй. Түүнийг баривчилж авч ирсэн. Германы тал гаргаж өгсөн. Энэ улсын нууцаас гараагүй хэрэг учраас ярьж болохгүй.Төр намайг Элчин сайдаар яв гэсэн болохоос би өөрөө явна гээгүй. Төр намайг боль гэвэл би болино. Би ер нь төрөө хүндэлж амьдардаг. Ерөнхий сайд намайг өөр газар толгойгоо сэргээгээд, стрессгүй ажилла. Монголоо төлөөл гэсэн” гэв.
АЗХ-г С.Эрдэнэболд тэргүүлнэ


Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт /2017.11.22/ болж, тэргүүлэгчид С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар өрсөлдсөнөөр хамгийн өндөр санал авснаар С.Эрдэнэболд тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Санал хураалтад нийт 6000 гаруй гишүүн санал өгч, орон даяар явсан санал хураалтын дүнгээр 5293 оноогоор С.Эрдэнэболд олонхын санал авч, АЗХ-г удирдахаар боллоо.
Оффшор бүсэд 31 их наяд төгрөг байгаа гэв


“Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд” сэдэвт сургалт, хэлэлцүүлэгийн үеэр АНУ-ын Массачусетс мужийн Зүүн хойд их сургуулийн Криминалоги ба эрүүгийн гэмт хэрэг, эрүүгийн хуулийн профессор Никос Пассас, Швейцарийн Авлига ба зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагч байгууллагын ерөнхийлөгч, доктор Николас Жианнакопулос нар оффшор бүсэд байршсан Монголын хөрөнгийг хэрхэн татах тухай лекц уншлаа. Энэ үеэр АТГ-аас 17 тэрбум төгрөг оффшор бүст байдаг гэсэн тоо хэлдэг ч олон улсын байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн судалгаагаар 31 их наяд төгрөг магадлалтай гэсэн судалгаа гарчээ. Тиймээс мөнгөний эх үүсвэр нь хаанаас, хэн гэдэг хүний нэр дээр байна вэ гэдгийг АТГ шалгаж, тогтоох боломжтой юм байна. Түүнээс гадна оффшортой тэмцэхэд тухайн улсын иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн оролцоо, дэмжлэг чухал гэдгийг оролцогчид онцолсон юм.

МАН-ын даргаар У.Хүрэлсүх, генсекээр Д.Амарбаясгалан сонгогдов

   

МАН Их хурал дөрөв хоног үргэлжилж шинэ дарга болсон бол генсек Д.Амарбаясгалан улиран сонгогдов. МАН-ын даргыг сонгох санал хураалтад 21 аймаг 9 дүүргээс ирсэн 1383 төлөөлөгч оролцсон бөгөөд нийт саналын 63 хувийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх авч, МАН-ын дарга боллоо. Түүнтэй УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Хаянхярваа өрсөлдсөн юм.
МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаанд Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж намын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгов. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлсэн бол танхимаас намын гишүүн Б.Баярмагнайг нэр дэвшүүлжээ. Санал хураалтын дүнгээр Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Бага хурлын гишүүдийн 74.5 хувийн саналаар Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдлоо. Мө намын 28-р Их хурал, Бага хурлааар намын дүрмээ шинэчлэн, намын дарга, Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр сонгоод байна.
Ерөнхийлөгч цаазын ял санал болгов


“Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” хэлэлцүүлэг Төрийн ордонд болов. Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь балмадаар хөнөөсөн аллагад өршөөл үзүүлэхгүй” гэдгээ мэдэгдлээ. Мөн төрийн тэргүүн бага насны хүүхдийг хүчирхийлж, тарчлааж алсан гэмт хэрэгт цаазын ялыг сэргээх саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлжээ. Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн байдал, нөхцөлийг тодорхойлж нэгтгэн дүгнэснээр шаардлагатай эрхзүйн орчинг өөрчлөх боломжийг судлах. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг гаргаж ирэх, ажлын уялдаа холбоо сайжрах, Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж хамтран ажилласнаар хүүхдийн эсрэг гэмт хэргийг дорвитой бууруулах гарц шийдлийг олох зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзжээ.
Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө